Урна Цахар Тугч...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

Энэ дууч бүсгүйг би танихгүй. Мэдэхгүй.

Гэхдээ би түүнийг сайн таньдаг. Бүтээлээр нь “Бүүвэй”, “Санжидоржи” дуугаар нь таньдаг бас мэдэрдэг.

Тэр нанхиад үндэстний уудам нутаг дэвсгэрт амьдрах түмэн хэлийн ард түмний дундаас төрж Ази даяар алдаршсан төдийгүй хөгжмийн хэлээр ярьдаг суутнуудад ч өндөр үнэлэгддэг нэгэн гэх.

Өнгө будгийн нөлөөнд огтхон ч автаагүй бордуу дүр төрх нь цаанаа л зөөлөн. Өөрийн эрхгүй “Байгалийн унаган төрхөөрөө” хэмээн дотроо дуу алдан тодорхойлмоор. Түүнд бусдын адил оо энгэсэг огтхон ч зохихгүй. Гагцхүү байгалиас заяасан, эхээс төрөхдөө авч үлдсэн эл бор "дүрхэн" гоо үзэсгэлэн юу юунаас илүү зохьдог юм. Түүний дууны клипэн дэх цөөхөн хэдэн зураг энэ бүхнийг өгүүлдэг.


Түүний дуулсан дуунд нь би “шунан дурладаг”. Сэтгэлийн эрч хүч, сэтгэлгээний хязгааргүй эрх чөлөөг мэдрэн мэдрэн сонсдог. Яг л элсэн цөлд дэх бяцхан тойрмын усыг уухаар үхэн хатан тэмцэж байгаа амьтан мэт. Бас хязгааргүй огторгуйн зүгээс хөхөмдөг гэгээ татуулан урсан ирэх үл таних аялгууг чих тавин сонсох мэт. Хязгаар хярхаггүй цэлийсэн тал нутаг, хөхөмдөг уулс, хайлсан цасны шар ус хоржигнон сонсогдох шиг, салхины аясаар шуугих моддын чимээ шиг, үүрийн цагаан гэгээ тооноор тусах тэр л эгшин шиг, хөхүүртэй айраг исэж шуугих шиг, ингэ ботгоо хайн буйлах шиг тийм л гэгэлзсэн, урссан аялгууг олж сонсдог.


Технологийн дэвшилтэт хөгжмийн хүчээр ямар нэгэн чимэг зүүлт зүүж гоё сайхан болгохоор нүсэрдүүлээгүй, бусдаас нэг л өөр, онцгойрон сондгойрохын тулд хоолойгоо шахахгүй. Хөгжмийн нүсэр аялгуунаас дуу хоолойг нь ялган сонсох гэж хүчлэхгүй. Чих толгойгоо зовоохгүй нэг л амар амгаланг мэдрэн сонсдог. Нүдээ аниад сэтгэлээ нээгээд сонс.

Агуу бүхэн энгийн тусмаа улам хүчтэй байдаг гэх...Хүчирхэг хэр нь зөөлөн, гэгээлэг, цагаан өнгийн урссан аялгууг сонсох сэтгэлийн тайтгарлыг мэдрэх болно.

Эл сэтгэгдлийг төрүүлэгч Урна Цахар Тугч энэ сард Монгол саатна. Түүний сэтгэлээс урссан “Тэнгэрийн шувуу” хүн бүхэнд хүрч дүүлэн ниснэ гэдэгт эргэлзэхгүй байна. Тэндээс алдарт “Бүүвэй”, “Санжидоржи”-г эвдрээгүй, эгэл хоолойгоор дуулахыг сонсох аз тохионо.

Урна Монголд ирэх шалтгаан тун энгийн. Түүнийг “Tseren tours”-ийн захирал Э.Цэрэндолгор хоёр дахь удаагаа урьж буй нь энэ. Урнагийн ертөнцтэй анхлан танилцаж түүнийг мэдэрсэн хүмүүсийн нэг. Бас дотны найз нь гэсэн. Урна Цахар Тугч гэж...

Ж.Нарангарав

Бүүвэй-Урна Цахар Тугч


Санжидоржи-Урна Цахар Тугч

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sod(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

harin teh gaixaltai

1  |  0
Бек(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Жигдэр нараа хө дууны үгийг бичээд явуулна уу. please

1  |  0
Top