Зууны манлай эстрадын дуучин, рок попын Дива хатагтай, Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм алдрын эзэн болох дуучин Б.Сарантуяа энэ сарын 20-нд төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн. Өдгөө 42 нас хүрч буй поп хатагтай уламжлал ёсоор уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн бөгөөд рок попын ододтой цуг томоохон үдэшлэг хийжээ. Урлагийн тайзнаа амьдарсан 27 жилийнхээ фото түүхийг харуулсан “Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэй үзэсгэлэн гаргасан тэрбээр төрсөн өдрийн баяраа ч онцлог ихтэй тэмдэглэхийг хүссэн гэдэг.
Түүний төрсөн өдрийн баярт рок попын бүсгүйчүүд хэрэндээ л гоёж очсон бөгөөд тус бүр чин сэтгэлийн үгээ дайсан чамин бэлгийг гардуулж өгчээ. “Хайрын бурхан” нэртэй төрсөн өдрийн тоглолтоороо Б.Сарантуяа олны сэтгэлд хоногшсон хуучны дуунуудаар бэлэг барьсан бол, рок попынхон түүний үдэшлэгт өөрсдийн ая дуугаар сюрприз барихаар эртнээс зэхсэн гэдэг. Ямартай ч, монголын рок попын урлагт өөрийн орон зайг бий болгож чадсан эрхэм гавьяат маань энэ үдэш хамгийн ихээр догдолж, баяр бахархлыг мэдэрч байгаагаа сэтгэл догдлон өгүүлж зогссон гэнэ лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )