Тиранозаурус Батаар энэ сарын 7-нд эх орондоо ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монголын талд энэ  сарын 7-нд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөхөөр болжээ. Хууль бусаар хил давуулан гаргасан Тиранозаурус Батаарын ясыг буцаан авах асуудлаар “АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн хууль сахиулах албаны мэдэлд ирсэн өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-ний төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн юм. Хүлээлгэн өгөх ажиллагааг уг гэрээний дагуу хийх бөгөөд гэрээнд манай талыг төлөөлж, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл гарын үсэг зурахаар болсон байна.

Уг олдворыг АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хүн нь Эрик Прокопи гэгч байсан бөгөөд АНУ-ын шүүхэд Батаарын араг ясыг хурааж авсан нь буруу, өөртөө эргүүлэн авна гэсэн агуулга бүхий өргөдөл өгснийг тус улсын шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Харин Монгол Улсаас өгсөн өргөдлийн дагуу энэ хэргийг АНУ-ын Нью-Йорк хотын шүүх шүүж, Эрик Прокопид 17 жилийн хорих ял оноох болжээ. Гэхдээ шүүгч Эрик Прокопид ял өгөхийг чухалчлалгүй дөрвөн сар 25 хоногийн хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд уг Батаарын араг ясыг ямар аргаар АНУ-д ирүүлсэн, энэхүү хууль бус наймааны сүлжээ болон бусад мэдээллээ өгөхийг хүссэн байна. Үнэн бодитой мэдээлэл өгвөл түүний хорих ялыг хөнгөлнө гэсэн болзол тавьжээ. Энэ болзлыг Эрик Прокопи хүлээн зөвшөөрч, хэргээ хүлээн, нэг биш нэлээд олдвор Монголоос гаргасан гэдгээ хүлээжээ. Тиймээс Эрик Прокопийн гаргасан гурван төрлийн зургаан үлэг гүрвэлийн араг яс болон бусад олдворыг Монголд буцаан ирүүлэхээр болсон байна.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
111(84.246.17.56) 2025 оны 03 сарын 13

Mongoloos yamar durak zuulchilj gargasan gedgiig ni ilchileh heregtei

1  |  0
Top