“Мэргэжил сурталчилах өдөрлөг” зохион байгууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Эрчим хүч, геологи, уул уурхай, барилгын салбарт мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг Налайх дүүрэг дэх Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр  “Мэргэжил сурталчилах өдөрлөг” зохион байгууллаа. Сургуулийн үйл ажиллагааг нийтэд сурталчилах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн суралцагчдад  мэргэжлээ  зөв  сонгоход  нь дэмжлэг  үзүүлэх зорилгоор уг өдөрлөг зохион байгуулагдсан юм. 

2013-2014 оны хичээлийн жилд тус сургууль мэргэжил эзэмшүүлэх 1 жилийн сургалт болон мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх 2,5 жилийн сургалтандаа барилгын засал чимэглэлч, барилгын мужаан, барилгын цахилгаанчин, авто машины засварчин, хүнд машин механизмын засварчин, хүнд машин механизмын оператор, өрмийн машинч, гагнуурчин, тогооч, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, метал боловсруулах суурь машины оператор, барилгын сантехникч, агаар сэлгэлт халаалт хөргөлтийн тоног төхөөрөмжийн угсрагч, дулааны цахилгаан станцын цахилгаан тоноглолын засварчин, өндөр хүчдэлийн монтёр зэрэг мэргэжлээр элсэлт авч мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр төлөвлөж байна. Харин элсэлтийн шалгалтыг 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 10 цагаас авч, бүртгэл 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top