Н.Баярмаа: Хар бор ажил хийж, хуушуур зарж явсандаа би хэзээ ч ичдэггүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 11

“Азийн belly dance” тэмцээний цомын эзэн Н.Баярмаа гэх эл бүсгүй араб бүжгээр галбиржуулан тураах төвийн тэргүүнээр ажилладаг гэдгийг уншигчд маань мэдэх биз ээ. Олонд улсад алдартай Belly dance нь охид эмэгтэйчүүдийн бие галбирыг үнэхээр төгс сайхан болгодог хэмээн мэргэжилтнүүд ч баталдаг гэх. “Монголын belly dance”-ийг хөгжүүлэх төвийн тэргүүн Н.Баярмаатай уулзаж ярилцсанаа толилуулья.

-Belly dance бол араб бүжиг хэмээн ойлгох хүн олон бий. Ихэвчлэн өгзөг, бэлхүүс, цээжний хөдөлгөөнөөр тодорхойлогддог энэ бүжгийн талаархи ойлголтыг уншигчдад маань өгөхгүй юу?

-Belly dance нь анх Араб, Египет улсад үүсч хөгжсөн хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Ерөнхийдөө бараг Ойрхи Дорнодод үүссэн гэж хэлж болохоор юм. Сүүлийн үед trible буюу fujin урсгал түлхүү орж ирээд байгаа. Snep charmon буюу могойн хөдөлгөөнийг багтаасан, хүндхэн төрөл гэдгийг Belly dance сонирхогчид мэднэ л дээ. Биеийнхээ бүх хэсгээр хөдөлдөг их гоё төрөл юм. Улс орнууд Belly dance-ийг өөрийн хэмжээнд хөгжүүлэн, тухайн орныхоо бүжгийн хэлбэрийг багтааж эхэлсэн нь Олон улсын тэмцээнд оролцож байхад үед анзаарагдсан л даа. Араб, Египетээр зогсохгүй Турк, Морокко зэрэг улс орон болгоноос өөрсдийн үндэсний хэв шинжийг агуулсан Belly dance-ээр оролцож байна. Саяхан бүр Япон, Солонгос бүжигтэй холбосон Belly dance-ийг үзлээ, их өвөрмөц санагдсан шүү. Belly dance энэ маягаар сүүлийн жилүүдэд маш эрчтэйгээр хөгжиж байна.

-Belly dance-ийг үндэслэгч нь яг хэн юм бэ?

-Шакира шүү дээ. Латин Америкийн бүх бүжгийн төрлүүдтэй Belly dance-ийг холбон, өөрийн дуутай хослуулан поп R&B урсгал руу оруулж ирснээрээ дэлхий нийтэд танигдсан төлөөлөгч гэж явдаг юм билээ. Түүнээс гадна Беонсе, Женнифер Лопез, Николь Шерзинггер зэрэг дуучид ч Belly dance-ийн төлөөлөгчид гэж бичигдсэн байдаг.

-Бэлхүүсний бүжиг гэхээр л манайхан ихэвчлэн Энэтхэг бүжгээр төсөөлдөг шүү дээ. Түүнээс юугаараа ялгаатай вэ?

-Энэтхэг бүжгийг манайхан Belly dance-ээс өмнө харж, мэдсэн нь үнэн. Энэтхэг бүжиг маш хурц, эрч хүчтэй хөдөлгөөнөөс гадна харцны тоглолт ихтэй, таазны хөдөлгөөн голчилдог. Belly dance бол эмэгтэй хүний бие галбир, гоо сайхныг бүх талаас нь харуулсан уян налархай, намуухан хөдөлгөөнүүдтэй. Толгой, цээж, тааз гээд л бүх үе мөчнүүд нь салж хөдөлдөгөөрөө Энэтхэг бүжгээс арай жаахан онцлогтой. Өөрөөр хэлбэл, Энэтхэг бүжиг гал цогтой, хурц дайчин хөдөлгөөнийг шаарддаг бол, Арабын Belly dance маань цаанаа л нэг зөөлөн, эмэгтэйлиг шинж чанартай хөдөлгөөнийг багтаасан байдаг. Belly dance-ээр хичээллэж байгаа хүн төрөлхий мэт уян налархай бүжиглэдэгээрээ ялгаатай.

