Шөнийн цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

Бүжиг, шоу үзүүлбэртэй цэнгээний газруудыг өмнө нь 00:00 цаг гэхэд хаадаг байсан. Энэ нь иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх эрхийг хязгаарлаж байна гэсэн гомдол, саналыг иргэд төдийгүй НИТХ-ын төлөөлөгчид ч гаргаж байжээ. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/548 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Тус захирамжид тусгай хөтөлбөрт үйлчилгээтэй, диско, бүжиг, шоу үзүүлбэртэй шөнийн цэнгээний газрууд шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг байсныг пүрэв, баасан, бямба гарагт согтууруулах ундаагаар үйлчлэхгүйгээр 03:00 цаг хүртэл үйлчлэх зөвшөөрөл олгосон байна. Харин долоо хоногийн бусад өдрүүдэд 15:00-00:00 гэсэн хуваарийн дагуу ажиллах аж. Ингэхдээ 00:00 цаг гэхэд согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах юм байна. Мөн захирамжийн дагуу Банк, эмийн сан, шатахуун түгээх станцуудын хувьд 24 цагаар үйлчилгээ эрхэлж болно. Гэхдээ нэгдсэн нэг төрлийн эмблем, хаягтай байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Сүүлийн үед нийслэлд 24 цагийн түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд нэмэгдсэн. Тэгвэл шинэ захирамжаар 24 цагийн үйлчилгээтэй ийм газар байхгүй болж буй аж. Түргэн үйлчилгээний сүлжээ хоолны газрууд өглөө 07:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Шинэ цагийн хуваарь өчигдрөөс мөрдөгдөж эхэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top