Хүүгийнхээ ертөнцөд амьдарсан минь (эхний хэсэг)

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Шинэ жилийн дараахан хүү Золбаяр намайг, ээжийгээ Кампучид ирэхийг урилаа. Зүүн Өмнөд Азийн 3 оронд бидэнтэй аялахаар тэрээр төлөвлөсөн байв. Мэдээж төсвийн цалинтай багшийн сэтгэлгээгээр би хандаж, нилээд хэд хоног бодлоо. Гэтэл хүү Жавхлан бидний зардлыг өгөхөөр болж миний шийдвэрт нөлөөлсөн юм. Бид шинэ хүн мэндлэхийг хүлээж байсан болохоор аялал хойшилж 4-р сар гаргахаас өөр аргагүй байлаа. Гадаад орон руу бишгүй л явж байсан болохоор онгоцондоо ч сууж Бээжинд үдлэн маргааш нь Лаосын нийслэл Вьентьянд буулаа.

Миний хүүгийн аялалд энэ олон жилийн туршид хамгийн их мэдрэмжтэй хандсан, залуучуудынхаа сайн үйлсийг дэмжих шийдвэр төгс байдгаа олон талаар нотлон харуулж буй шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг аяллыг нь ивээлдээ авсан нь манай гэр бүлийнхэн төдийгүй Золбаярыг дэмждэг олон мянган залуучуудыг баярлуулан зоригжуулсан гэдэгт би итгэлтэй байдаг юм. Вьентьяны нисэх буудал дээр Элчин сайдын яамныхан биднийг тоссон нь үүнтэй бас холбоотой байсан бизээ.

IMG_0447

Гэвч маргаашнаас нь эхлэн чөлөөт аялагчдын ер бусын амьдрал руу орж байгаагаа сайтар мэдэрч эхэлсэн юм. Халуун цаг агаар, учир нь олдохгүй шинэ хоол унд, байнгын тасралтгүй хөдөлгөөн нь мань мэтийн тайван амьдралтай хүмүүст шууд л нөлөөлдөг юм билээ. 2-3 хоног дасан зохицох гэж хир байдгаараа чармайлаа. Нутгийн сэрүүн сайхан агаар, өөрийн гараар бэлтгэсэн хоол, дасаж сурсан их сургуулийн танхим нилээн бодогдсоныг хэлэх үү. Энэ байтугай халуун Африкийн цөлд олон жилээр бэдрэн явсан хүүгээ бодож өөрийгөө зоригжуулж байв. Хүн гэдэг амьтан өөртөө зорилго тавьж, түүнийхээ төлөө, махран зүтгэвээс болохгүй бүтэхгүй зүйл үгүй гэсэн хүүгийн минь номын үгс хичнээн үнэн болохын гэрч нь би өөрөө болов оо.

Удалгүй байдал өөр болж, шинэ мэдрэмж дараа дараалан төрж, хэдэн цаг болж байгаа, хэдний өдөр билээ гэдгээ ч мэддэггүй, сонирхдоггүй санаа амар, ер бусын этгээд тайван хүн болж хувирав…