-Илүүдэл жинтэй бүсгүйчүүд зөвхөн фитнессээр хичээллэх ёстой мэт ойлгох хүн ч цөөнгүй. Харин хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, бие галбираа гоё сайхан болгохоос гадна бүжгийн урлаг талаас нь Belly dance-ээр хичээллэх гэсэн хүмүүс хэр их байна вэ?

-Урлаг гэдэг чинь өөрөө их агуу ертөнц шүү дээ. Энэ ганцхан үгэнд миний хэлэх гэсэн бүх санаа багтана. Урлагийн тоглолт үзэж байгаа хүмүүс ямар их таашаалыг мэдэрч, адерналин ялгаруулдаг билээ. Уран бүтээлчидтэй хамт хөөрч догдлон, өөрөө урлагийн хүн болсон мэт баяр жаргалыг эдлэн бараг л “нисэх” шахдаг шүү дээ, зарим үед. Тийм гоё мэдрэмжийг энэ бүжгээс авдаг гэсэн үг. Товчхондоо бараг Belly dance-ээс дээд зэргийн аз жаргалыг бие, сэтгэлээрээ мэдэрдэг. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн ялгаагүй.

-Эрүүл мэндийн тал дээр ямар, ямар ач холбогдолтой юм бол?

-Belly dance-ийн анх үүссэн хөдөлгөөний техник нь хүний 12 нугалаа гэдсийг маш сайн цэвэрлэж, гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ач холбогдолтой. Хүзүү, нурууны шохойжилтийг бүрэн арилгаж өгдөг. Belly dance-ээр хичээллэснээр тухайн хүний хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирч, бодисын солилцоо зөв голдьрилд ордог учраас өтгөн хатах, шээс алдах зэрэг асуудлаас ангижирч чадна. Дотроосоо эрүүлжиж эхлэхээр арьс цэвэршиж, нүүрний сэвх толбонууд арилна гэсэн үг. Хүзүү, нурууны хэсгээр шохойжилт үүсээд ирэхээр харалдаа эрхтнүүд нь өвчлөөд эхэлдэг нь нууц биш. Тухайлбал, нурууны шохойжилт болон гажилт үүссэн хүний зүрх, элэг, бөөр өвдөж эхэлнэ. Belly dance-ээр биеийн бүх хэсгийн шохойжилтийг арилгадаг учраас таван цулын эрхтэн эрүүлжиж, бие галбирын хувьд ч тодорхой өөрчлөлтүүд гардаг юм.

-Тэгвэл та үйлчлүүлэгчдийнхээ бие галбир төдийгүй эрүүл мэндийн хувьд ч давхар эмчилгээ хийдэг гэсэн үг үү?

-Тийм ээ. Миний хувьд, ихэвчлэн Belly dance-ээр хичээллэж байгаа хүмүүсийн нурууны асуудалд анхаарал тавьдаг. Эхний ээлжинд 12 нугалаа гэдсийг нь цэвэрлэж, хоолны дэглэм шаардана. Нойр, хоолыг нь хяналтандаа авсны дараа нурууны шохойжилт арилгах дасгалуудаа зааж эхэлнэ. Ингэснээр тухайн хүний зүрх, элэг, бөөр, цөсний үйл ажиллагаа эрс сайжирч байгаа нь мэдэгддэг. Belly dance-ээр гурван сар хичээллэж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, бие галбирын хөгжил мэдэгдэхүйц сайжирсан байдаг шүү. Тэгэхээр энэ бол бүжгээр дамжуулсан эмчилгээ гэсэн үг.

