Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан “Хүннүгийн түүх, өв соёл” нэртэй үзэсгэлэн Төрийн түүхийн музейд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнд сүүлийн хоёр жилд шинээр олдсон олдвороос 300 гаруй үзмэр, эд зүйлийг дээжлэн дэлгэн тавьсан байна.
Уг үзэсгэлэнд алт, мөнгө, хаш, оюу зэрэг үнэт эдлэл, хүрэл, төмөр, үйс, ясан хэрэгслүүд дэлгэгдсэн байна. Үзэсгэлэнд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхим болон бусад музейгээс оролцож, хамтран ажиллажээ. Монголчуудын анхны төрт улсын их түүхээ хүндэтгэх, нэхэн тодруулах зорилготой энэ үзэсгэлэн Төрийн ордон, олон нийтэд нээлттэй болсонтой холбогдуулан Төрийн түүхийн музейд нээсэн гэж зохион байгуулагчид хэллээ.
Мөн Хүннүгийн археологийн судалгааны ажил хийгдэж эхлээд 90 шахам жил болох хугацаанд монгол нутгаас Хүннүгийн язгууртны булш 50 гаруй газарт, 3000 гаруй тоогоор олдоод байгаа юм. Тэр дундаа Хараагийн Ноён уул, Бороогийн суурин, Хануй гол, Дуурлиг нарс, Морин толгой, Гол мод-1,2 зэрэг газраас түүхийн ач холбогдол өндөртэй дурсгалууд нэлээд олдсон байдаг. Хүннүгийн түүх, өв соёлыг харуулах энэхүү үзэсгэлэн төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн Баганат танхимд сарын турш олон нийтэд үнэ төлбөргүй, нээлттэй үргэлжлэх учраас үзэгч та бүхэн түүх соёлын чухал дурсгалт зүйлсийг нэгэн дор харах боломж тохиож байна.

Сэтгэгдэл ( 0 )