Б.Мягмарбаяр хэмээх охин 2011 онд 17 настайдаа жирэмсэн болж, дараа жилийнхээ дөрөвдүгээр сард хүү төрүүлжээ. Охины найз М.Жүгдэрбарам өөрийгөө хүүгийн эцэг гэдэг ч тэрийг нь тогтоогоогүй аж. Б.Мягмарбаяр хүүгээ өөрийнхөө нэрээр овоглож, Бум-Эрдэнэ нэр өгсөн гэнэ. Гэвч удалгүй зургадугаар сард охины зүрх гэнэт хаагдан нас барж, хоёрхон сартай хүү эхээ алджээ. Иймд охины ээж Б.Долгормаа хүүг өсгөн том охиныхоо хөхийг хөхүүлж, аажимдаа угжинд дасгасан аж. М.Жүгдэрбарамын аав, ээж нь хүүг гэртээ хэд хонуулахыг хүсэхэд нь зөвшөөрч, долоо хоногийн дараа авахаар очиход ханиад хүрчихсэн, ус шиг юмаар гүйлгэж байсан тул “Охины 49 хоног өнгөрөхөөр хоёр гэртээ ээлжлэн байлгаж өсгөе. Тэр болтол М.Жүгдэрбарам манайхаар орж, гараад, хонож, өнжөөд явж байна биз” гэжээ. Гэтэл долдугаар сарын 14-нд М.Жүгдэрбарам Б.Долгормааг бие засах өрөө орох хооронд зээ охин У-г хаалгаар цохин хүүг аван зугтсан байна. Үүнээс хойш Б.Долгормаа хүүг авах гэж хууль хяналтын байгууллагаар явахад М.Жүгдэрбарамын гэрийнхэн нь “Танайх нүх шиг оромжтой, идэх хоолгүй айл. Мөнгө авах уу” хэмээн доромжилжээ.
Б.Мягмарбаярын ээж Б.Долгормаа “Манайх тийм яахаа алдсан айл биш. Нөхөр маань жолооч. Гурван өрөө байртай. Өнгөрсөн оны есдүгээр сарын 17-нд гарсан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжаар намайг хүүгийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоосон. Мөн арваннэгдүгээр сарын 19-нд шүүхээр асран хамгаалагч гэдгээ баталгаажуулсан. М.Бум-Эрдэнийг хууль ёсны асран хамгаалагчид өг хэмээн шүүхийн шийдвэр гарсан ч би одоо болтол хүүгээ авч чадаагүй хэвээр. М.Жүгдэрбарам охиныг минь нялх биетэй байхад хэд хэдэн удаа гар хүрч байснаар барахгүй, бага хүүг минь зодож байсан. Одоо аймгийн Цагдаагийн газарт хүүхэд хулгайлсан болон У охины маань толгойг цохиж, хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа. Аав болох Н.Мягмардорж нь Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа урьдчилан цагдан хорих байранд хоригдсон бол, М.Жүгдэрбарамыг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хориогүй. Харин ээж Б.Оюуныг эрэн сурвалжилж байна. Зээ хүүг минь хулгайлаад арван сар барааг нь харуулахгүй, нуулаа. Хүүг эсэн мэнд, эрүүл саруул өсөж байгаа гэдэгт эргэлзэж, санаа зовж байна. Эсэн мэнд байсан бол надад авчирч өгөх хангалттай хугацаа өнгөрсөн. Би зээ хүүгээ хойт эхийн царай харуулахгүй, өөрийнхөө энгэрт тэвэрч, ээжийнх нь өссөн гэрт хүн болгож өсгөх гэсэндээ арван сар хуулийн байгууллагаар хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газар хэлж явж байна. Цаашид ч холбогдох байгууллагад хандана. Хань бид хоёр охиныхоо шарилын хажууд “Хүүд нь өөрийнх нь хүсэж байсан эмчийн мэргэжлийг эзэмшүүлж, хэнээс ч дутахааргүй өсгөнө гэж амалсан. Энэ үгэндээ хүрмээр байна” гэв.

Сэтгэгдэл ( 1 )
okinii bie setgelees tasarch uldsen ami blkoop okinii aaw eej ni awax xeregtei xoid ex bol adgiin muu aluurchn l ym bga tm bolkoop okinii etseg exed ni uguk xeregteishde