Топ модель Э.Сэлэнгэтэй ярилцсанаа хүргэе. Сэтгүүлч мэргэжилтэй топ бүсгүй маань өдгөө “Шилмэл загвар” компанийн загварын дамжаанд багшилж буй юм.
-Гадаадын загварын агентлагуудтай хэр зэрэг хамтарч ажиллаж байна вэ. Сэтгүүлч мэргэжлээрээ цаашид ажиллах уу?
-Сургуулиа төгссөний дараа хийх ажил, зорилгуудаа эртнээс тодорхойлж байсан. Магистраар суралцах, олон улсын загварын агентлагт гэрээт моделиор ажиллах зорилготой байгаа. Нас минь залуу, сурах зүйл их байна. Эх орондоо суралцсан хэдий ч өөрийгөө хангалттай хөгжүүлж чадахгүй байна гэж би биеэ чамладаг. Илүү их амжилтанд хүрч, намайг цаашид юу хүлээж байгааг харахыг хүсч байна. Би багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Тэр олон мөрөөдлийг амьдралынхаа зорилго болгон өдийг хүртэл явсан. Ямар ч байсан, энэ эрчээрээ мөрөөдсөөр байх болно. Мөрөөдөл бүхнээ биелүүлж, бүгдэд нь хүрэх юмсан. Дуусашгүй их мөрөөдлийхөө оргилд нь гарахыг хүсч байна даа.
-Сэтгүүлзүйн салбарт хөл тавьж байгаа хүний тухайд олон талын эргэцүлэл төрдөг байх. Нууц биш бол, энэ бодлоосоо хуваалцаач?
-Маш хүчтэй хөгжиж байгаа салбар шүү. Сэтгүүлзүй бол хоёр дахь засаглал мөн. Энэ салбар эрх чөлөөтэй, шударга үнэний дуу хоолой болж чадвал улс орны маань хөгжилд тустай. Гэхдээ аливаа зүйлд хэм хэмжээ байдагтай адил эрх чөлөөгөө хэтрүүлэхгүйгээр үнэн зөв, бодитой мэдээллийг үр өгөөжтэй байдлаар хүмүүст хүргэж байвал хэн хэнд маань хэрэгтэй байх. Сэтгүлчдийн нэр хүндэд ч тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, үнэ цэнийг нь мэдэрч ажиллах нь сэтгүүлчдийн бахархал шүү дээ. Сүүлийн үед цахим сайт олноор нээгдэж, мэдээллийг хурдан шуурхай хүргэж байгаа нь сайшаалтай хэрэг. “Сайны хажуугаар саар” гэдэг шиг сөрөг мэдээлэл ч их гарах болж. Энэ нь нэлээд хүндрэлтэй санагддаг юм. Сэтгүүлч хүний зэвсэг бол үзэг. Үзэгний үзүүрээр хүний амьдралыг босгож ч болно, бас нурааж чадна. Тиймээс мэдээллийхээ үнэн бодитой эсэхийг нягталж үзэх, хариуцлагатай хандах нь хамгийн чухал. Миний хувьд, тодорхой хэмжээнд олны танил болсон учраас худал мэдээлэл сонсох үнэхээр дургүй. Сэтгүүлчид ямар нэгэн салбарыг дагнаж бичих, түүндээ өөрийгөө хөгжүүлж явбал боломж их бий.
-Тэгвэл таны сонирхож байгаа салбар юу вэ?
-Одоохондоо шийдсэн зүйл алга байна. Загварын ертөнцтэй холбоотой байдаг учраас энэ чиглэлээр мэргэшиж ажиллах болов уу. Урьд нь загварын нэвтрүүлэг хөтөлж байсан туршлага ч бий. Загварын тогоонд олон жил “чанагдсан” хүний хувьд, цаашид энэ талын мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлч болох байх.
-Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд тооцогддог топ модельд маань үлгэр дуурайлал авч, хүндэлж явдаг эмэгтэй олон байгаа болов уу?
-Эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, үнэ цэнэтэй байдаг. Бүгдээрээ л нөхөрт гарч, эх хүн болдог учраас энэ хорвоо дээр муухай эмэгтэй хүн гэж байхгүй. Хувь хүн гэдэг үнэлэмжээ мэдэрч, өөрийгөө үнэлж, хайрлаж, зоригжуулж сурах нь хамгийн чухал. “Санаа зөв бол заяа зөв” гэдэгчлэн үргэлж сайхан зүйл бодож явдаг хүн надад сайхан харагддаг. Тийм ч учраас үнэлж, хүндэтгэж явдаг эмэгтэйчүүд миний эргэн тойронд олон байгаа шүү.
-Олны танил хүн гэдэг утгаараа, үргэлж анхаарлын төвд байдаг нь тодорхой. Гэхдээ эдэлж хэрэглэх, гоёж гоодох тал дээр төдийлөн ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг шүү, та?
-Стиль имиж, хувцас хэрэглэл, гар утас, унаа машин бол материаллаг зүйл л дээ. Зүгээр л тухайн үеийн сэтгэл ханамж, хувийн хэрэглээ. Тэр бүхэнд хэтэрхий туйлширч өнгө мөнгө, брэнд энэ тэр шүтэх нь утгагүй. Тухайн үедээ л сэтгэл ханамж авч, өөртөө сэтгэл хангалуун байхад болно шүү дээ. Гоё загвартай, бие галбирыг маань тодотгож чадах хямдхан хувцас байсан ч хамаагүй. Би ер нь хувцас худалдаж авахаас илүүтэй захиалгаар хийлгэж өмсөх дуртай. Хувцаслалт бол тухайн хүнийг илэрхийлэх том хэмжүүр. Тиймээс нэг хэв маягт баригдсан, хэвшмэл ойлголтоос зайлсхийдэг. Амьдрал гэдэг маш олон төрлийн жүжиг болохоор түүнийгээ дагаад хүмүүс янз бүрийн стиль имижийг бүрдүүлж байдаг. Энэ ч утгаараа, би ямар нэгэн зүйлд баригдахыг хүсдэггүй. Тайзан дээр дизайнеруудын бүтээсэн хамгийн гоё хувцсыг өмсөөд гарахад ихэмсэг, бас бардам Сэлэнгэ харагддаг байх. Харин бодит амьдрал дээрхи Сэлэнгэ энгийн хэрнээ аятайхан хувцаслачихдаг, даруухан эмэгтэй шүү дээ. Сэлэнгэ гэдэг хүн хэн нэгэнд таалагдаж, өөрийгөө таниулахын төлөө амьдраагүй. Зөвхөн өөрөө өөрийгөө таньж мэдэхийн төлөө амьдарч байгаа.
-Амжилттай явж байгаа залуухан, царайлаг бүсгүйг янз бүрийн эрчүүдтэй нэр холбох нь цөөнгүй. Ийм асуудалд нэлээд эмзэглэнэ биз?
-Тиймэрхүү зүйл их байдаг шүү дээ. Яагаад эрчүүдтэй холбогдож болохгүй гэж. Бас яагаад заавал тэдэнтэй холбоод байгаа юм бэ. Энэ бүхэн үнэн эсэхийг эргэн тойрны минь хүмүүс мэднэ. Цаг хугацаа ч бас харуулах байх. Хэн нэгэн хүнтэй холбогдож байж амжилтанд хүрэх албагүй. Энэ бол амжилт биш шүү дээ. Бусдын нөмөр нөөлөг дор амьдарч, амжилтанд хүрэх гэж тэмүүлдэг хүмүүс хэр олон байдгийг би мэдэхгүй. Гэхдээ миний гаргасан амжилт өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, хийж буй бүхэндээ тууштай байсны үр дүн юм болов уу гэж боддог. Аливаа зүйлд сэтгэл хөөрлөөр хандах бус үнэнч, шударга, эрч хүчтэй, тууштай байх хэрэгтэй. Тэгж байж хүрсэн энэ хөдөлмөрийг маань зүгээр л хэн нэгэнтэй холбоод бичвэл онцгүй. Хэдийгээр би тоохгүй байж чадах ч гэсэн, миний амьдралд тусах сөрөг мэдээлэл учраас хэзээ ч хүлээж авахгүй.
-Топ модель өргөмжлөл нэр хүнд, үүрэг хариуцлагаас гадна нэлээдгүй хэл ам дагуулдаг нь нууц биш. Гэхдээ загварын наадмын хамгийн том шагналын эзэн болно гэдэг амаргүй даваа шүү?
-Би дөнгөж 20 настайдаа топ модель болсон. “Сайны хажуугаар саар” гэхчилэн энэ шагналыг авахад зарим хүмүүс “Ийм жаахан байж топ модель боллоо. Арай болоогүй байсан юм” гэх мэтээр шүүмжилсэн. Өөрөөр хэлбэл, тэр их урам зоригоос гадна надад маш том үүрэг хариуцлага ирж байсан л даа. Тийм учраас би өөртөө маш том зорилго тавьсан хэрэг. “Би монголын топ модель боллоо, тэгвэл яагаад дэлхийн топ модель болж болохгүй гэж. Ядаж би Азидаа гарч ирье л дээ” гэж зорьсны үндсэн дээр олон улсын тэмцээнүүдэд маш идэвхтэй оролцсон. Өөрийгөө ч их дайчилсан. Энэ болгонд тодорхой хэмжээний амжилт үзүүлж, олон зүйлийг сурч мэдэж, ойлгож ухаарсандаа өөрөөрөө бахархсан гэж хэлж болно. Ямар ч байсан, тодорхой хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаад ирсэн учраас их баяртай байгаа. Цаашид өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх, хийж бүтээхээр бодож төлөвлөсөн зүйл багагүй бий. Одоохондоо ямар нэгэн тэмцээнд оролцоно гэсэн тодорхой төлөвлөгөө алга. “Шилмэл загвар”-ын ордонд багшлахын хажуугаар МДХ-ны гэрээт моделиор ажиллаж байгаа учраас би байнгын бэлтгэлтэй явдаг. Мэргэжлийн модель, багш гэдэг утгаараа би зөвхөн гоё байгаад зогсохгүй бусдад үлгэр дуурайлал болох ёстой. Шавь нар маань миний үйл хөдлөл, үг яриа гээд бүх зүйлээс суралцаж байгаа учраас надад өндөр хариуцлага оногдсон.
-Энэ их ажлын хажуугаар өөртөө цаг гаргаж чаддаг уу. Байнга завгүй явах нь бараг дасгал болчихдог байх?
-Цагийн хуваарийн дагуу ажлаа зохицуулж, өдөр бүр фитнессээр хичээллэдэг. Хөдөлгөөн хүнийг эрч хүчтэй байлгаж, амьдралын зөв хэмнэлд сургадаг. Хөдөлгөөн удаашраад ирэх ч юмуу ажил багасаар ирэхээр жаахан залхуурах маягтай болдог шүү дээ. Тэгээд ч завгүй байх тусмаа хүн маш их ажлыг амжуулдаг. Би бас зөв хооллолтын дэглэмийг амьдралдаа хэвшил болгосон. “Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа өг” гэдэг шүү дээ. Одоо яг л ийм хэмнэлээр явж байна. Нэг үеэ бодвол, бие галбирын хувьд жаахан өөрчлөлт орсон байна. Хөдөлгөөн багасахаар таргалах шинжтэй. Тиймээс зөв хооллолт, байнгын хөдөлгөөнөөр биеийн жингээ барьдаг. Хэт туранхай байвал муухай. Биеийн хөгжил өв тэгш, булчин чанга байж л модель хүний хувьд зөв харьцаа гарч ирнэ.
-Ямар үед дотоод ертөнцөө илүү мэдэрдэг вэ?
-Ганцаараа байхдаа. Аливаа шийдвэр гаргахад зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэл, оюун ухааныг дагана. Аль нэгийг нь дагавал буруу шийдвэрт хүрнэ шүү дээ. Тиймээс аль алиныг нь сонсч, мэдрэх ёстой байх. Би ганцаараа байх үедээ дотоод ертөнцөө илүү мэдэрч, бясалгаж, тайвширдаг. Нэг хэсэг иог, бясалгалаар хичээллэсэн ч үргэлжлүүлж чадаагүй. Гэхдээ багахан хугацаанд үр дүнг нь мэдэрсэн шүү. Би ер нь багаасаа л дотоод хүнээ сонсдог, гаргасан шийдвэртээ үнэнч байж чаддаг байсан. “Өөрөө өөрийгөө нээнэ” гэж ярьдаг шүү дээ. Өөрийгөө сонсч, өөртэйгээ харьцаж байж л аливаа саад бэрхшээл, асуудлыг давна. Гэр бүлийнхээ хүмүүсийн зөвлөгөөг сонсдог ч гэлээ, ихэнх хувьд нь өөрийнхөөрөө шийдэлд хүрдэг гэсэн үг.
-“Хайрыг тордохгүй бол унтардаг” гэдэг шиг эмэгтэй хүн ч гэсэн, халуун дотно үгс сонсч уярах дуртай. Сэлэнгэ одоо хайрын сэтгэлд умбаж явна уу, аль эвэл?
-Тэгэлгүй яахав. Хайр гэдэг чинь яг л нэмэх хасах цэнэг шиг. Эмэгтэй хүн хайрын үгэнд уярч, халуун сэтгэл нь хөглөгдөж явбал жаргалтай байдаг. Хайртай хүнтэйгээ хамт байхдаа эмэгтэй хүн улам өнгө орж, аз жаргалтай инээмсэглэл цацруулаад эрч хүчээр дүүрэн болчихдог юм шиг санагддаг. Арга билэг гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг, хүчирхэг яваа эр хүний ард ухаалаг эмэгтэй бий. Эрч хүчтэй яваа эмэгтэй хүний ард ухаалаг эр хүн байдаг. Энэ бол нэг нэгнийгээ нөхөж амьдрах эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьдрал. Жинхэнэ хайраа олно гэдэг хамгийн том аз жаргал. Мэдээж, хайртай хүнээсээ сайхан үг сонсоод өглөө босоход маш их эрч хүч, аз жаргалыг мэдэрдэг.
-Та хуримын хувцасны загварыг цөөнгүй удаа тайзан дээр амилуулж байсан. Эмэгтэй хүнийхээ хувьд, хуримын мөрөөдөл тань маш гоё байдаг биз?
-Тэгэлгүй яахав. Эмэгтэй хүн бүр л чамин даашинз өмсөөд сайхан хурим хийхийг мөрөөддөг шүү дээ. Миний хувьд ч тэр, амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийг мөрөөдөж төсөөлсөн зүйл бий. Сүүлийн үед загвар, ажил, хичээл, гэр бүл гэхээс гадна ирээдүйн хань, үр хүүхдийн тухай бодол өөрийн эрхгүй толгойд эргэлдэх болж. Үерхэл нөхөрлөлийн тал дээр ч илүү нухацтай ханддаг болсон. Хамгийн гол нь амьдралынхаа ханийг зөв таньж, сонгох юмсан гэж хүсдэг. Тэр хүнтэйгээ насан туршдаа амьдарна. Үүнээс гадна би өөрөө зөв хүн байх ёстой. Миний ирээдүйн амьдрал, хань ижил маань надаас шалтгаалах учир өөртөө илүү анхаарч байна. “Санаа сайн бол заяа сайн” гэдэг шүү дээ. Үйл хөдлөл, үг яриа, оюун ухаан маань зөв байх ёстой болов уу. Оюун ухаандаа юу бодож байгаа нь тухайн хүний хэл яриагаар дамжиж гардаг. Хэл яриаг дагаад үйл хөдлөл нь илэрдэг. Үйл хөдлөлөөр дамжаад түүний ирээдүй шийдэгдэнэ. Тэгэхээр би дотроо маш гоё зүйлийг төсөөлж явна. Хуримын талаар тодорхой төлөвлөөгүй ч, маш гоё хурим хийнэ гэж бодож байна шүү.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 1 )
zsss xvmvvs yamar nvdeer xarad bgan xachin gamshig tsarailsan yum esvel uuru bicheed bgan bolovuu xuurxii