461 дүгээр хорих анги эргэлт, уулзалтаас авдаг хураамжаа цуцаллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 24

ШШГЕГ-ын харьяа Сонсголон дахь Цагдан хорих 461 дүгээр анги нь нийслэлийн хэмжээний сэжигтэн яллагдагчийг цагдан хорих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг  байгууллага бөгөөд шүүхээр шийтгэгдээгүй иргэдийн хувьд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцохоос гадна өөрсдийн өмгөөлөгч болон төрөл төрөгсөдтэй уулзах шаардлага өдөр бүр гарч байдаг. Хоригдогсдын эргэлт уулзалтыг зохион байгуулах явцад болон эрүүл мэнд, хувийн байдлын талаар өмгөөлөгч, ар гэрийн зүгээс холбогдох лавлагаа тодорхойлолт авах тохиолдолд заавал мөнгөн хураамж төлдөг, энэ нь тодорхой хүндрэл бэрхшээлийг бий болгож байгаа тухай ард иргэдийн зүгээс санал гомдол байнга гардаг  аж.

Тэгвэл тус ангийн даргын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд эргэлт уулзалтын маягт, лавлагаа, тодорхойлолтыг хүн тус бүрээр 500 төгрөгөөр тооцон хураамж авдаг байсныг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааны талаар болон алба хаагч нартай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах ажилтныг томилон, санал хүлээн авах утас, цахим хаягийг иргэд байгууллагад зориулан байршуулах болжээ. Цаашид иргэд байгууллагад төрийн үйлчилгээг хүргэх үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл гаргахгүй байх талаар шат дараалсан арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа юм байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top