-Бүжгээр эрүүлжиж, бас илүүдэл жингээсээ сална гэдэг сайхан л юм?

-Дорнын бүжгийн нэг гайхалтай зүйл нь гэвэл, эмэгтэй хүний бие галбирыг төгс сайхан буюу вааран хэлбэртэй болгож өгдөг. Бэлхүүс нарийсч, өгзөг болон гуяны хэлбэр маш зөв хөгжихөөс гадна цээж, хөх, гарын булчингууд чангарах зэргээр ялгарал өгсөн байдаг л даа. Тэгсэн атлаа хэт туранхай биш байдаг. Belly dance-ээр хичээллэдэг хүүхнүүд өөрт тохирсон бие галбиртай болж, зохих хэсгийн булчингуудаа хөгжүүлж чаддаг. Бэлхүүс нь нарийхан мөртлөө өгзөг, цээж томтой харагддаг. Манайхан “Нүд дүүрэн” гээд л ярьдаг шүү дээ, яг түүн шиг. Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань суугаа ажлаас болоод ч тэр үү, нуруу нь нэлээд бөгтөр явах болж. Тиймээс би хүзүү, нурууны шохойжилт арилгахаас гадна бөгтөр засах дасгалуудыг нэмэлтээр оруулж ирсэн. Мөн буруу алхаж гишгэснээс болж хүүхнүүдийн гуя, шилбэний булчин гадагшаа эргэж байгаа нь анзаарагддаг. Тэгвэл би алхаа гишгээ болон хөлийн майга, булчингийн хөгжлийг засах дасгалууд зааж өгнө. Belly dance маань бэлхүүсний бүжиг гэж орчуулагддаг шүү дээ. Эмэгтэй хүний бэлхүүсний эргэн тойронд байгаа булчингуудыг маш сайн ажиллуулж өгснөөр тэр хэсгийн арьс чангарч нарийсахаас гадна тодорхой хэмжээний булчин суудаг. Тэгэхээр Belly dance бол эмэгтэй хүний бие галбирыг маш гоё, зөв, төгс болгодог гэж ойлгож болно.

-Үйлчлүүлэгчид тань насны хувьд хэр ялгаатай вэ. Хичээллэх цагийн хуваариа өөрсдөө сонгох боломжтой юу?

-Манайд 04-өөс 70 хүртэлх насны хүмүүс хичээллэдэг. Өглөө 07.00-09.00, 09.30-11.00, 12.30-13.00, 18.30-20.00, 20.30-21.00 цагийн ангиудаас сонголтоо хийж, бүртгүүлээд орох боломжтой. Анхан, дунд, гүнзгий шатны анги бий. Ялангуяа баруун дөрвөн замд байгаа “Монголын belly dance”-ийг хөгжүүлэх төв”-ийн VIP салбарт маань анхан шатны анги нээгдэж байгаа учраас эхлэн суралцагчдад илүү боломжтой гэсэн үг. Өдрийн хувьд 07.00-09.00, 18.30-20.00 цагийн ангиуд өдөр бүр хичээллэдэг бол, бусад анги нь долоо хоногт гурван удаа хичээллэдэг.

-Таны хувьд, энэ бүжгийг хаана сурсан бэ. Олон улсын тэмцээнд оролцох саналыг хаанаас авсан бэ?

