Нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого энэ сарын 1-нд эхэлсэн билээ. Нэг сарын турш үргэлжлэх энэ удаагийн тооллогод автозам, явган зам, хот тохижилтын байгууламж, сандал, сүүдрэвч, хогийн сав, хайс, хашаа, ургамлын хашлага, тоглоомын талбай, биеийн тамирын талбай, автобусны буудал, автомашины зогсоол, ногоон байгууламж, хөшөө, өндөрлөг, гүүр, далан суваг, гүний худаг, реклам мэдээллийн болон гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж гэсэн нийтийн зориулалттай өмчийг эзэмшигч 29 байгууллага хамрагдах ажээ.
Тооллогын гол зорилго нь эд хөрөнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулах, бүртгэлгүй эд хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулах, бүртгэлийн үнийг тогтоох, нийтийн зориулалттай өмчийн эзэмшилт, ашиглалтад тавих хяналтыг сайжруулах, ялангуяа нийтийн чанартай автозам, гүүрний судалгааг нарийвчлан гаргах, нийслэлийн болон дүүргийн чанартай автозамын заагийг тогтоох, бүртгэлжүүлэх зэрэг нийтийн зориулалттай өмчийг эзэнжүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэгджээ.
Сонирхуулахад, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2002 оны 57 дугаар тогтоолоор нийслэлийн нийтийн зориулалттай өмчийн үзлэг, тооллогыг анх удаа зохион байгуулж байсан бөгөөд энэ удаа хоёр дахь тооллогоо явуулах гэж буй юм байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )