“Түмэн шувуут”ХХК-ний 18330 толгой тахиа үхжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Урд хөршид шувууны ханиад газар авч байгаа энэ үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгонд байрлалтай “Түмэн шувуут”ХХК-ний 18330 толгой тахиа тодорхойгүй шалтгаанаар үхсэн тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар мал эмнэлэг, үржлийн газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн МХГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаа. Үхсэн тахианаас дээж авч лабораторид задлан хийж шувууны томуу болон нъюкасл өвчин илрүүлэх түргэн тестийн шинжилгээ хийж үзэхэд харин уг өвчин илрээгүй байна. 

Хорооны Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан, томилогдсон ажлын хэсэг нүх ухаж 18330 толгой үхсэн тахиаг устгаж, ариутгал халдваргүйжүүлт хийн, устгалын болон халдваргүйжүүлэлтийн акт бичиж комиссын гишүүдээр баталгаажуулан, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллажээ. 

Урьдчилсан байдлаар тус байранд агааржуулагч системийн гэмтлийн улмаас тэнд байсан тахиа хүчилтөрөгчийн дутагдалд орж олноор үхсэн байж болзошгүй бөгөөд УМЭАЦТЛ-т явуулсан дээж материалын шинжилгээгээр шувууны томуу өвчин биш болох нь батлагдсан байна. Шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд тус байрны тахианд шилжилт хөдөлгөөн хийхгүй байж, өндөг болон бусад бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтыг түр хугацаагаар зогсоох арга хэмжээг авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top