БНСУ-д суугаа Монгол иргэдийн нийгмийн асуудлыг төр хамгаална гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Аж амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-ыг зорих Монгол иргэдийн тоо жил ирэх тусам л нэмэгдсээр өнөөдрийн байдлаар БНСУ-д 27 мянга орчин Монгол иргэн ажиллаж амьдарч байна. Гэтэл гэр бүл, эх орноосоо хол байгаа тэдний өмнө тулгамддаг олон асуудлыг зөвхөн хувь хүний асуудал хэмээн орхигдуулсаар ирсэн нь нууц биш. Тэгвэл төр засгаас энэ асуудал дээр анхаарал хандуулж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг байгуулахаар болсон билээ.

Тус төвийн нээлт өнөөдөр БНСУ-д боллоо. Нээлтийн арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, СЗХҮТ-ийн дарга Б.Нарантуяа болон БНСУ дахь Монгол улсын элчин сайд Б.Ганболд нарын албаны хүмүүс оролцсон юм.

Энэхүү Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдсанаар Монгол иргэнээ Монголын төр хамгаалах орчин нөхцөл бүрдэж байгаа бөгөөд тус төв нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр мэдээлэл хүргэж, зөвөлгөө өгөх юм байна.

Мөн БНСУ-ын үндэсний тэтгэврийн даатгалд шимтгэл төлж байсан иргэдийн шимтгэлийг буцаан олгох, шимтгэл төлж байсан хугацааг нь Монгол Улсын тэтгэврийн даатгалд хамрагдсан хугацаагаар тооцож шилжүүлэн даатгах үйл ажиллагааг явуулах аж.
Харин тус төвийн  Нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд хамгааллын алба нь Монгол Улсын нийгмийн халамжийн чиглэлийн хууль тогтоомж болон БНСУ-ын хүн ам, гэр бүл, нийгмийн хамгаалал, оршин суухтай холбоотой хууль, тогтоомж, эрх зүйн орчны шинэчлэлт өөрчлөлтийн талаарх мэдээллээр иргэдийг хангаж, шаардлагатай тохиолдолд иргэдийг дэмжих төрийн болоод төрийн бус байгууллагынханд холбон зуучлах үйл ажиллагааг явуулах юм.

Дашрамд дуулгахад, БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчууд энэхүү төвтэй 0222788030, мөн 0222788034 дугаарын утсаар холбоо барьж, үйлчилгээ авах боломжтой гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top