Угжтай охидоос таягтай эмээ хүртэлх ”Мисс” моод

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

Өндөр нуруутай бол загвар өмсөгч, үс зүс сайтай байвал өөрсдийгөө мисс гэж эндүүрэх  хачирхалтай ойлголт манайханд бий. Титэм зүүж л байвал хаанахын, юуны, ямар утга учиртай болох нь ч хамаагүй болж дээ, сүүлийн үед. Өнгөрсөн хэдэн жилд хөл толгой нь мэдэгдэхээ байтлаа олширсон миссийн тэмцээнээс болж угжтай охид, таягтай эмээ нар хүртэл титэм зүүх хүслээр “өвчлөв”. Цэцэрлэгийн насны балчир охид нүүрээ будаж, хагас нүцгэн хувцаслаад “Бяцхан мисс” уралдаанд оролцдог болсоор нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй. Хүүхэд атлаа хүүхэн шиг болтлоо өөрчлөгдсөн тэднийг хараад инээх, ичихээ ч мэдэхээ больтлоо алмайрсан тохиолдол цөөнгүй. Үр хүүхдийнхээ авьяас чадварыг хөгжүүлж, тэмцээн уралдаанд оролцуулах дургүй хүн гэж хаана байх вэ. Гэхдээ л балчир охидоо миссийн төрлийн тэмцээнд өрсөлдүүлэх нь арай л хэтэрсэн асуудал. “Бяцхан мисс”, “Бяцхан тод авьяастан”, “Бяцхан топ модель” зэрэг тэмцээн уралдааныг хооронд нь харьцуулах гэхээр ялгарах зүйл бараг алга аа. Зохион байгуулагчид нь бүгд л мөнгө амлаж, титмээ сурталчилсан улс.

Тэгсэн атлаа хөл хөөрцөг болсон эцэг эхчүүдээс тэмцээний зохион байгуулалт, шалгаруулалтын явц, бэлтгэл ажлын дунд “хөөрхөн” гэгч нь мөнгө шомбодохоо андахгүй. Хувцас хэрэглэлээ түрээслүүлж, реклам сурталчилгааны хөлс нэхчихээд бас ичих ч үгүй тэмцээний тасалбар борлуулах үүрэг өгнө гээч. Охиноо мисс, топ модель болгох хүсэлдээ хөтлөгдсөн эцэг эхчүүд хэлсэн бүхнийг нь ёсчлон биелүүлж, хөлөө хугалах шахам гүйлдэх нь өрөвдмөөр. Үнэндээ тэнд шударга өрсөлдөөн гэж байхгүй шүү дээ. Хэний халаас зузаан байна, түүний охин улаан гэрлээр мисс болдог бичигдээгүй хуультай юм хойно, одоо яая гэх вэ. Ингээд цэцэрлэгт байхдаа л титмээр “өвчилсөн” нялх охид дунд сургуульд орсон хойноо ч зүгээр суухгүй гэж мэд. Өсвөр насны охидын дунд зохиогддог “Гоо охин”, “Монголжингоо”, “Үнсгэлжин” зэрэг элдэв янзын тэмцээнүүд титэм мөрөөдсөн ужиг өвчнийг нь улам бүр сэдрээж орхино. За, тэгээд л ар өврийн хаалга хэрэглэх аргад чадамгай суралцаж ах дүү, танил нөхөд, багш захирлынхаа дэмжлэгтэйгээр нэг тэмцээнээс нөгөө рүү харайж өгнө дөө.

Улсын хэмжээний уралдаан учраас эцэг эхээсээ чамлахааргүй мөнгө салгаж, ийш тийш нь цацдаг гэх эрх охидын тухай өгүүлэл бичсэн ч болохоор. Лав л нэг удаа “Монголжингоо” тэмцээний тэргүүн байрт шалгарсан охины эгчээс хэдий хэмжээний мөнгө зарцуулсныг нь асуухад “Гоёлын даашинзаа 500 мянган төгрөгөөр худалдаж авсан. Шүүгчид өгсөн болон гоо сайхны салон, бусад хэрэглэлд зарцуулсан мөнгөө тооцвол нэг сая төгрөг өлхөн хүрнэ” гэсэн юмдаг. Тэгэхээр дунд сургуулийн сурагчид нэг сая, 500 мянган төгрөгөөр титэм худалдаж авдаг гэсэн үг. Цаашлаад улсын гэх тодотголтой бусад тэмцээний үнэ ханш бүр ч өндөр байгаа биз. “Монголын сайхан бүсгүй”, “Miss Mongolia”, “Miss World Mongolia”, “BBQ miss”, “Toshiba miss”, “Miss Global Tourism Mongolia”, “TV miss”, “XXX Ladyes” гэх мэт олон тэмцээн манайд зохиогддог юм билээ. Жил бүрийн хавар, намар шил шилээ дарах шахам зохиогдож буй эдгээр тэмцээнээс хэчнээн охин “Мисс” гэх тодотгол зүүснийг нь тоолно гэвэл бүтэшгүй зүйл. Зөвхөн нэг тэмцээнээр жишээ аваад үзье л дээ. “Miss Mongolia” тэмцээний хувьд л гэхэд, Гран при болон дэд байрын шагналын эздээс гадна “Мисс модель”, “Фото мисс”, “Авьяаслаг мисс”, “Оюунлаг мисс”, “Аэро Монголиа” зэрэг өргөмжлөлийг таван бүсгүйд гардуулдаг юм билээ.

