...Аяа, миний 18 нас
Ахиад ирэхгүй ч мөнхийн гэрэлтэй нас... хэмээн уянгалуулан дуулах дөрвөн хүүг тэртээх хуучин цагийн клипнээс харж болмоор. Хүүхдэрхүү төрхтэй авьяаслаг хөвгүүд дөнгөж өчигдөрхөн л тайзан дээр гарч байсан мэт санагдана. Гэвч энэ мөчөөс хойш хэдийнэ 18 жил өнгөрчээ. 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан “Камертон” хамтлаг өдгөө Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай, фэнүүдийн хүрээллийг бий болгож чадсан билээ. Багагүй хугацаанд хамтын уран бүтээлээ завсарласан “Камертон”-чууд хэдэн жилийн өмнө хайрын дуугаараа эргэн нэгдэж, Төв цэнгэлдэх хүрээлэнд томоохон хэмжээний тоглолт хийсэн төдийгүй “Камертон-2” төслийнхөө хүрээнд өөрсдийн залгамж халааг бэлтгэсэн билээ. Ингээд царайлаг, авьяаслаг залуусын дотоод ертөнц рүү өнгийж, хувийн нууцаас нь хуваалцвал уншигчдад маань сонирхолтой байх болов уу гэсний үүднээс энэхүү мэдээллээ хүргэхээр шийдлээ.
Өөртөө зориулсан үнэт зүйл нь унадаг дугуй
Хамтлагийн ахлагч Д.Болд элдэв төрлийн зүйлд тэгтлээ дурлаад байдаггүй. Эдэлж хэрэглэх бүхэн нь хийц загвар, чанар сайтай байвал үнэ өртөг тийм ч чухал биш гэж үздэг. Тэгвэл өөртөө зориулж худалдаж авсан хамгийн анхны үнэт зүйл нь унадаг дугуй байжээ. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцаснаас өөр гоёлгүй бяцхан Д.Болдод тийм их мөнгө хаанаас олдох билээ. Аав ээжийгээ шаналгасаар байгаад 1989 онд 340 төгрөгөөр анх удаа дугуй авахуулсан юм гэдэг. Баярласандаа болоод эхний үед өдөр шөнөгүй л дугуйгаа унана. Сүүлдээ ч уйдалгүй яах вэ, бүр тоохоо ч больж. Харин анхны их хэмжээний мөнгөө 1995 онд авчээ. “18 нас” тоглолтын дараа гар дээрээ 200 мянган төгрөг аваад бөөн баяр гэр рүүгээ буцсан гэнэ. Тухайн үедээ л их мөнгө байсан учир өөртөө овоо хэдэн зүйл худалдаж авсан аж.
Өдгөө Монголын шилдэг R&B дуучин болсноор барахгүй, Төрийн соёрхолт цол хүртсэн Д.Болд 500 мянган ам.долларын үнэтэй автомашины цуглуулгаараа олныг гайхуулж буй. Сонирхолтой нь, түүнийг анх ямар машинаар хөл залгуулж байсныг нь мэдэх хүн ховор. Тэрбээр хамтлагийнхаа хоёр жилийн ойн өдөр “Тоёота Селика” маркийн машин худалдаж авчээ.
“Өөрийнхөө төлөө хийсэн хамгийн зөв алхам минь хамтлаг байгуулсан явдал” гэж үздэг дуучин залуу ганцаардлаас ямар их айдаг гээч. Энэ сул талаа “Эргэн тойронд минь үнэнч найз олон учраас одоогоор ганцаардахгүй байгаа” хэмээн хаацайлдаг юм билээ.
Охидын захианд дарагдаж, дурлалын шүлэгт мансуурч явсан цаг түүнд бий. Одоо ч уулзах хүсэлтийг уярам үгсийн хамт дайж явуулсан захиа, мессеж тасраагүй хэвээр. Мань эр олон охинд сэтгэл алдарч явснаа нуудаггүй. Дурсамж тээсэн учралуудаа хайр мөн эсэхийг нь ч ялгаж чаддаггүй байсан аж. Ямартаа л “Нэг хүн яагаад ийм олон дурлалтай учирдаг байна аа” гэж бодож байх вэ. Ингээд удаан эргэлзсэний эцэст “Эхнэр маань миний анхны хайр юм байна” гэж итгэсэн гэнэ лээ.
