Үнэн үг үнэнээрээ сайхан ч өдгөө “Үнэн үг явцгүй, Үхсэн хүн нэргүй” болсон цаг. Тиймдээ ч үнэний мөрийг худлын манангаар арчиж, өнгө мөнгө хоёрын өмнө сөхөрсөн эрхэм чононууд Монголд төрд бий болж.
Төрийн эрхэнд гарах, төрийн албанд орохоор улайран зүтгэгсэдийн фронтыг эрхэм чононууд манлайлан, төр түмний эрх ашгийн өөдөөс уулгалан дайрч, ид довтолж байна. Энэ их довтолгоо зөвхөн халаас руу чиглэдэг байсан бол өдгөө зүг чигээ өөрчилж Монгол хүний эрх чөлөө, элэг бүтэн амьдрах боломж руу дайрч довтлон үгүй хийж байна.
Мөнгөний өмнө сөхөрсөн эрхэм чононууд гадныхны гар хөл болж, чухамдаа хуулийг гууль болгож байна. Хариуцлагын тогтолцоо гээч зүйлийг огт ярихын ч хэрэг байхгүй.
Хууль үйлчилдэггүй гадныхан
Хэдхэн хоногийн өмнө цагдан хорих төвийн шүүх хурлын танхимд хар тамхитай холбоотой нэгэн хэргийг шүүсэн байна. Хар тамхи тээвэрлэсэн, бүлэглэн үйлдсэн гэх эл хэргийг БНХАУ-ын иргэн Вонг Син Ян толгойлон чиглүүлсэн гэх боловч өдгөө ял зэмээс мултарч дөнгөжээ.
Хар тамхи хил дамнуулан зөөвөрлөж, бусдад худалдахыг завдсан хэргээр “аавын” хаалга татаад байгаа Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал, С.Наранбаатар, Э.Оюун, О.Навчаа, Хятад улсын иргэн Вонг Син Ян, Р.Лена нарын хэргийг гэр бүлийн хэрэг гэж бодохоор аж. Э.Гоомарал, Э.Оюун гэх хоёр эмэгтэй нь Ч.Эрдэнэбаатарын охин. Харин С.Наранбаатар нь Ч.Эрдэнэбаатарын охин Э.Гоомаралын нөхөр гэх. Аав нь охидуудтайгаа бас хүргэнтэйгээ, хүргэн нь хадам аавтайгаа нийлж үйлдсэн эл хэргийн эзэд нь давж заалдсан юм.
Анхан шатны шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болсон ч хамсаатан гэх хоёр хүнд холбогдох хэргийг нь цагаатгаж, бусдад нь чанга дэглэмтэй хорих ангид 10-15 жил хорих ялыг тус бүр оноосон гээд бод доо. Гэр бүлээрээ 10-15 жил ял эдэлнэ. Эрх чөлөөгөө хасуулна.
Гэвч тэд уг шийдвэрийг эсэргүүцэж өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдах гомдлоо гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр үлдээжээ. Тиймээс дараагийн шатны шүүх болох хяналтын шатны шүүхэд хандах болно гэдгээ мэдэгдсэн байна.
Харин хэргийг голлон зохион байгуулсан гэгдэх БНХАУ-ын Улсын иргэн Вонг Син Яныг гэм зэмгүй болгон цагаатгажээ. Уг нь түүнийг гэмт хэргийн толйгойлон, бусдыг хэрэгт уруу татсан гэдэг үндэслэлээр буруутгасан боловч хэрэг хэрэгсэхгүй болж хаагджээ.
Бас хэдхэн хоногийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам улсын иргэдийг бага насны хүүхэд садар самуунд уруу татсан хэргээр баривчилсан. Авто засварын газар ажилладаг Вьетнам иргэд монгол иргэдийн тусламжтайгаар бага насны охид худалдаж аван бэлгийн харьцаанд ордог байсан нь илэрсэн төдийгүй мөрдөн байцаалтын явцад 13 настай охиныг 10 мянган төгрөгөөр худалдаж авч бэлгийн харьцаанд орж байсан нь илэрсэн юм.
Тэд хэргээ хүлээсэн хэдий ч Вьетнам ажилчдыг гэм буруугүй хэмээн хэргийг нь хааж суллан явуулжээ. Ямар гээч хаалт, хамгаалалттай болохоор хуулийн дээр гишгэж хэрэг хийсэн ч хийгээгүй хэмээн хэлүүлж чадаж байна вэ. Ямар их эрх дарх вэ. Яасан том хамгаалалттай халтарууд вэ гэхчилэнгээр егөөдмөөр, асуумаар зүйлс олон.
Учир мэдэх хүмүүсийн хэлж байгаагаар Вьетнам засварын газруудын ар талыг дааж, асуудал үүсвэл баллуурдчих нэр нөлөө бүхий эрхэм байдаг гэх. Бас болоогүй тэр нь УИХ-ын гишүүн гэж байгаа. Хэн юм бол...?!
Төр түмнийхээ төлөө зүтгэнэ хэмээн амлаж, гишүүний сэнтийд заларчихаад өдгөө түмэн олныхоо нялх балчир үрсийг хэдэн халтар төгрөгөөр зольж суугаа тэр чоно хэн бэ?
Тэрнийг, тэднийг Монголоо алдсан монголууд буюу мөнгөний өмнө сөхөрсөн чононууд гэхээс өөр яалтай.
Х.Амгалан

Сэтгэгдэл ( 5 )
монголд хууль байна уу? шүүх байна уу? цагдаа байна уу? прокурор байна уу?
Mungu buhnees huchtei gej...
Шүүхийн шинэтгэлийг Элбэгдорж хааш нь чиглүүлээд байгаа нь дээрх баримтаас харагдаж байна шүү дээ. Урд зүг рүү элэгтэй хүмүүс Элбэгийг дэмжиж байна.
alnaa