“Монголын сайхан бүсгүй” тэмцээн ч гэсэн адилхан. Есөн эрдэнийн титмийн эзэд болон ивээн тэтгэгчдийнхээ таашаалыг хүртсэн бүсгүй ч яаж ийж байгаад титэм зүүчихнэ. Энэ мэтээр үргэлжлэх миссийн тэмцээнүүд хаанаас, хэн, яаж бодож олсон юм бэ гэмээр хачин жигтэй өргөмжлөлийг ч гаргаж ирэх нь элбэг. “Үндэсний ялагч”, “Сайхан бүсгүй” гэсэн өргөмжлөлийг нь “Олны таашаал хүртсэн мисс”, “Оюун ухаантай мисс”, “Гоё биетэй мисс”, “Сайхан инээмсэглэдэг мисс”, “Тусч мисс” гээд есөн шидийн зүйл дагалдана. Арай л “Ичимхий мисс”, “Бүдэрч унаагүй мисс”, “Хачин гоё ирмэдэг мисс” гэж өвчигнөх нь холгүй юм болно. Эд эрхтэн, үс шүдээр нь ялгаж заагласан инээдтэй ч гэмээр энэ олон өргөмжлөл нь том жижиг, чимэгтэй чимэггүй гээд янз бүрийн титэмтэй гэж байгаа. Мисс охидын хувьд, тухайн тэмцээний тэргүүн байрыг авч чадаагүй бол “аймаар” шаралхана. Ёстой л хэний охин мөнгө цацаж, хэн гэдэг шүүгч луйвар хэрэглэсэн гэдгийг хэвлэлээр нэг дэлгэж байж санаа нь амардаг шүү. “Олны үг ортой” гэдэг дээ. Болсон явдлын цаадах наадахыг нь ухаж төнхөөд үзэхээр яалт ч үгүй үнэний учиг харагддаг л юм билээ.

Сүүлийн үед зохиогдож буй томоохон тэмцээнүүдийг шударга бус аргаар ялагчаа тодруулдаг, миссийн титмээ худалддаг гэж ярих болсон нь ч үнэний ортой. Манайдаа л гайгүйд тооцогддог нэгэн тэмцээний ялагчаар намхан нуруутай, махлаг бүсгүй тодроход өрсөлдөгчид нь гоморхож, хамаг булайг нь дэлгэж байсан удаатай. Тэмцээний дэд болон тусгай байрт шалгарсан хоёр ч бүсгүй хэвлэлд ярилцлага өгөхдөө “Бэлтгэл дуусах дөхөж байхад оролцогчоор бүртгүүлсэн. Ялагчид бэлэглэхээр амласан 28 мянган ам.долларын үнэтэй япон автомашиныг аль хэдийнэ аваад уначихсан. Алхаа гишгээндээ бус хувцас хунартаа анхаарал хандуулсан тийм хүүхнийг яагаад мисс болгодог юм бэ” гэж дурьдаж билээ. Есөн эрдэнийн титэм зүүсэн мисс бүсгүй “Миний даашинзыг гурван дизайнер урласан. Есөн эрдэнийн шигтээтэй учраас 11 мянган ам.долларын өртгөөр бүтсэн шүү. Үндэсний хувцас маань найман мянган ам.долларын үнэтэй” гэж хүртэл онгирч олны нүдийг орой дээр нь гаргах дөхсөн. Зөвхөн нэг удаагийн үзүүлбэртээ зориулж, арав гаруй сая төгрөг зарцуулсан гэж бодохоор гайхалтай. Аль эсвэл өөрийгөө титмийн эзэн болно гэдэгт тийм итгэлтэй байсан юм болов уу. Юутай ч, элдэв хэл яриа ихээр тархасны дараа тэрбээр есөн эрдэнийн титэм, 28 мянган ам.долларын үнэтэй япон автомашинтайгаа хамт таг чиг болчихсон. Сураг сонсох нь ээ, хилийн чанадад сурч ирээд айлын эхнэр болсон гэх.