Хариу бичдэггүй хайрын захианы эзэн
“Камертон”-ы “Дурлалын бурхан”-аар өргөмжлөгдөж явсан дуучин А.Мэнд-Амар буюу Мээдээ нэлээд дотогшоо талдаа, дуугүй нөхөр. Үсэрч цовхчоод орилж чарлахыг нь хараагүй болохоор түүнд “Даруухан” гэх онош тавьсан юм билээ, фэнүүд нь. Энэ нь ч үнэний ортой дог. Аав ээж хоёртоо эрхэлж сүйд болдоггүй ч, тэрбээр бяцхан зүрхэндээ хайр энэрлийг нь мэдэрч суудаг ухаалаг хүү байжээ. Тэднийхээ сэтгэлд дотно үнэрийг биедээ шингээх гэж дээлийг нь нөмөрч унтдаг. Заримдаа бүр унтлагынх нь хувцсыг хүртэл дэрлэх гээд зүтгэчихдэг байснаа хүүхэд насны хамгийн сайхан, гэгээхэн дурсамж хэмээн хуучилсан.
Мээдээ цэцэрлэгт байхдаа баримлын шавраар зохион бүтээх уралдаанд оролцож дүүргийн хэмжээнд гуравдугаар байрт шалгарчээ. Том шоколад, угсардаг онгоц бэлгэнд авсан нь өөртөө зориулсан анхны сюрприз гэсэн шүү. Өрөөнийхөө гэрлийн бүрхүүлээс угсардаг онгоцоо өлгөчихөөд өдөржингөө харж хэвтдэг байсныг нь түүнээс өөр хэн ч мэдэхгүй. Харин сургуульд байхдаа санамсаргүй тохиолдлоор тоглолтод оролцож таван төгрөгөөр шагнуулснаа ээждээ аваачиж өгчээ. Энэ бол түүний анхны цалин. “Камертон” хамтлагт ороод тэрбээр гурван жилийн дараа хөл дүүжлэх унаатай болсон гэдэг. 1998 онд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн шинэ машин авч, хуучныгаа түүнд зүгээр л бэлэглэж орхисон аж.
Барагтай л бол дуугардаггүй даруухан жаалын сэтгэлд дурлалын оч хааяа нэг харвана аа. Тухайн үед гарч байсан орос киноны үйл явдлыг дуурайж, элдэв чимэглэлтэй хайрын захиа охид руу чулуудаж эхэлжээ. Харин өөрт нь ирсэн захиаг үзээд хариу бичих нь битгий хэл, харцаа ч өргөж чадахгүй болтлоо ичдэг “хэргийн эзэн” байж. Захиагаа хэнд ч уншуулахгүй гээд сүйд болох дөхнө. Эвхээс нь урагдаж хуучирсан хэдэн захиа ямар ч үед халаасанд нь байж л байна. Чухам түүнийгээ нээж үзсэн үү гэдэг нь эргэлзээтэй.
Ихэмсэг зан гаргаж, ааш аягаа харуулах юм уу аль эсвэл хэний ч харцыг булаах аятайхан сэтгэгдэл төрүүлдэг тэрбээр тун ч нууцлагдмал нэгэн. Гэвч энэ бүхэн ердөө л жүжиг байсан гэвэл та итгэх үү. Шаардлага гарвал жүжиглэх авьяасаа ашиглаж, өөрийгөө эвгүй байдлаас авардаг зальтай нөхөр байх нь.
Дахиад дөрвүүлээ хамт амьдрахсан...
