Шинэ санаа, шинэ ажлын талаар ярилцдаг “Өглөөний шинэ санаа” уулзалтдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэг татвар төлөгчдийн төлөөллийг урьж, өглөөний цай ууж, яриа өрнүүлжээ. Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Булган, Дорноговь, Өвөрхангай, Төв зэрэг аймаг, нийслэл хотод ноос ноолуур, төмс, хүнсний ногоо, эрчим хүч, тээвэр, амралт сувилал, хэвлэл мэдээллийн салбарт ажлын байр бий болгож, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлдэг 15 аж ахуйн нэгжийн удирдлага Засгийн газрын тэргүүнтэй санал бодлоо хуваалцаж, амжилт ололт, тулгарч буй асуудлаа хэлж, хамтдаа гарц хайжээ. Эдгээр нь 2013 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан 100 компанийн төлөөлөл юм байна.
Хужирт рашаан сувиллын захирал Рашаан сувиллын үндэсний хөтөлбөр гаргаж, ахмад настнуудаа амралт сувиллын газраар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлмээр байна гэж байлаа.
Ажлын байр түрээсэлж, худалдаа эрхэлдэг “Дархан тээвэр” ХХК-ийн захирал дарханчууд ажил, орлоготой байгаасай гэж хүсдэг гэсэн нь монгол хүн бүрийг ажилтай, орлоготой болгох Засгийн газрын гол зорилттой нийцэж байна гэж үзэв.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэлэнгэ, Төв аймгийн удирдлагуудтай уулзаж, төмс, хүнсний ногооны зоорины асуудлаар ярилцаж, шийдвэр гаргана гэж хэлжээ. Мөн эрчим хүчний салбарын монопол байдлыг задлах нь зүйтэй гэсэн санал энэ үеэр гарчээ.
Дэлхийн зах зээлд гарах брэнд бүтээгдэхүүн бий болгох нь Засгийн газрын зорилт. Тиймээс ноос, ноолуурын салбарт онцгой анхаарч ажиллаж байгаа. Ерөнхий сайдын өрөөнд 6 удаагийн уулзалт, танилцуулга хийж ярилцсаны үр дүн гарч байгаа гэдгийг “Алтай кашмир”, “Могол ноос” компанийн захирлууд хэлсэн байна.
Ерөнхий сайд энэ уулзалтын дараагаар “Шилдэг татвар төлөгч”-ийн батламж, цомыг тэдэнд гардуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )