Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж буй нийтэд зарлагдсан 23 үйлдвэрээс спиртийн 3, архины 10, шар айрагны 2, дарсны 2 нийт 17 газрыг хамруулан нийслэлийн мэргэжилийн хяналтын газраас шалгалт хийсэн байна.
Шалгалтанд хамрагдахаар нэр заагдсан 23 үйлдвэрээс “Спирт бал бурам” ХХКомпаний Улаанбаатар дахь салбар, “Аранзал трейд”, “Дөрвөн луу”, “Би Цэ”, “Морьтон монгол” ХХК-иудын архины үйлдвэрүүд, “Морьтон монгол хурд” ХХК-ийн спиртийн үйлдвэр нийт зургаан газар үйл ажиллагаагаа явуулаагүй түр зогссон байсан байна.
Тус шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдээс “Цэс Хайрхан” ХХК-ийн агуулахад , хадгалалтын хугацаа дуусч чанар, аюулгүйн шаардлага хангахгүй 4.2 тонн, чацаргана жимсний концентрацийг хураан авч, устгах акт тогтоолоо.
Мөн шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, зорилгоор “Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалтыг нийт шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдээс 30 хүн хамруулан зохион байгуулж, гарын авлага материалаар ханган ажиллаа.

Сэтгэгдэл ( 0 )