Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга 1979 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төржээ. Ээжийнхээ хажууд суугаа энэ жаахан шар охин зургаан настайдаа сургуульд орсон бөгөөд зурагт, радиогийн урд зогсчихоод л солгой хоолойгоор дуулж өгдөг байсан гэх. Том болоод хоолойных нь өнгө засарч, урлагийн үзлэгт орж эхэлснээр дуучин болох эхлэл нь тавигджээ. Өдгөө театрынхаа өнгө төрх нь гэгддэг “Дууч шувуухай” маань “Би анх СУИС-д орохдоо дуурийн ангид оръё гэж бодоогүй.
Шалгалт өгөхдөө Долгор эгчийн дууг дуулахад багш нар сонсоод л энэ хүүхдийг дуурийн дуулаачийн ангид авъя гэж шийдсэн. Тэрнээс биш би нарийн ширийн зүйлийг нь мэддэггүй, зүгээр л ардын болон богино дуу дуулдаг хүүхэд байсан” гэж даруухнаар ярьдаг юм билээ. “Амьдралын амтыг одоо л жинхэнэ утгаар нь мэдэрч явна” хэмээсэн дуучны багын төрх ийм л эгдүүтэй байж. Олны танил эрчүүдтэй хэвлэлээр нэр холбогдож яваа дуучин бүсгүй одоо хүртэл ганц бие байгаа бөгөөд бие даасан тоглолтоо хийж, кино урлагт хүчээ сорьж тал бүрийн авьяасаа харуулж эхэлсэн.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )