Солонгос жүжигчний ачаар “эрэлт” нь нэмэгдсэн нууц ноёнтон

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

“Ийм нэгэн дурлал”, “Сайн, муу, хэрцгий”, “Миний хөрш чөтгөр” зэрэг кино зохиол бичсэн А.Миеэгомбо зохиолч, найруулагчаас гадна орчуулгын киноны дуу оруулагч гэдгээрээ үзэгчдэд танил болсон эр. Өөрийн нэртэй продакшин байгуулж, дэлгэцийн бүтээлд хүч сорих болсон тэрбээр аймшгийн киноны зохиол бичиж байхдаа үнэн голоосоо жихүүцэж байжээ. Кино зохиолоо ихэвчлэн шөнө бичдэг түүнд “Дэв” зохиолд гардаг үйл явдал үнэхээр бодит байдал дээр амилсан мэт санагдаж, айдаст автан суудаг байснаа дурсчээ.

“Болж байгаа үйл явдлыг би тархиндаа төсөөлж, нүдэндээ буулгаж бичдэг. Зохиолдоо орчихсан байх тэр үед энд тэнд юм дуугараад, хүн яваад байгаа ч юм шиг их эвгүй. Гэтэл инээдмийн кино бичихээр нөгөө инээдэмтэй үг хэллэг, үйл хөдлөлийг төсөөлөөд л ганцаараа инээгээд суудаг” гэж ярьсан зохиолч залууг найз нөхөд нь “Өөрөө хүн айхаар юм хийчихээд түүнээсээ айдаг сонин эр” хэмээн цаашлуулдаг гэнэ лээ.

Сонирхуулахад, мань эр оюутан байхдаа “Өвлийн хайрын дуу” киноны Чанвугийн дүрд дуу оруулжээ. Солонгос киноны сайхан залууд сэтгэл алдарсан үзэгч хүүхнүүд А.Миеэгомбыг эргүүлж, утсыг нь халтал ярьдаг байсан гэнэ. Түүнийг уг киноны гол дүртэй адилтган хайр зарласан нь тэр. Харин солонгос жүжигчний ачаар охид хүүхнүүдийн дунд “эрэлт” нь нэмэгдсэн нууц ноёнтон маань сэтгүүлч бүсгүйтэй ханилан энэ бүхэнд цэг тавьжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top