Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй халуун усны газрууд шалгалтад хамрагджээ. Стандартчилал, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын хэлтэс болон Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус хоёр хэлтсийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн хүрээнд СХЗГ-ын БТБХэлтэс, дүүргүүдийн Худалдаа, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн халуун усны газруудад аттестатчлал явуулжээ.
Шалгалтад нийслэлийн 6 дүүргийн нийтийн халуун усны 124 газар хамрагдсанаас 34 газар ажиллаагүй болон засвартай байсан тул үнэлгээнд хамрагдаагүй аж. Үнэлгээнд хамрагдсан 93 газрын 38 газар нь стандартын шаардлагыг 85-с дээш хувиар хангаж, 55 газар стандартын шаардлагыг хангаагүй гэж дүгнэгджээ.
Үйлчилгээний газруудын нийтлэг ололттой тал нь үйлчилгээний үнийн жагсаалтыг үйлчлүүлэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуусан, үйлчилгээний газрын гадна хаяг, цагийн хуваарьтай, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн бараагаар үйлчилж, үйлчилгээний өрөөний ариутгал, хортон шавьж мэрэгчийн устгалыг мэргэжлийн байгууллагын хяналтан дор гүйцэтгэдэг зэрэг хэвшсэн ажлууд байгаа боловч дүүргийн ХҮХ-тэй гэрээ байгуулаагүй, үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээний журам байхгүй, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэмэлт шүршүүрээр тоноглосон өрөөнүүд байхгүй, галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан тухай зохих байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй, агааржуулалт хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал гарч байжээ.
Шалгалтын дүнгээс харахад халуун усны газрууд нь үндсэндээ гэр хороололд байршдаг, жижиг үйлчилгээ эрхлэгчид хариуцан явуулдаг, санхүүгийн хувьд алдагдалтай ажилладаг, хүний нөөц тогтвортой бус, ажиллах орчин хүнд зэрэг бэрхшээлүүд байна.
Одоогийн мөрдөж буй MNS 5163:2002 “Халуун усны үйлчилгээ. Ерөнхий техникийн шаардлага” стандарт нь жижиг үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хатуу шаардлага ихтэй, бүрэн хэрэгжүүлэн ажиллахад төвөгтэй тул шалгалтад хамрагдсан газруудын дийлэнх хувь нь стандартын шаардлага хангаагүй гэсэн дүнтэй гарч байгаа бөгөөд цаашид тухайн стандартыг шинэчлэх, нийтийн халуун усны үйлчилгээний журам, дүрмийг үлгэрчилсэн маягаар батлан гаргаж, мөрдүүлэх, ажлын байр орчин нь шаардлага хангасан тогтвортой ажиллах хандлагатай ялангуяа төвөөс алслагдсан хороодод үйл ажиллагаа явуулж байгаа халуун усны газруудыг төрөөс бодлогын хувьд дэмжин, тэднийг хөнгөлттэй зээлд хамруулах, холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран нийтийн халуун усны үйлчилгээ эрхлэгч нарт “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”, “Халуун усны үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5163:2002 стандарт, дүрэм журмыг танилцуулах, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, харилцааны соёл, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын талаар сургалт зохион байгуулах шаардлагатай байна гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )