Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа нөхдүүдийн орогноход хамгийн таатай улсаар Монгол улс нэрлэгдэж магадгүй болоод байна. Манай улсын иргэдийн тухайд Тодруулын Аятунгаа, түүний ээж Солонго нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа хэдий ч тэд хэвлэлийн бага хурал хийж “Интерпол” гээч ямар байгууллага байдгийг ч мэдэхгүй. Хэн нэгний захиалгаар, тодруулбал түүний хүүхдийг нь аваад алга болсон найз залуугийнх нь хүсэлтээр л тэгж байгаа байх хэмээн мэдэгдсэн билээ.
Тэд ийн мэдэгдэл хийж цэнхэр дэлгэцийн “од” болсон хэдий ч дэлхий даяар эрж хайж сүйд болоод байгаа интерполынхон таг чиг. Манай улсын холбогдох байгууллагуудын тухайд тэднийг баривчлах, эрж хайж байгаа гэх албан ёсны бичиг ирүүлээгүй, түүнээс гадна интерполоор эрэн сурвалжилж байгаа нөхдүүдийг манай улсын цагдаа болон хууль хяналтынхан барьж өгөх дүрэм журам, хууль байдаггүй аж. Тиймээс интерполоор эрэн сурвалжлагдаад байгаа Т.Аятунгаа болон түүний ээж Солонго нар эх орондоо, элгэн садангуудынхаа дэргэд амар амгалан аж төрж буй.
Хэдэн жилийн өмнө интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават ч манай улсад орогнож байсан. Тэрбээр 2006 онд Тайландад болсон төрийн эргэлтээр Ерөнхий сайдын суудлаасаа хөөгдөж, хоёр жилийн дараа буюу 2008 онд эх орноосоо зугтан сураггүй болсон түүнийг интерполоор эрэн сурвалжилж байсан юм.
Түүний эх орноосоо зугтах болсон үндэслэл Засгийн эрхийг дангаар барихыг чухалчилсан гэх. Үүнээс гадна сонгуулийн луйвар, хээл хахууль гэх мэт улстөрийн хүрээнд болж буй бохир ажиллагаа болгон түүний нэр дээр хаяглагддаг.
Тиймээс Тайландын сөрөг хүчнийхэн Таксин Чинаватыг баривчилж, эдгээр асуудлыг нь илрүүлэхээр оролдох үед л эх орноосоо зугатан сураггүй болсон түүхтэй нэгэн.
Ийм л намтар арвин нэгэн эх орноосоо зугатан гишгэх газаргүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихсон тууж явахад нь таатайгаар тосч авсан хоёр дахь нутаг нь Монгол байлаа. Түүнийг модны-2 дахь “White House” зочид буудалд орогнож байгаа гэдэг байсан ч хөдлөшгүй баримтаар нотлогдож байгаагүй бөгөөд хүчний байгууллагууд үгүйсгэсэн мэдээллийг хэвлэлд өгсөн байдаг юм.
Гэтэл үүний дараа төв цэнгэлдэх хүрээлэнд болсон гэрэлт зул хөөргөх ёслолын үеэр алдарт Таксин Чинават гэгээн дүрээрээ явж байсан нь сэтгүүлчийн дуранд өртөж фото зургаар баталгаажин тухайн үедээ шуугиан тарьж байсан ч Тай ноёнтон бас л усанд хаясан чулуу шиг сураггүй болж байсан юм.
Үүнээс гадна Таксин Чинаватыг орогнуулсан гэгдэх “White house” зочид буудлын хөрөнгө оруулагч БНСУ-ын иргэн Ким Пан Жаныг Интерполоор эрэн сурвалжилж байсан онц аг нь 2011 он байлаа. Түүнийг манай Эрүүгийн цагдаагийхан 2011 оны тавдугаар сард баривчлан саатуулж байсан билээ.
Эдгээр дуулианы шилийг даран орж ирсэн дараагийн мэдээлэл нь өнгөрсөн өдрүүдэд УМБГ, ТЕГ-ын ажилтнууд амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэргээр интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын гурван иргэнийг баривчилжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурлын үеэр гадаадын 1000 гаруй зочин төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангахаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан юм. Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон улсын хэмжээнд хүн амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилжээ.
Эдгээр гэмт хэрэгтнүүд нь Рамзан Хафиз Мухаммад /1974 онд төрсөн/, Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан /1969 онд төрсөн/, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар /1983 онд төрсөн/ нар байжээ.
Олон улсын цагдаагийн сүлжээ байгууллагаар эрэн сурвалжлагдаж байсан эдгээр нөхдүүд Монгол Улсын хилээр бизнес, жуулчны визээр орж ирсэн байжээ.
Энэ мэтээр эх орондоо багтаж шингэхээ байсан нөхдүүд Монгол улсыг сонгон ирж нуугдаж байгаа нь интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүдийн “нутагших” таатай орон болчих юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлснийг нуух юун.
Н.Алтан
Сэтгэгдэл ( 0 )