Монгол улс эмэгтэй Ерөнхийлөгчийн эрэлд

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

Манай улс  жен­дэрийн мэдрэмжтэй орны тоонд зүй ёсоор багтаад байгаа. Өмнөх парламентад гурван эмэгтэй гишүүн байсан бол өдгөө 11 болж нэмэгдсэн.

Харин дэлхийн хэмжээнд эмэг­тэй төрийн тэргүүн болон Ерөнхий сайдын тоо 1960 онд гурав байсан бол 2013 онд 17 болж нэмэгджээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сай­даар эмэгтэйчүүдийг сон­госон БНСУ, Малави, АНУ, Австрали зэрэг нь өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны тоонд зүй ёсоор багтаж буй. Манай улсын ард түмэн ч дэлхийн энэхүү жишгийг дагаж эмэгтэй улстөрчдийг төрд олноор илгээх талаар нэлээд сайшаалтай хандаж байгаа.

Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуульд эмэг­тэй хүн нэр дэвшвэл дэмжих эсэх талаар зарим эмэгтэй улстөрчдийн байр суурийг сонирхлоо.

ЭБЭХ-ний дэд сайд асан Ц.Гарамжав: Эмэгтэй хүн үр хүүхдээ ялгаварлаж өсгөдөггүй шиг ард түмнээ ялгаж харьцдаггүй

Дэлхий даяар эмэгтэй­чүү­дийн улстөрийн идэвх сэргэлээ. Тухайлбал БНСУ-ын Ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн сонгогдлоо.

Энэ нь ард түмэн улстөрд эмэгтэйчүүдийг сонгох болсны нэг илрэл. Эмэгтэй хүн нарийн нандин ухаанаар  амьдралд шударгаар ханддаг. Үр хүүхдээ ялгаварлаж өсгөдөггүй шигээ улс эх орон, ард түмнийхээ төлөө эхийн ариун сэтгэлээр хандаж чаддаг.  Тэр ч үүднээс эмэгтэй хүн Ерөнхийлөгчөөр сонгогдвол амьдралын нар­ийн нан­дин асуудлыг сор­гогоор мэдэрч чадах болов уу гэж найддаг. Ямартай ч эмэгтэй хүн уян хатан ухаантай тул муу муухай, буруу зүйлийг хийх сэтгэл байдаггүй.

ХХААХҮ-ийн дэд сайд асан Ж.Сауле: Ц.Элбэгдорж манай улс хэзээ нэгэн цагт эмэгтэй Ерөнхийлөгчтэй болно гэж хэлсэн

Эмэгтэй хүн Ерөнхий­лөгчид нэр дэвшвэл дэмжинэ. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эмэгтэйчүүд  хахууль авдаг гэж бодохгүй байна, эмэгтэйчүүд аливаа асуудалд туульширдаггүй зүтгэдэг” хэмээн хэлсэн байдаг. Мөн манай улс хэзээ нэгэн цагт эмэгтэй Ерөнхий­лөгчтэй болно гэд­гийг  өөр­ийн биеэр хэл­­сэн шүү дээ.

 Үнэх­ээр эмэгтэй хүн төрд сонгогдсоноор ард түмний хөгжил, цэцэглэлтийн төлөө тууштай хөдөлмөрлөж чаддаг. Мөн нийгмийн бүхий л асуудалд чин сэтгэлээсээ ханддаг гэж боддог. Тэр ч үүднээс эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдвол  Монгол Улсын өнөөгийн байдал дээшлэхээс биш уруудахгүй гэдэгт итгэл төгс явдаг. Ардчилсан Монгол орон битгий хэл алчууртай Арабчууд хүртэл эмэгтэйчүүдийг хүлээн зөв­шөөрч байна. 90 жилийн түүхтэй МАН-ын эрчүүд  үүнийг сайтар ухамсарлах хэрэгтэй.    

УИХ-ын гишүүн асан Б.Долгор: Эв нэгдэл, үндэсний аюулгүй байдалд эмэгтэйчүүд илүү соргог ханддаг

Манай улсад эмэгтэй Ерөнхийлөгч хэрэгтэй. Улстөрийн өндөр албан тушаалд эмэгтэй, эрэг­тэйчүүдийн жендэрийн асуу­дал нэлээд чухал байдаг. Тэр ч үүднээс улс орны эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын асуудалд эмэгтэй хүн илүү соргог ханддаг. Тиймээс эмэгтэй хүн нэр дэвшээд сонгогдвол энэ талаар маш том өөрчлөлтийг авч ирнэ гэж бодож байгаа. Ер нь улс орны хөгжлийн томоохон асуудлуудад соргог, мэдрэмжтэй ажилладаг хү­мүүс бол эмэгтэйчүүд шүү дээ. Мөн улстөрийн том том бодлогыг ард түмэндээ чиглүүлэхэд ч эмэгтэй хүний сэтгэл, ухаан нэлээд чухал үүрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top