Ерөнхий боловсролын сургуулиуд өдөрт 2-3 ээлжээр хичээллэж байгаа ч анги дүүргэлт байх ёстой хэмжээнээс 1,5 хувиар илүү, зарим сургуульд 60 хүүхэдтэй анги ч хичээллэж байгаа юм.
Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд 80 бага сургууль нэмж барихаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 115 сургуульд 186822 хүүхэд суралцаж байна. Жил бүр дунджаар 20 орчим мянган хүүхэд сургуульд шинээр элсдэг бөгөөд одоогийн байдлаар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар болон НИТХ-аар оруулж 80 сургуулийн асуудлыг хэлэлцүүлээд байна.
Манай сургуулиуд ерөнхий боловсролын сургууль гэж нэрлэгдээд бага, дунд, ахлах ангиуд нэг дор хичээллэж байгаа. Иймд цаашдаа бага сургуулийг дунд, ахлах ангиас нь салгах бодлогыг баримтлах юм. Учир нь хүүхдийн нас, оюуны онцлогт нь тохируулсан орчныг бий болгох хэрэгтэй гэж үзэн бага насныханд зориулан сургууль барих юм. Эхний ээлжинд энэ жил 15 сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд 2016 он гэхэд 80 бага сургуулийг барьж, дуусгахаар төлөвлөж байна. Эдгээр сургуулийг барих 28 байршлын газар бэлэн болжээ. Бусад 59 байршлын хувьд газар чөлөөлөх, дахин төлөвлөлтөд оруулах, нөхөн төлбөртэйгээр худалдан авах зэргээр газрын асуудлыг шийдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )