Хонгконгтой ялтан шилжүүлэх хэлэлцээ хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 17

БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүстэй байгуулах Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээрийн анхны хэлэлцээ Хонгконгт хийгдлээ.

Энэхүү хэлэлцээг хийх Монголын талын багт Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газар, Хууль зүйн яам, Монголбанк болон бусад холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Хэлэлцээг манай талаас Монгол Улсаас БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсэд суугаа Ерөнхий консул ахалж Ерөнхий консулын газрын холбогдох ажилтнууд мөн оролцлоо. Хонконгийн талаас уг хэлэлцээг Хонконгийн Хууль зүйн департаментын олон улсын хуулийн хэлтсийн орлогч, ноён Вэйн Волш ахлан ажиллалаа.

Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай хэлэлцээр нь эрүүгийн гэмт хэрэгт холбоотой харилцан мэдээлэл солилцох болон эрүүгийн гэмт хэргийг мөрдөн байцаах шатанд шаардлагатай бусад хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээр нь ял эдэлж буй иргэдийг шилжүүлэн авах эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм.

Хэлэлцээ амжилтай болж, талууд хэлэлцээний протокол үйлдэн гарын үсэг зурлаа. Эрүүгийн хэргийн асуудлаар харилцан туслалцаа үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэн өгөх тухай хэлэлцээрүүдийг Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Хонконг Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар эцэслэн гарын үсэг зурсны дараа талуудын хууль тогтоох байгууллагууд соёрхон батлах юм.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top