Монголоос хулгайлагдсан Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг хүлээн авах ёслолын ажиллагаа өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотын ONE UNITED NATIONS PLAZA ордны “Manhattan Room” танхимд болжээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан тэргүүтэй төлөөлөгчид уг ёслолд оролцохоор Нью-Йорк хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэлийн хамт АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албанаас хууль ёсны өмчөө эргүүлэн авсан юм.
Мөн уг хэргийг илрүүлэхэд идэвх зүтгэл гаргасан АНУ-ын холбогдох албаныханд төрийн одон медаль гардууллаа. Ёслол орон нутгийн цагаар 11.00 (Монголын цагаар 23.00) цагт эхэлсэн байна. Палеонтологийн үнэт олдвор, Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн 75 хувь бүрэн араг яс өнгөрсөн онд Heritage Auction дуудлага худалдааны төвд нэг сая ам.доллараар зарагдсан билээ. Олдворыг дуудлага худалдаанд оруулахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль ёсны өмчөө буцаан авахаар шүүхэд хандаад байсан. Улмаар олон сар үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны эцэст Шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарч, ийнхүү Монгол Улс өмчөө буцааж авах эрхтэй болсон билээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )