“Зууны манлай хос дуучин” гэгддэг С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг танихгүй, дууг нь сонсоогүй хүн ховор биз ээ. Урлагийн тайзнаа холбогдсон эл хос саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа “Дуулж эхлээд 38 жил болж байна. Ханилж суугаад бас л 38 жил болж байна даа” хэмээн инээмсэглэн өгүүлж харагдсан. Үнэхээр ч хамтын амьдралаа зохиож, хослон дуулаад 38 жилийг ардаа үджээ, тэд. Урлагийн сургуульд байхаасаа эхлэн бие биеэ мэддэг болсон дуучин хос уран бүтээлээ нэгтгэснээр олон арван хит дууны эзэд болсон гэдэг.
Өдийг хүртэл хамт дуулж байгаа “Зууны манлай хос дуучин” өргөмжлөлийн эзэд маань өнгөрөгч бямба гарагт “Ижил заяа” тоглолтоо хийсэн билээ. “Ижил заяа” нэртэй уянгалаг дууныхаа клипэнд өөрсдийн амьдралын түүхийг фото зургаар илэрхийлсэн С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг үзэгч, сонсогчид нь ч өндрөөр үнэлдэг. Сонирхуулахад, дуучин хосын үр хүүхэд төдийгүй хүргэн, бэрүүд нь ч урлагийн хүмүүс байдаг гэнэ лээ. Тиймдээ ч алдарт дуучдын уран бүтээлийн ургац арвин, урам зоригоор дүүрэн амьдардаг биз ээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )