Хөрш орнуудын тоглолтод ОХУ-ын 40 гаруй амьтан оролцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

“Шинэ цирк” төвөөс уламжлал ёсоор хөрш гурван орны циркийн сургуультай амьтдын тоглолтыг зохион байгуулахаар зэхэж буй билээ. Энэхүү тоглолтын хөтөлбөрт ихэвчлэн ОХУ-ын циркийн сургуультай амьтад, авьяаслаг жүжигчдийн үзүүлбэр багтаж байгаа аж.  Тухайлбал, тус улсын таван баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, хоёр сармагчин, тахиа гээд 40 гаруй сургуультай амьтан ирэх нь. “Шинэ цирк” төвийнхөн өмнө нь хоёр ч удаа иймэрхүү тоглолт зохион байгуулсан туршлагатай төдийгүй хөдөө орон нутгаар аялж хүүхэд залуусыг баярлуулж явсан.

Харин өдгөө ээлжит тоглолтынхоо хүрээнд авчрах сургуультай амьтдыг нүүдлийн циркийнхээ асарт байрлуулах юм байна. Арчилгаа шаарддаг зарим амьтдын хувьд, тусгай  зориулалтын байранд тухлах гэнэ. Тоглолтын хувьд, дээрхи нүүдлийн майхан циркт болох бөгөөд 800 хүний суудалтай, 12 метрийн өндөр, дөрвөн том баганатай, гаднаа амьтдаа байрлуулах байртай, дотроо зориулалтын суудалтай тул боломжийн гэж үзжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top