-Би анх “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байхдаа сурсан. Үзүүлэх тоглолтын хэсэгт Шакирагийн дуун дээр бүжиглэж, анх тайзан дээр гарсан чинь хүмүүс маш сайхан хүлээж авсан. Үүнээсээ урамшаад “Ер нь энэ бүжгийг мэргэжлийн хэмжээнд хүртэл нь сурч Монголд оруулж ирэхэд яагаад болохгүй гэж” хэмээн тухайн үедээ өөртөө ахадсан маш том зорилго тавьсан даа. Хүн санасан зорьсондоо тууштай байж, хөдөлмөрлөж чадвал юуг ч бүтээж чадах юм байна гэдгийг ойлгосон шүү. 2002 оноос эхлэн Belly dance-ийг сонирхогчийн хэмжээнд судалж, анхан шатны элементүүдээс нь суралцах болсон. Тэр бүхэн маань маш том дадлага болсон гэх үү дээ. Belly dance-ийг судлаад үзсэн чинь бусад бүжгийн төрлүүд шиг Ази болон Олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг тэмцээн, уралдаан цөөнгүй байсан. Тэгээд би эхний ээлжинд Азийн тэмцээнд оролцож, ур чадварынхаа түвшинг мэдэж авья гэж зорьсон. Гадагшаа дотогшоо янз бүрийн тоглолтод оролцож явсан маань ч их хэрэг болсон доо. Олон улсын тоглолтод оролцоод явж байтал Минисини гэх Италийн бүжигчин, Belly dance-ийн Олон улсын тэмцээний шүүгч эмэгтэй надад санал тавьсан юм. “Чамаас ямар нэгэн өөр зүйл мэдрэгдэж байна. Төрөлхийн ч юмуу өвөрмөц онцлог анзаарагдлаа. Чи үүнийгээ алдаж болохгүй” гээд урьд нь юу хийдэг байсныг минь асуусан. Би хүүхэд байхаасаа л нугардаг байсан тухайгаа хэлтэл “Азийн болон Олон улсын тэмцээнд оролцоод үзээч. Би чамайг бэлтгэе, чи сайн сураарай” гэж урьсан юм. Тэгж л бид хоёр багш шавийн барилдлагатай болсон улс даа. “Азийн belly dance” тэмцээнд оролцоод цомын эзэн болж, эх орныхоо нэрийг Олон улсын тэмцээн дээр дуурсгаж чадсандаа үнэхээр их баярласан шүү.

-Өөрөө багш болоод энэ талаар багагүй судалж, мэргэжлийн түвшинд хүртэл нь шавь нараа бэлтгэх цаг ирсэн биз?

-Тэгэлгүй яахав. Тодорхой хэмжээнд судалж, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай тулгарсан. Одоо хэр нь судалж байгаа, цаг нь ирэхээр хүмүүст хүргэнэ дээ.

-Таны үндсэн мэргэжил юу вэ?

-Жүжигчин. Түүнээс гадна оюутан байхдаа дуу, бүжгээр давхар суралцдаг байсан маань их хэрэг болсон гэж боддог юм. Одоо бүжгийнхээ хажуугаар дууны уран бүтээл хийгээд л гүйж явна.(инээв) Бага байхдаа уран нугаралтаар хичээллэдэг байсан юм. Даанч тархи хөдөлснийг мэдэлгүй жаахан удаачихсан болохоор эмчилгээний зааврын дагуу нугарахаа больсон түүхтэй. Харин энэ бүжиг ямар нэгэн доргилт өгдөггүй, уян хатан хөдөлгөөнүүдтэй байхаас гадна сэтгэлийн маш их таашаалыг өгдөг.

-Уучлаарай, зарим талаар энэ бүжгийн хөдөлгөөнийг хэтэрхий эротик гэж шүүмлэх асуудал гардаг. Таны ярилцлагуудаас ч иймэрхүү зүйл анзаарагдсан л даа?