IMG_1764

Хүүгээ өдөр тутам тэмдэглэл бичиж интернэтэд оруулсангүй гэж зэмлэх гэдэг би гэдэг хүн огтхон ч амжилгүй явсаар байгаад 12 хоногийн дараа л үзэг цаас нийлүүлж сууна. Хүүхдийн бүрэн халамжинд явааг хэлэх үү, насаараа бичиг цаас оролдсоныг хэлэх үү, аяллын явцад тэмдэглэл бичнэ гэдэг тийм ч амаргүйг сая л ойлгож эхэллээ. Бодит амьдралыг жинхэнээр нь харуулах гэж очсон газар болгондоо фото зураг дарж гүйх хүүгээ сүүдэр газар тэс хүйтэн шар айраг уун суухдаа сонирхон харж, сонин хувь тавинлантай хүүгээ нэг талаар бахархаж, нөгөө талаар өрөвдөн хайрлаж суулаа. Аялал нь хүнд өнгөрснөө тунгаан бодох их бололцоог өгдөг аж. Аялал жуулчлал бол нэг хэсэг хүний хувьд мэдээж амралт зугааны хэрэг байж болох. Хоёрдогч хүмүүсийн хувьд энэ бол танин мэдэхүй, амьдралын утга учрыг ойлгож мэдэх, гэгээрэх үйл явц мөн аж. Гуравдах хэсгийн хувьд хаагдмал байсан эх орноо гадаад ертөнцөд таниулах, эх орныхоо алтан соёмбот тугийг дэлхийн өнцөг бүрт мандуулах, ертөнцийн хүмүүсийн амьдралыг монгол хүний нүдээр харж, монгол сэтгэлгээгээр шүүж, нэг үгээр, бусдыг гэгээрүүлэх ариун зорилтыг хэрэгжүүлдэг байна. Миний хүүгийн хувьд гэвэл баян тансагаар амарч зугаацах биш (тийм боломж бидэнд яаж байхав дээ), харин эх орноо сурталчлах, таньж мэдэх, сурсан мэдсэнээ үе тэнгийнхэнтэйгээ хуваалцах гэгээн зорилтыг тавьсан гэдэгтэй олон хүн санаа нийлэх бизээ.

IMG_0731

Эрин цаг үеэ хүмүүс мэдээж янз бүрээр л дүгнэж ойлгодог. Социализмын жаран, Зөвлөлт, Монголын сайн харилцааны нөхцөлд амьдралын ихэнх үеэ өнгөрөөж, мөн л сайн сайхныг нь мэдэрч өссөний хувьд бидний түүхийн тэр зурвас үеийг түүхч хүний хувьд ялгаагүй л одоо цагтайгаа адил хүндэтгэж явдаг боловч нэг бодол байнга төрдөг юм. 21 насандаа их сургуульд лекц уншиж эхэлсэн багш хүн гэхэд найрамдалт ЗХУ-д очих, хил давж үзэх юмсан гэсэн хүсэл мөрөөдлөө 9 жил тээж байж л сая хил гарч уртаар амьсгалж байснаа би яахин мартахав. Гэтэл өнөөдөр жирийн багш сүүлийн 10 жил Америкт 7 удаа зорчиж, эгэл сэхээтний хүү үүргэвч үүрэн дэлхийн 80 орчим орноор туучиж байгаа нь агуу түүх уламжлалтай Монгол эх орны минь хөгжлийн шинэ цаг үеийг өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэлийг төрүүлэх нь аргагүй бизээ.

Дэлхийн хөгжлийн жолоон дээр хоёр зууны турш залуурдаж, агуу их Хятад улс, хүчирхэг Орос орныг эмхлэн нэгтгэхэд үүргээ гүйцэтгэж асан Монголчуудын хойч үеийнхний дотроос хоёр мянганы зааг үеэр: 35 боть номын буяны эзэн, олимпийн алтан медальт, тив, дэлхийн аврагууд, Майкрософтын тэргүүлэх мэргэжилтэн, олон улсын Эйнштейны шагналтан, дэлхийн дуурийн хатан хаан, дэлхийн туйлыг эзэгнэн судлаачид, шатрын их мастер, Гималай, Эверестийг номхотгогч, “”Авьяаслаг Британчууд”-ын тугчин, тив дэлхийн мисс, моделууд гээд гайхамшигт амжилтын эзэд олноор төрөн гарсан нь үнэхээрийн бахархалтай бөгөөд шинэ цагийн өнгө төрх гэлтэй.

