“Цэс хайрхан” муудсан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлж байсан юм биш биз?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Архинд хордож амиа алдсан хүмүүсийн тоог гаргавал гарын 10 хуруунаас аль хэдий давсан үзүүлэлт гарна. Харин шар айраг болон дарсанд хордсон гэх мэдээлэл одоохондоо Монголд үгүй. Гэхдээ гадны зарим улс орнуудад цагаан будааны дарсанд хордож амиа алдсан тохиолдол байдаг юм билээ.

Манай улсын тухайд “гашуун ус”-ны бизнес газар авч бүр зориулалтын бус спиртээр архи үйлдвэрлэж байсан тохиолдол олон. Үүний тод жишээ нь нийслэлийн Багануур дүүрэгт  үйл ажиллагаа явуулж байсан Азийн чоно компанийн метилийн спиртээр үйлдвэрлэсэн архинд 15 хүн хордон нас барсан гашуун түүх бий.  Харин өнөөдрийн тухайд дэл сул архи үйлдвэрлэгчид цэгцэрсэн хэдий ч үндсэний томоохонд тооцогдох компанийн зэс нь цухуйж эхэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлж буй хяналт шалгалт хийхээр нийтэд зарлагдсан 23 үйлдвэрээс спиртийн 3, архины 10, шар айрагны 2, дарсны 2 нийт 17 газрыг хамруулан шалгалтыг хийсэн юм.

Гэтэл “Цэс Хайрхан” ХХК-ийн агуулахад чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хадгалж байсан нь илэрсэн байна. Тодруулан хэлбэл хадгалалтын хугацаа дуусч, чанар,  аюулгүйн шаардлага хангахгүй болсон 4.2 тонн чацарганын өтгөрүүлсэн шүүс байжээ.

Тиймээс “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг үндэслэн устгах акт тогтоож, Захиргааны журмаар эд зүйл хураах, устгах, улсыг орлого болгох орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн учраас дээрх зүйл заалтын дагуу хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгасан байна.

Хэрэв мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж муудсан бүтээгдэхүүнийг илрүүлээгүй бол гэх хардлага өөрийн эрхгүй төрөв. Учир нь хэдэн тонн муудсан бүтээгдэхүүнийг агуулахдаа хадгалж байсан “Цэс хайрхан” компани нь чацарганыг түүхий эдээ болгон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани. Өөрсдийгөө Монголын чацарганы шүүсний болон дарсны зах зээлд тэргүүлэгч үйлдвэрлэгч хэмээдэг юм билээ. Тус компани нь ХБНГУ-ын дарсны технологич нартай хамтран Европын уламжлалт дарсны технологийг чацаргана жимсээр дэлхийд анх удаа гаргасан бөгөөд исгэлтийн технологиор дарс үйлдвэрлэдэг гэдэг.

Мөн Монгол болон олон улсын дарс хэрэглэгчдийн таашаалд нийцэх хагас хуурай төрлийн чацарганы дарс, чацарганы шүүс, чацарганы тос, чацаргана жимсээр хийсэн оргилуун дарс гээд чацаргана жимтэй холбоотой олон бүтээгдэхүүн “Цэс хайрхан”-д бий.

Гэтэл эл компани нь бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг муудтал нь агуулахдаа хадгалж байсан уу, аль эсвэл муудсан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл явуулж байсан уу гэдэг нь бүрхэг.

 

Х.Амгалан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Больж үз(192.82.68.59) 2025 оны 03 сарын 13

Баримт судалгаагүйгээр бусдыг гүтгэхээ больчих, ичиж амьдар хямдхан сэтгүүүлчдээ

1  |  0
Top