Дэлхий нийтээрээ Хэмжил зүйн өдрийг тэмдэглэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

Дэлхийн хэмжил зүйн өдрийг  “ХЭМЖИЛ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД” сэдвийн дор дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад Стандартчилал, хэмжил зүйн газраас орон нутгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс болон хэмжил зүйн салбарт хамтран ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагыг Олон улсын Жин ба хэмжүүрийн товчоо, Олон улсын Хууль эрхийн хэмжл зүйн байгууллагаас гаргасан “ХЭМЖИЛ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД” уриан дор өөрсдийн болон нийт хэмжил зүйчдийнхээ ололт амжилтыг тэмдэглэж, бидний нийгэм, эдийн засаг, өдөр тутмын амьдралд хэмжил зүй ямар үүрэг гүйцэтгэдэг, хэмжил хэрхэн хэрэглэгддэг, түүний ач холбогдлыг олон нийтэд таниулахыг  уриалан ажилласан юм.

 СХЗГ-аас “ХЭМЖИЛ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД” семинарийг БНСУ-ын Эталон эрдэм шинжилгээний хүрээлэн /KRISS/, ДЦС-4 ТӨХК-тай хамтран зохион байгуулж Монгол Улсын шадар сайдын ажлын алба, БНСУ-ын Эталон эрдэм шинжилгээний хүрээлэн /KRISS/-гийн төлөөлөл болон эрчим хүч, дулаан, ус хангамжийн байгууллагын болон хэмжил зүйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг урьж оролцууллаа. Оролцогчидоос, бидний өдөр тутам хэрэглэж байдаг цахилгаан, эрчим хүч, дулаан, ус хангамж хэрхэн тооцогдож, хянагдаж байдаг талаар болон хэмжил зүйн шинжлэх ухааны ололт, амжилтын тухайд БНСУ-ын Эталон эрдэм шинжилгээний хүрээлэн /KRISS/-гийн эксперт доктор Киу Вон Ли БНСУ-ын ЭЭШХ-гийн судалгаа, технологийн үйл ажиллагааны талаар илтгэл танилцууллаа. Семинарын төгсгөлд оролцогчид хэмжил зүйн үйл ажиллагаа, түүний чанар, хяналтын талаар санал, асуулт, хэлэлцүүлэг явууллаа. Семинарт тавигдсан илтгэл, хэлэлцүүлгээс хэмжил зүйн үйл ажиллагаа нь шинжлэх ухааны салбарын дэвшилт-хөгжил, байгаль орчин, эрүүл мэнд, хүнс, аюулгүй байдлын хэрэглээнд СИ системийн нэгжийг нэвтрүүлэхээс гадна эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төвлөрч чиглэж байгааг онцолж тодотголоо.

Ингээд Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Монгол Улсын  Шадар Сайд  Д.Тэрбишдагвын хэлсэн үгийг хүргэж байна.

Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан салбарын нийт ажилтан, албан хаагч, үе үеийн ахмадууд болон хэмжлийн нэгдмэл байдлыг эрхэмлэгч иргэн бүрт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Олон улсын хэмжээнд хэмжилзүйн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг үнэлж, дэлхийн нийтэд олон улс, бүс нутаг, үндэсний хэмжилзүйн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан дэмжих зорилгоор 1999 онд Франц улсын Париж хотноо хуралдсан  Жин ба Хэмжүүрийн хорооны 21 дүгээр Ерөнхий бага хурлаас жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн хэмжилзүйн өдөр болгон зарласан цагаас эхлэн дэлхий нийтээрээ уламжлал  болгон тэмдэглэсээр ирсэн билээ. 

Дэлхийн даяаршил нь хил хязгаарыг үл харгалзан хүн төрөлхтнийг улам бүр харилцан шүтэлцээ, хамааралтай болгож аюулгүй эрүүл орчинд амьдрах, ядуурал, тэгш бус байдал, эдийн засгийн хямрал зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэмжлийн гүйцэтгэх үүрэг, хариуцлага нийгмийн бүх салбарт чухал байр суурь эзэлж, харилцан итгэлцлийг бий болгосоор байна.

Үндэсний үйлдвэрлэлийн болон бизнесийн таатай орчин бүрдүүлэх, өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээг хангах, үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд хэмжил зүйн төрийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэн хэвшүүлэх явдал чухал байна.

Түүнчлэн олон улсын зах зээлд нэвтрэх, худалдааны саад тотгорыг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний өндөртехнологи, био, нано, мэдээллийнтехнологи, шинэ арга барилыг нэвтрүүлэх, тэдгээрийг зүй зохистойгоор нийгмийн өргөн хүрээнд хэрэглэснээр шинжлэх ухааны үндэс, нийгэм эдийн засгийн хөгжлийн түлхүүр болох хэмжил зүйн тухай ойлголтыг нийгэмд улам бүр тодорхой болгох шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн газраас хэмжил зүйн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт, ажиллагсадын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх  үйл ажиллагааг нь дэлхийн хөгжингүй улс орнуудын жишигт хүргэх, олон улсын метрийн хэлэлцээрт нэгдэх зорилт тавин ажиллаж байна.

Та бүхэн өнгөрсөн 90 жилд олсон амжилт ололтоо бататгаж улмаар шинэчлэл, өөрчлөлтийг олон улсын стандартад нийцүүлэх, боловсон хүчний чадавхиа бэхжүүлэх, хэмжил зүйн байгууллагын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааг улам эрчимжүүлэн ажиллана гэдэгт  найдаж байна гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top