26 жил гар хүрээгүй замаа Хотын удирдлагууд хөрөнгө зарж, шинэчилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

Урин цаг ирэхэд Улаанбаатарчууд уур уцаараа бардаг. Арай хийж утаанаас салж цэвэр агаараар амьсгалах гэтэл замын түгжрэл, тоос шороо гээд тэднийг бухимдуулах зүйл бишгүй. Харин энэ жилээс зам барилгын ажил аажуу эхэлж байгаа болоод ч тэрүү эсвэл нийслэлийн удирдлагууд замын хөдөлгөөнөө дугаараар зохицуулдаг болоод ч тэр юм уу замын түгжрэлээс үүдэлтэй хямрал бага байх шиг. Энэ жилийн хувьд 18 газарт зам барилгын ажил явагдаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр гэхэд л Олимпийн гудамж, сэлбийн гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Мөн энэ сарын 4-нд хөдөлгөөнийг нь хязгаарласан Дандарбаатарын гудамжны хучилтын ажил эхлэхэд бэлэн болсон талаар албаныхан мэдээлж байна. За, хотын төвийн замууд ийнхүү хэд хоног хаагаад замаа шинэчлээд байдаг юм байж. Харин захын хорооллын ялангуяа хот руу орж ирж байгаа замууд яах вэ? Хот руу орох гээд хээв нэг явж байхад машины дөрвөн дугуйг тарж унагах шахдаг зам олон байдаг. Ямар сайндаа л гадныхан монголын замд бүүвэйлүүлдэг гэж ёжлуулахав дээ. Тэдний нэг нь Био-гийн зам. Энэ жилийн зам засварын ажил жинхэнэ там болсон энэ замыг засварлах ажлаар эхэлсэн. /Зургийн тайлбар: 22 товчооны зам/

 

Учир нь Нисэхийн товчооноос Биокомбинат хүртлэх авто замыг 1972 он, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд түүнээс хойш ганц ч удаа их завсар хийгдээгүй юм. Бүхэл бүтэн 20 гаруй жил гар хүрээгүй энэ замыг шинэчлэх ажилд нийслэлийнхэн ихэд санаа тавьж байгаа сурагтай. Арга ч үгүй биз 30,4 тэрбум төгрөгөө хэн ч салхинд хийсгэхийн хүсэхгүй шүү дээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Нисэхийн товчоо – Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Тотал Инж” компанид хариуцуулан өгөхдөө хаана хаанаа хариуцлагатай ажиллахыг үүрэгдсэн. Мөн тус компанийнханд талархал илэрхийлсэн. Учир нь энэ замыг 2014 онд хүлээгэн өгнө гэж гэрээн дээрээ заасан ч хариуцагч компанийхан ирэх 11 дүгээр сар гэхэд хүлээлгэн өгнө хэмээн амласанд ийнхүү хотын дарга талархжээ. Уг нь энэ зам ийм гамшиг дээрээ тултлаа муудахгүй байсан юм. Нийслэлийн ойролцоогоос хайрга олборлодог компанийн том оврын машинууд өдөржин холхисоор ийм байдалд хүргэсэн. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ замыг ашиглалтанд орсоны дараа том оврын машиныг хөдөлгөөнийг хорих шийдвэр гаргахаар болсон байна. Уг нь шинэхэн ашиглалтанд орсон замуудаа энэ мэтээр эхнээс нь ариг гамтай хэрэглээд явбал насжилт нь удаан, нийслэлчүүд ч уцаар багатай байх биз ээ. Тиймдээ ч түүний гаргасан шийдвэрт нийслэлчүүд талархаж байна. /Зургийн тайлбар 22 товчооны шинэчлэгдэж буй зам/


Түүнээс гадна наадам ойртонгууд л санадаг нэг зам бол яах аргагүй 22 товчооны зам. Сүүлийн хоёр жил энэ зам жолооч болон ойр хавийнхныг үнэндээ байж суухын аргагүй болгож байгаа. Энэ хавьд өдөрт дор хаяж гурав, дөрвөн машин мөргөлддөг гээд бодохоор ямархуу зам гэдэг төвөггүй санаанд бууж байгаа биз. Уг нь замын үе үеийн удирдлагууд наадмаас өмнө бэлэн болго гэсэн лүндэн буулгадаг ч гүйцэтгэгч компаниуд нь элдэв шалтаг тоочсоор өнгөрөөдөг. Харин олон дуншсан энэ зам өнөө жилээс гараас гарах нь. Тус замын ажлыг “Чи Чи Ха Ар" ХХК, “Бэрх Зараа” ХХК, “Эрдэнэ зам” ХК, “Тэгшт плант” ХХК зэрэг компаниуд олны хүчээр дуусгахаар ажиллаж байна. Наадам айсуй. Наадам ч яах вэ, болдгоороо болно. Харин түүнээс өмнө 22-ын товчоо орчмын зам л гэх асуулт хариулттай болж, ирэх долдугаар сарын 5 гэхэд ашиглалтанд оруулахаар шамдуулж эхэлж. Ер нь тухайн улс орны хөгжлийг замаар нэг шалгадаг гэдэг. Манайхан нэг үеэ бодвол замаа тавьж сурч байгаа. Заримдаа амралтын өдрүүдэд хөдөлгөөнийг нь хаагаад зам хийчихдэг үе ч бий. Дээр нь нийслэлийг энэ жил өөр хүмүүс удирдаж байгаа. Тэд хэр удирдаж, хэр ажиллаж байгааг үүнээс л харна. Гэхдээ тэдний ажлын эхлэл ийнхүү сайн тавигджээ. Гараа сайн бол бариа сайн гэж..

 

26 жил гар хүрээгүй Био-гийн зам

Засвар шинэчлэлийн ажил ид өрнөж байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top