Хамгийн алиа зантай Л.Ган-Эрдэнэ буюу Ганаагаас бурханд хэлэх хүсэлтийг нь асуухад “Дөрвүүлээ хамт амьдарч байсан тэр л үед эргэж очмоор байна” гэж хашгирдаг гэсэн. Тэд 13 дугаар хорооллын долдугаар байрны долдугаар орцны наймдугаар давхрын хоёр өрөө байранд амьдарч байжээ. Гэхдээ багагүй хугацаанд хамт амьдарсан болохоор сүүлдээ бүр бие биенээсээ залхаж эхэлсэн гэдэг. Худалч хүнд, ариун цэврийн өрөөнд хүртэл дөрвүүлээ хамт ордог байсан гэнэ.
Сэтгэлээ уудалж, хэцүү бүхнээ шийдэхэд нь тусалж байсан хайртай ээж нь түүнийг 15 настай байхад таалал төгсчээ. Санаж бэтгэрсэн сэтгэлээ тэрбээр зөвхөн “Дуучин болоод ээжийгээ мөнхөлнө” гэсэн хүслээр л тайтгаруулдаг байж. Арван жилийн турш бодсон энэхүү хүслээ УГЗ Л.Балхжавын ая, З.Түмэнжаргалын шүлгээс бүтсэн “Мөн ч их саналаа даа, ээжийгээ” дуугаараа биелүүлсэн юм билээ.
Хаана л зодоон цохион болно, тэнд Эбатай хамт манаргаж явдаг дүрсгүй хүү нэг л өдөр алдаагаа ухаарчээ. “Хөгжим бол миний амьдрал. Одоо больё” гэж шийдсэн тууштай зангаа тэр өдгөө ч үнэлдэг. Аливаа асуудлыг эерэгээр шийдэж, аль болох зохицуулах гэж хичээдэг Ганаа өөрийгөө ямар амьтантай зүйрлэсэн гээч. “Камертон”-чуудыг эвтэй дөрвөн амьтнаар дүрсэлбэл мань эр заан болох юм гэнэ.
Үүгээр ч зогсохгүй Болд, Эба хоёрыг дуурайж бодибилдингээр хичээллэх гэж хэрэндээ л зүтгэсэн гэнэ, хөөрхий муу Ганаа. Даанч хүнд төмөр өргөж зүрхээ үхүүлсэнээс хойш дахин тийшээ зүглээгүй юм байх. “Тааваараа л явж байя. Ингэж өөрийгөө зовоогоод яах вэ” гэж зөрүүдэлсэн ч илүүдэл жингээ хасах гээд өөрөө өөртэйгөө сэтгэлзүйн тулаан хийж эхэлжээ. Толинд харах бүртээ өөрийгөө гоё сайхан, бие бялдар нь өв тэгш байна гэж бодох дуртай болсон нь таргалалтын эсрэг хийх сэтгэлзүйн тэмцлийнх нь нэг хэлбэр. “Болдогсон бол илүүдэл жингээсээ туранхай хүмүүст тарааж өгч буян хийх юмсан” гэж хошигносон түүнд спорт сонирхох хүсэл ч алга. Харин мань эр өөрийнхөө уруул, нүдний өнгөөр жигтэйхэн их бахархдаг юм шүү. Худлаа гэвэл өөрөөс нь асуу.
Дурлалын тухай ярина, дурласан сэтгэлээ “барина”
Нэлээд романтик сэтгэлгээтэй Б.Эрдэнэбат буюу Эба эхнэрээ өөрийн болгох гэж эр хүний 13 мэхийг 16 болтол нь хэрэглэсэн гэдэг. Мань эр дунд сургуульд байхдаа ч дурлалын асуудалд хатуу хандаж, охидын шархалсан зүрхэн дээр хэнэггүйхэн алхаж сурсан нөхөр гэнэ лээ. Охид хоорондоо шивнэлдээд л. “Чи Эбатай үерхэхгүй юм уу. Тэгвэл би үерхлээ шүү” гэхийг сонсоод хөх инээд нь хүрч явсан түүнийг өмнөө сөхрүүлчих азтай охин тухайн үед лав таараагүй аж. За, тэгээд хамтлагт орсноор Эбад дурласан бүсгүйчүүдийн тоо гэрлийн хурдаар нэмэгдэж, түүний зураг эрэлт хэрэгцээтэй болсон гэх. “Тоглолтоо хийгээд гарч ирэхэд өлгүүрт байсан хүрэмний халаасанд охидын захидал тийчигнэж байдаг байлаа” хэмээн бардам өгүүлсэн дуучин залуу эхнэртэй болсноосоо хойш дурлалын паянгаа ахиж дурсаагүй. Үнэндээ дурлалын тухай ярих дуртай ч дурласан сэтгэлээ “барих” чадвартай гэдэг юм билээ, түүнийг.