Дэлхийг тойрон аялагч гэсэн өвөрмөц, сонирхолтой нэр алдрыг жирийн багшийн хүү байлдан олсон нь бас л шинэ цаг үеийн сайн үйлсийн нэг юм. Мөнгө бүтээж, амьдралаа элбэг дэлбэг болгоогүй ч залуу цагийн эрч хүч оргилсон олон жилээ нийгэмд тустай ажилд зориулахаар шийдсэн хүүгээ эгэл сэхээтний гэр бүл дэмжсэн юм. Аялалд даруухнаар чимээгүйхэн бэлтгэх зуураа миний хүү залуусын сэтгэл зүйг шинэчлэх үйлсэд зүтгэж, эх орондоо электро хэмээх хөгжмийн шинэ урсгалыг дэлгэрүүлсэн нь одоо дийлэнх олон клубүүдэд залуусын сэтгэл зүрхийг уяруулан уянгалах болжээ.

Их дэлгүүрийн өмнөх Биттльзийн хөшөөг тойрон хүмүүс янз янзаар л ярьдаг. Гэтэл бид, далаад оныхон энэ хөгжмийг ихэвчлэн BEF транзитор хүлээн авагчаар амтархан сонсож, ирээдүйн тухай мөрөөдлөө бий болгож, сэтгэл санаагаа уужруулан, гэгээрүүлж байсан юм. Энэ хөгжим нь шинэ цаг үеийн хүчирхэг уриа дуудлага мөн байлаа. Дал, наяад оныхон энэхүү хөшөөний дэргэдүүр өнгөрөхдөө залуу цагаа дурсаж, хүндэтгэлээ чимээгүйхэн илэрхийлээд өнгөрдгийг залуус ойлгодог байх хэрэгтэй. Даян дэлхийн залуусын сэтгэл санааг нэгэнт эзэмдсэн транс хэмээх шинэ урсгалыг Монголд нутагшуулсан гол хүн нь миний хүү мөн гэдгийг шинэ мянганыхан мартахгүй байгаасай гэж би хүсдэг. Хөгжмийн энэ агуу ая хүүг минь алсын аялалд хөглөсөн гэж бодогддог.

Аяллын 1-р үе шат – эхний 70 орныг туулах үнэхээрийн хүнд бэрх, амь өрссөн, хүний зориг тэвчээр, ухааны дээдийг шалгасан билээ. Монголын түүхэнд төдийгүй дэлхийн аялал жуулчлалын түүхэнд хожим тэмдэглэгдэн үлдэх энэ том төслийг төр засаг, аль нэгэн бизнесийнхэн, судалгааны байгууллага дэмжээгүй юм. Ганц дайчин ганцаардахгүй гэдэг л болов. Монголын нэг гэр бүл дэлхийн хэмжээний энэ үйлсийг хэрэгжүүлсэн гэж бодохоор монголчууд бидэнд хөгжлийн ямар их чадвар бололцоо байна гэж хожим нь би бодсон.

Олон хилийн визний зовлонг биеэрээ амсаж, монголчууд дэвэн дэлхийгээр явдаг зорчдог гэдгийг танин мэдүүлэв. Европын өндөр үнэ, Дундад Азийн дайн тулаан, Африкийн иргэний дайн, бослогууд, өлсгөлөн нөмөрсөн бүсүүд, нэг улсын цэрэг, цагдаа хоёрын тулааны орчин, дээрэмчид, хулгайчдын бүлгүүдтэй учраа ололцох, аагим халуун нар, ган, аадар бороо, нүүр нүд ил гаргах аргагүй элсэн шуурга, түгшүүртэй бүс нутгийг монгол залуугийн эр зоригоор, арга ухаанаар туулав. Хамгийн аймшигтай ганцаардлын зовлон бэрхшээлийг 4 жил хагас туулсан нь тэсвэр тэвчээрийн том шалгуур байв.

Дэлхийн ард түмнүүд, янз бүрийн орны янз бүрийн хэлээр ярьдаг олон мянган найз нөхөд нь аяллын хүнд үед миний хүүд анхаарал туслалцаа үзүүлж, Золбаяр ч тэдний итгэлтэй монгол анд нь болж чадсан. Монголын хүү энэ хугацаанд дэлхийн хүү болсон юм. Агуу дуулиант Марко Пологийн аялснаас 5 дахин их замыг туулсан нь Монголын түүхэнд урьд хожид гарч байгаагүй содон үйл явдал байв.

Америкийн Нэгдсэн улсад 6 сар аялсан их аяны 2-р үе нь бүр гайхамшигтай байв. Америкийг хөндлөн гулд сүлжсэн энэ аяллын хэмжээ дамжаа монгол аялагчдын түүхэнд давтагдашгүй юм. Америкт ажиллаж сурч, амьдардаг эх орон нэгтнүүд хүүд минь их туслаж дэмжсэнд би баярлаж явдаг. Хүү маань ч төр, засгийнхаа эх орондоо ирэх урилгыг Америкт байгаа монголчууддаа биечлэн дамжуулж, эх орныхоо хөгжлийн төлөвийг ярьж таниулах өргөн ажил хийсэн юм.

Судлах, бичих, үзсэн дуулснаа олны хүртээл болгох гэгээнлиг зорилтыг миний хүү хослуулан хэрэгжүүлж ирсэнд би тун сэтгэл хангалуун байдаг. Дэлхийн өнцөг бүрээс, хамгийн халуун цэгүүдээс бичиж интернэтэд, гадаад дотоодын сонин хэвлэлд бичсэн 600 гаруй тэмдэглэл, сурвалжлага нь сэтгүүл зүйн салбарт давтагдашгүй томоохон амжилт болсон бөгөөд анд нөхөд нь НҮБ-ын сэтгүүлчийн үнэмлэх гардуулж, 3 номонд нь Монголын сэтгүүлчдийн байгууллага “Ган үзэгтэн” шагналаа өгсөнд хүүгийн минь ер бусын хөдөлмөрийг үнэллээ, зоригжууллаа гэж би баярласан юм. Гэвч бүх зүйл сайхнаар байгаагүйг хэлэх нь миний үүрэг. Гадаад ертөнцөд 5 жил ажилласан, судалсан, бичсэн ард түмний Элчин консулыг манай гадаад яамны үе үеийн түшмэлүүд ганц ч удаа болов хүлээн авч үгийг нь сонсоогүйд дургүйцэж явдгаа, бүр аялал жуулчлал хариуцсан сайд, түшмэлүүд дэлхийн хэмжээний давтагдашгүй сонин аялал хийсэн хүүг минь хүлээж аваад амжилт хүсч, санаа оноог нь сонсох наад захын ухаан байхгүй байсанд гайхширч явдгаа хэлэхээс өөр арга алгадаа. Бөхчүүд, тамирчид, дуучдаа дэмжиж урамшуулдаг сайхан уламжлалаа явцууруулалгүй бусад олон салбарт рекорд амжилт гаргаж буй залуучуудаа дэмжин тордох ухаалаг бодлого ч манайд үгүйлэгдсээр л байна.

Зүүн Өмнөд Азид хийж буй хүүгийн энэ удаагийн аялал нь энэ бүс нутгийн хөгжлийн нууцыг таньж мэдэх, ялангуяа аялал жуулчлалын агуу их боломжийг судлах зорилго тавьж байгаа юм. Энэ зорилгоо ч амжилттай биелүүлнэ гэдэгт би гүнээ итгэж байна.

Хүүг минь үдэж дэлхий даяар мандуулах Монголын төрийн далбааг итгэж гардуулсан Шинэчлэлийн Засгийн газрын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний командынханд баярлаж байгаагаа илэрхийлэе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

(Үргэжилэл бий)

Профессор Цэен-Норовын ЖАМБАЛСҮРЭН.

Тайланд улс, уулын Пай тосгон. 2013.04.20

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юмжав(122.201.18.204) 2025 оны 03 сарын 13

Увсынхан

1  |  0
Top