Ийнхүү хэл ам дагуулсан миссийн тэмцээн сүүлийн үед загвар өмсөгчдийн дунд зохиогддог титмийн төлөөх тэмцэл болж хувирлаа. Өгзөг, хөх муутай загварын охидыг өндөр нуруу, урт хөлөөр нь л шинжихгүй бол үзэж харах өөр зүйлгүй мэт. Оролцож байгаа тэмцээнийг нь хараад миссийнх үү, загварын шоу юу гэдгийг ч ялгахад бэрх. Хавтгай цээжтэй, харвин нь унжсан царай муутай охид ч мисс болохоор өрсөлдөж байгааг харахаар заримдаа би өөрөө ч гэсэн оролцоод үзмээр санагдах юм. Яадгийм, аз таарвал мисс болчих ч юм билүү. Хиймэл үс, сормуус, хумс, өнгөт линзээс өгсүүлээд зарим нэгэн хуурамч гоо сайхныг нь худалдаад авчихвал болохгүй гэх газаргүй ээ. Үнэндээ миссийн тэмцээний оролцогчдод “ориг” юм гэж алга байна. “Анхаар, будагтай” гэж анхааруулмаар айхтар хиймэл нөхөд л харагдаад байх чинь. Төрсөн ээж нь хараад ч танихгүй болтол нь будаж шунхадсан охид хиймэл үс, хумс, сормуус, линзээ юман чинээ тоож байгаа шинжгүй. Харин ч бүр давраад хиймэл хөх, өгзөг хэрэглэж эхэлсэн байна лээ. Яагаав дээ, өнөө хятадын хямд үнэтэй наадаг хөх, өгзөгийг чинь усны хувцасны үзүүлбэрт ашиглаж байгаад азаартсан “гарууд” олон байгаа шүү.

Зарим нь бүр хөхний даруулган дотроо давхар даруулга зүүгээд гарч ирэх нь хэнийг хуурах гэсэн арга юм бол. Тээр хол, үзэгчдийн дунд сууж байгаа шүүгчид хардаггүй юм аа гэхэд хажууханд нь зогсоо хэвлэлийнхнээс ядаж ичдэг ч болоосой. Даруулган дороос нь цухуйсан хиймэл хөх, өргөгч пролоныг нь аваад хаячихвал тэдэнд ер нь байгаа юм байна уу гэмээр. Миний бодлоор, мисс гэх тодотголд бие галбирын хувьд зөв харьцаатай бүсгүй л тохирох юм шиг санагддаг. Эгэм нь ёрдойж, ташааны яс нь товойсон хэтэрхий гэмээр туранхай хүүхнийг хэн ч хараад сайхан гэхгүй л байх. Адаглаад өгзөг, хөх нь аятайхан баймаар юмдаг. Хошигнож хэлэхэд, онигоо ч гэмээр нэг явдал санаанд орчихлоо. Адайр ч гэмээр адтай загнадаг дизайнер Н.Соёлмаа нэг удаа загвар өмсөгчөөсөө “Чамд ер нь хөх, өгзөг гэж байна уу” гэхэд цаадах нь толгой дохиж. Шаралхуу дизайнер ч үүнийг нь хүлээж байсан мэт “Тэгвэл тэрийгээ авч явж байгаач” хэмээн зандарсан гэдэг. Ичмээр ч юм шиг энэ инээдтэй яриаг үгүйсгэж болохгүй ээ. Загвар өмсөгчид миссийн тэмцээнд оролцох ёсгүй гэж хэлээгүй байна. Хамгийн гол нь, бие галбир болон бусад зүйлийн хувьд шаардлага хангахуйц байвал яасан юм бэ. Болсон болоогүй, тэмцээн уралдаан руу хошуурч гүйсээр байгаад баахан титэм цуглуулсан охидыг харахаар эвгүй л байдаг. Түүнийг мисс гэх үү, титэм цуглуулах хообийтой нэгэн гэх үү, бүү мэд.

Ялангуяа энд тэндхийн тэмцээн хэссэн титэмтэй загвар өмсөгчдийн тоо хэзээ нэг цөөрөх юм бол доо. Зарим нь бүр нэг тэмцээндээ дөрвөн ч удаа оролцож байж сая нэг юм титмийн эзэн болсон гэж байгаа. Шүүгчид нь “За, яах вэ дээ. Хөөрхий амьтан дөрвөн удаа оролцож байгаа юм чинь титмээ өгье” гээд мисс болгосон ч юм билүү. Атаа жөтөө, хэл ам дагуулсан миссүүдийн ертөнц булхай ихтэй газар болохоор арга ч үгүй биз. Оролцогчдын бэлтгэл, оюун ухаан, авьяас чадварын талаар ч ам сайтай хүн ховор. Үнэндээ, үнэтэй даашинзаар гоёсон харц булаам охид мэдлэг боловсрол, авьяас чадварын хувьд даанч гологдмоор санагддаг. Тэгсэн атлаа хөтлөгчийн зарласан танилцуулгад гадаадад сурдаг, хэд хэдэн орны хэл мэддэг гэсэн мундаг тодорхойлолт багтаахыг нь яана. Титэм зүүгээд л нүцгэлээд унадаг, баян эрчүүдийн эрэлд “морддог” хулхи миссүүдээс залхаж байна шүү, үнэндээ.  

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nuudel(24.12.162.157) 2025 оны 03 сарын 13

Tegeed yavj l b.g ldee mungu tanil n baigaa bol ter titemee zuunuu yugaa zuun manid yamar pad b.aa.humuus ugiin henii n hen gedgiin medej l b.gaa hoino.

1  |  0
зөв(49.0.168.105) 2025 оны 03 сарын 13

шударга бичсэн бна

1  |  0
Top