Эба шаралхуу, бага зэрэг хувиа хичээсэн зантай гэж өөрийгөө дүгнэсэн. Шаралхуу зан хүнд эрч хүч нэмдэг гэж үздэг учраас үүнийгээ ч нуудаггүй юм билээ. Хамгийн гол нь ямар үед, юуны төлөө энэ зангаа ашиглах вэ гэдгийг л сайтар бодох хэрэгтэй гэсэн. Тэрбээр бусдын асуудалд хошуу дүрэхээс зайлсхийж, өөрийнхөө гэр бүлд анхаарал тавих гэж хичээдэг болохоо хувиа хичээсэн зан гэж тайлбарласан. Бас дургүй хүргэсэн нэгэнд нударганы амт үзүүлэхээс ч буцахгүй шулуухан зантай юм байх.
Хамгийн сонирхолтой нь, тэрбээр танихгүй хүнээс бэлэг авах тийм ч дуртай биш. Тэр тусмаа ямар нэгэн бэлэг өгчихөөд түүнийг баярласандаа болоод ухаан алдаж унахыг нь хүлээсэн үед бүр ч дургүй. Тиймээс ямар ч тохиолдолд “Өө, их гоё юм байна. Баярлалаа” гэхээс өөр уран цэцэн үгс түүний амнаас унахгүй. Хэдийгээр ийм ноомой байдал фэнүүдийнх нь сэтгэлийг гонсойлгодог боловч угийн дуу цөөтэй энэ эрхмээс өөр урмын үг горьдоод хэрэггүй биз. Харин нэг удаа хэсэг жаал жижиг хэмжээгээр урласан маш олон цаасан шувуу бэлэглэхэд л Эба анх удаа дуу алдсан гэдэг юм билээ. Энгийн хэрнээ чамин бэлэг сонирхдог дуучин залууд тэдгээр шувуу жинхэнэ сэтгэлийн урлан мэт санагдсан аж.
Нээрээ түүнийг эзгүй арал дээр ганцааранг нь үлдээвэл ёстой алзахгүй гэсэн шүү. Робинзон Крузотой “барьцаад” яаж ийгээд амьдарч дөнгөнө гэж амласан. Арга нь барагдвал чулуу модоор зэвсэглээд оготно зурам агнах амьжиргаатай эр гэж байгаа. Бас болоогүй ээ. “Тэртээ тэргүй ганцаараа байгаа юм чинь хувцсаар яадаг юм бэ. Дэрс хулсаар биеэ ороогоод л болоо” гэж онгирсон гээч.
Р.МӨНГӨН
Сэтгэгдэл ( 7 )
Bold tomchuudad okhin zardag udakhgvi shvvkhd duudnaa chamaig bold mongol gazriin myanganbayar akh bolon olon biznesmenvvded jaaakhan okhiduudiig zarj zoos abdag nobsh doo jild 1 toglolt khiideg bold xvnii naimaagaar zoos oldog shvv
ЯГ ҮНЭЭН ЧИ ХААНА НЬ Ч ХҮРЭХГҮЙ ЭБА ҮНЭХЭЭР ХӨӨРХӨӨН
Эд нарын хэн байх нь хэнд хаматай юм бэ
хамгийн мундаг нь хэн ч хэзээ ч гүйцэхгүй.....яаг
lag hamtlag ch toglolto hiicheed bayan mongol chuulgagiig huligdsan gar da