-“Belly dance бол эмэгтэй хүний бие галбирыг илүү секси болгодог” гээд хэлчихсэн чинь зарим сонин, сэтгүүл дээр “Секс машин болгодог” гэчихсэн байна лээ. Би үнэндээ тэгж хэлээгүй шүү дээ. Зарим сонин, сайт, сэтгүүлээс зөвхөн өөрсдийн борлуулалт, эрх ашгийн төлөө бусдын эрхэнд халдаж, хэлсэн үгийг нь гуйвуулаад бичих тохиолдол цөөнгүй гарч байгаад гомдолтой явдаг. Мэдээж, манай төвд олны танил хүмүүс үйлчлүүлдэг. Гэтэл тэдний хувийн мэдээллийг тарааж, өөрийнхөө үйл ажиллагааг сурталчилдаг гээд л намайг гүтгэсэн байна лээ. Өглөөнөөс орой хүртэл ажлаа хийж, амрах ч завгүй гүйж байгаад ийм хэл аманд орчих юмаа. Цаг хугацаа бүхнийг харуулах байлгүй дээ. Би хэний дургүйг хүргэж, хэнд атаархуулаад байгаа юм бол... Гэхдээ яахав ээ, “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэдэг шүү дээ. Ажил, уран бүтээлээ хийгээд явж байхад болох байх аа. “Сайн явах санааных” гэсэн үг миний амьдралын ганц уриа.

-Бүжгийн гоёлоо та өөрөө урласан гэл үү?

-Хүүхэд байхаасаа л юм оёж шидэх дуртай байсан даа. Хүний гар харах дургүй, ямар ч ажлыг өөрийн гараар хийж дуусгах гэж зүтгэдэг нь миний зан. Эмээ өвөө хоёр маань намайг тэгж хүмүүжүүлсэн, энэ нь ч их тус болж байна даа. Аравдугаар ангиа төгсмөгц эмээ өвөө хоёр намайг “Хүн ажлыг бага гэлтгүй хийж сурах хэрэгтэй” гээд ээжийн ажилд цэвэрлэгчээр оруулсан. Дараа нь бас “Эмэгтэй хүн үйлэнд уран байх хэрэгтэй” гээд л Хүүхдийн хувцасны үйлдвэрт оёдолчноор оруулчихлаа. Энэ мэтээр зөндөө л ажил хийж үзлээ. Оюутан байхдаа сургалтын төлбөрөө олох гэж хоол хийж зардаг байлаа. Миний хувийн амьдрал тэр болгон бусдад ил байдаггүй. Гэхдээ би багаасаа хар бор ажил хийж, хуушуур зарж явсандаа ичдэггүй. Эрт биеэ дааж, зургадугаар ангид орсноос хойш гэрийнхэнээсээ хоол, унааны мөнгө авахаа больсон. Би ямар нэгэн дүрд тоглох дургүй, байгаагаараа л байхыг хүсдэг. Хүний амьдрал шүү дээ, энэ чинь. Хуушуур зараад явж байснаа бодвол би өнөөдөр хүсэл зорилгодоо хүрчихсэн байна шүү дээ. Би бүжгийн болон гоёлын хувцас, чимэглэлээ өөрөө оёж бэлтгэдэг. Тэр нь ч мөнгөнд хэмнэлттэй. Уг нь гэрийнхэн маань намайг дизайнер болгохыг хүсдэг байсан юм. Надад ч гэсэн загвар зохион бүтээх сонирхол, мэдрэмж бий. Найз нар маань дэлгүүр хэсэхээрээ намайг дагуулаад явчихдаг шүү дээ.(инээв) Шинэ жилээр ганц хоёр даашинз урлаад зарчихна аа, бас.

-Гэр бүлтэй юу, та. Амжилттай яваа эмэгтэйн ард ямар халамжтай залуу байгаа бол гэж сонирхох хүн цөөнгүй байдаг байх?

-Найз залуу бий, тэрэнтэйгээ маш удаан хугацаанд үерхэж байна. Түүндээ маш их хайртай. Залуу хүмүүс болохоор бие биеэ дэмжээд болж л байна.

-Таныг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэсэн, үнэн үү?

-Үгүй ээ, өөрийн чинь амнаас л сонсч байна шүү дээ. Ер нь алхам тутамдаа шоконд орчих бололтой дог.(инээв)

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одко(150.129.142.236) 2025 оны 03 сарын 13

Hudulmurch saihan emegtei. Olon ohidod goo zuin Bolovsrol olgoj yavaa. Dor doromjilson humuusiig bodvol hiisen yumtai. Mongoliinhoo neriig olon ulsad dursgaj chadsan l hundee. Ta nariig site uhaj hun doromjilj suuh ter agshind....

1  |  0
ЗЗ(180.235.187.179) 2025 оны 03 сарын 13

Хэ хэ за ёстой юм оёод хуушуур зараад явсныг нь санахгүй юмаа. Харин стриптиз үзүүлж байсан нь үнээн. Гэхдээ хаа очиж журамтай байсан байх шүү. Жаахан маанагдуу нь ч маанагдуу байсаан байсан. Мэднэ шдээ чамайг

1  |  0
zochin(110.33.220.125) 2025 оны 03 сарын 13

bayr hurgey.amjilt

1  |  0
poij[opj(122.201.18.51) 2025 оны 03 сарын 13

tsarai ni ch gsn teneg

1  |  0
poij[opj(122.201.18.3) 2025 оны 03 сарын 13

shal shijgiin gvzeetei l yum bshd oligtoi bvjiglej chaddaggv l bz de

1  |  0
HEHE(81.247.185.67) 2025 оны 03 сарын 13

ZA DAA BELLY DANSIIG SHAKIRAAGAAS UMNU ARABUUD BUJIGLDEG BAISAN SHUU DEE.NUGUU ARGO SHIG HARIULT UGCH BAIH SHIV DEE.ESTOI MONGOLCHUUDIIG MANGARUUDAA L GEJ BAIH SHIV DEE.

1  |  0
1(202.179.20.219) 2025 оны 03 сарын 13

энэ нугарч байгаа толгойдоо юмтай болчихсон юм уу хайшаа юм. тэр ярьж байгаа юм нь орон гаран юм шиг

1  |  0
аа(203.194.116.29) 2025 оны 03 сарын 13

2002 оны үед тайчдаг байсын.

1  |  0
Gerlee(96.26.103.84) 2025 оны 03 сарын 13

Nemj helhed aldsan ch onoson ch baigaa gazraa baigaa hemjeendee shiniig setgej shiniig buteeh gej oroldoj yavdag humuus hamgiin mundag zorigtoi huchirheg humuus gej bi huvidaa boddog

1  |  0
Gerlee(96.26.103.84) 2025 оны 03 сарын 13

Hudulmurch daichin saihan ohin bn shuu. Bi turanhaiduu hernee jaahan harvintai. Ene bujgeer hicheellenee.

1  |  0
эр хүн(202.72.245.70) 2025 оны 03 сарын 13

сайхан л бүсгүй байна

1  |  0
111(49.0.206.11) 2025 оны 03 сарын 13

Сайт бүр дээр л өөрийгөө бичээд байхын.Наад хичээллүүлдэг юм чинь тийм л мундаг юм бол чиний наад гэдэс чинь яагаад ийм байгаа юм?Худлаа ш дээ.Манай нэг найз бараг 3 сар үүгээр хичээллээд нэг их том таазтай л болсон.Улаан цайм харвингаа унжуулчаад л худлаа яриад байх юмаа?!

1  |  0
Ёстой сайхан амттан байна(122.201.18.3) 2025 оны 03 сарын 13

Ёстой сайхан амттан байна

1  |  0
зочин(182.160.7.241) 2025 оны 03 сарын 13

Хүн хаана амьдрах нь чухал биш яаж амьдрах нь чухал шүү дээ гэр хорооллын хүн болгон муу муухай байдаггүй л байх тэнэг сэтгэхээ болиосой

1  |  0
өвөө(202.179.26.199) 2025 оны 03 сарын 13

ятар халтар амитан бэ? энэ лав гэр хорооллолынх эсвэл хөдөөнийх байхаа. энэ бид хоёрын бусдыг эрүүлжүүлэх гэж уюу байдаг юм .

1  |  0
Top