Хүүхэд гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

-Би дахиад хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна. Өмнөхийгөө яая гэж байхад бас нэг гай.

Нүдээ ч цавчихгүй ингэж ярих бүсгүйчүүдийг хараад гайхах, зэмлэх зэрэгцэх юм. Бид ч бас нэгэн цагт хүүхэд байсан. Гэхдээ хэдий ад үздэг соци нийгэм ч гэсэн бидний ээж аав "гай" гэсэн өнцгөөс бидэнд хандаагүй нь ёстой л аз юм даа. Хэрвээ тэгээгүйсэн бол өнөөдөр бид "сураггүй" байхгүй юу.

Ер нь хүүхэд гэж хэн юм? Үнэхээр тийм гай хөөний "уут" юм уу. Орой үдэш шоудмаар байхад гаргадаггүй "чөдөр" үү, эр нөхрөө хажуудаа барих, хайртай залуугаа өөртөө хүчээр татах "соронз" уу? Эсвэл уйдаагаа гаргах гээд заазуур, гарт тааралдсанаараа балбаж суудаг "мишонк" уу. Хоногийн хоолгүй хэн нэгний тэврээд гардаг өрөвдүүлэх "зэвсэг" үү? Үгүй шүү дээ.

Бага байхын л Христийн цуглаанд явдаг байсан би, хамгийн сүүлд очоод сонссон зүйлээ та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. Миний хамгийн сүүлд цуглаанаас сонссон сургааль хүүхдийн тухай байлаа. Тэрнээс хойш тийшээ явах завдал болоогүй, боломж ч гарсангүй. Тэр сургаалийг сонссоны дараахан бие давхар болсон болохоор их л хэрэгтэй зүйл мэдэж авч дээ гэж бодсон шүү.

Ингээд хүүхэд гэж хэн бэ?

 

1.Бурханы өгсөн бэлэг.

Хүссэн хүн болгон үр хүүхэдтэй болж чадахгүй. Хүүхдэд ч гэсэн өөрийн гэсэн хувь тавилан , зураг төөрөг бий. Бурхан таны амьдралд энэ нандин бэлгийг илгээсэн бол талархан хүлээж ав. Харин өмнө нь мэдээж хүүхэдтэй болохоор шийдсэн бол бэлтгэлээ хийх хэрэгтэй. Согтууруулах ундаа, бас бус зүйлсээс татгалзах гэх мэт.

2.Хүүхэд танай гэр бүлийн толь.

Тухайн айл ямаршуу айл вэ гэдгийг хүүхдээр нь дүгнэж болно. Хүүхдэд дүр эсгэх, муу санаа гаргах, "баг" өмсөх мэтийн томчуудын санаа суугаагүй байдаг. Гэртээ ямар байдаг, яг тэр байдлаа гадаад ертөнцөд харуулдаг. Хажууд нь үг яриа, үйл хөдлөлөө их л бодох хэрэг гарах нь дээ.

3.Хүүхэд танай зочин.

Насанд хүрсэн хойноо гэрээсээ явж гал голомтоо бадраадаг тул хүүхэд танай зочин. Зочинтой бид яаж харьцдаг билээ? Хүндлэх хэрэгтэй. Хоол ундгүй өлсгөж болохгүй гэсэн санаа явж байгаа юм л даа. Ямар ч л байсан ирсэн зочин руугаа заазуур далайдаггүй.

4.Хүүхэд бол тагнуул.

Анзаарсан бол айл айлын хүүхдүүд тоглохдоо хүртэл өөр өөр сэдэвтэй байдаг биз дээ. "Би чамаас саллаа. Охиноо ч гэсэн аваад явна" гэж ярих хүүхэд байхад, "Одоо бүгдээрээ сайхан хоолоо идэцгээе. Хайртай шүү" гэх нь ч байдаг. Гэртээ болсон бүх үйл явцыг тоглоом, бусадтай харилцах байдлаараа илтгэдэг тул тагнуул гэсэн тодорхойлолт хол зөрөөгүй санагдсан.

Нэг ийм л хэв шинжтэй нөхдүүдийг хүүхэд гээд байгаа юм шүү дээ. Нэмж өөрийн зүгээс хэлэхэд, би хүүхдээ надтай адилхан хувь хүн гэж боддог. Заримдаа хэтэрхий том хүнтэй ярьж байгаа юм шиг харьцдаг гэж зэмлүүлдэг ч нэг их ялгаагүй санагдана. Хүүхэд бол хүн. Нэгэнт "урьж" авчирсан зочноо байх хугацаанд нь хэрхэн ая тухтай байлгахаа гэрийн эзэд шийдэх болно. Хүүхэдтэй болохтой зэрэгцэн үй олон "зааварлагч" гарч ирнэ. Тэрийгээ ч тэг, энийгээ ч ингэ гэхийг нь ханатлаа сонссон. Мэдээж хүний үгнээс хэрэгтэйгээ авалгүй л яахав. Хэрэггүйгээ харин хол гэгч нь хая. Хэрвээ таны хүүхдэд ямар нэг асуудал гарвал хариуцлагыг та өөрөө л хүлээнэ шүү дээ. Нөгөө олон зааварлагчид "сураггүй" байх болно. Ер нь тэд анхнаасаа л бүгдийг мэддэг төгс байсан уу гэвэл үгүй шүү дээ. Бас л бидэн шиг учраа мэдэхгүй үе байсан л байж таараа. Тиймээс үнэхээр сайн аав, ээж болно гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

Б.Ундрал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Anujin(64.119.19.45) 2025 оны 03 сарын 13

Mundag bichsen bna

1  |  0
eej(94.212.65.232) 2025 оны 03 сарын 13

Huuhed bol bidnii oorsdiigoo harah toli gehed bolno. Gehdee gadaad taliig bish dotood taliig l hardag . Bit ireeduid bichigdeh tuuhee odoonii huuhduuddee haruulj bdag. Asar ondor hariutslaga yum.

1  |  0
Top