Эх үрсийн баярын тусгай сурвалжлага
Өнөөдөр Эх үрсийн баяр. Энэ өдөр цэлмэг, ээжүүд үрсүүдтэйгээ хамт жаргалтай байна. Бүтэн жилийн турш зөвхөн энэ өдрийг л бид хүлээдэг. Яагаад гэвэл энэ өдөр эх үрсийн халуун хайрыг илүү мэдэрдэг болохоор бусад өдрөөс ч илүү үнэ цэнэтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчид эмэгтэй хүн анх удаа нэр дэвшсэн нь монгол эх хүн бүрийн бахархал. Тиймээс энэ өдрийг Монголын эхчүүд, эмэгтэйчүүд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай өнгөрүүлэхээр шийдсэн юм. Түүнд Монголын олон эмэгтэйчүүд итгэж, бас найдаж байна. Ийм л учраас түүнтэй энэ эрхэм өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Энэ талаар тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Л. Эрдэнэчимэг:
Би өөр намын гишүүн хэнээс айхгүй, хандиваа ч өгнө

-Эх үрсийн баярын халуун мэндийг энд цугларсан бүх эхчүүд, эмэгтэйчүүдэд хүргэe. Хүүхэлдэйн театр гэж хүүхдийн дуу цангинасан, сайхан энергитэй газар юм. Ийм сайхан газар сонгосонд баярлаж байна. Би Н.Удвал сайдыг 2008 онд сонгуульд нэр дэвшиж байх үед нь харж байлаа. Нэр дэвшигч тухайн үед “ Би” гэдэг телевизийн нэвтрүүлэгт орж байв. Тэрээр цаг гаруй хугацаанд өөрийн туулж өнгөрүүлсөн амьдралынхаа тухай ярихад түүнээр ихэд бахархаж байлаа. Амьдралын хүнд давааг давж өдий хүртэл аливаа зүйлд хугараагүй зан чанарыг хараад гайхдаг юм. Тиймээс би өнөөдөр Ардчилсан намын хүн ч гэлээ хэнээс ч айхгүйгээр энд ирж үгээ хэлж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад монгол эмэгтэй хүн нэр дэвшиж байсан удаагүй. Энэ удаагийн УИХ, 11 эмэгтэй гишүүнтэй. Үүн дээр Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэмэгдээд эмэгтэй гишүүдийн бүлэг 12 болно . Манай бүлэг таван намын төлөөлөлтэй бүлэг дотроо нэгдээд зогсохгүй, нам харгалзахгүйгээр найзалж, монголын нийгэмд өөрсдийгөө таниулж явна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Удвал сайдыгаа үнэн сэтгэлээсээ дэмжиж, ялаасай гэж хүсч байна. Ингээд өөрийн хувийн зүгээс арван сая төгрөгийг хандивлаж байна.
Хүүхэлдэйн театрын захирал Ц. Хулан:
Эмэгтэйчүүдийн турьхан цагаан мөрөн дээр ямар их ачаа байна аа

Төрийн албан хаагч хүн үг хэлэх эрхээ хасуулна гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хүн ер нь ямар нэгэн албан тушаал авсан ч үгээ хориулах нь тэнэг асуудал. 2000 онд УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүд нэгдэх арга хэмжээнд гарын үсэг зурсан юм. Тэнд бүх намын гишүүд гарын үсгээ зурж байв. Дараа нь Ардын жүжигчин А.Долгор эгч бид хоёр долоо хоног хөдөө ажиллаад ирэхэд намайг намаас хөөх шийдвэр гарчихсан байсан. Тэгэхээр би намаасаа тав удаа хөөгдөж, зургаа тогтсон хүн. Хамгийн гол нь өнөөдөр эмэгтэйчүүд л бие биеэ дэмжих нь чухал. Эх үрсийн олон асуудлыг эмэгтэй хүн л шийдэж чадна. Төрд болж буй хүчирхийллийг зогсооно. Эхийн сүү ээдэхгүй, Эх орноо бид хэнээр ч тоглуулахгүй гэж нэгэн цагт би шүлэг тэрлэж явлаа. Юм бүхэн уруугаа эргэсэн байгаа энэ нийгэмд эмэгтэйчүүдийн турьхан цагаан мөрөн дээр их олон ачаа байна. Тиймээс энэ бүх ачаагаа нимгэлэхийн тулд бид бие биеэ дэмжихгүй бол, биднийг хэн ч дэмжихгүй лойлоо болно шүү, бүсгүйчүүдээ.
Жирийн эмэгтэйчүүдийн төлөөлөл Н. Чанцал:
Өчигдөрхөн би суллагдаж, эрх чөлөөг амталллаа

-Эрх чөлөө юутай үнэтэй вэ. Би их олон жил хоригдсон болохоор хүүгээ тосч авахгүй болов уу гэж их айж байлаа. Гэхдээ энэ бол ердөө л өчигдөрхөн. Сая Зүүн салаагаас автобусанд суугаад замдаа дөрвөн удаа бууж, дөрвөн удаа суулаа. Энд орж ирэхийн тулд сэтгэл огшоод, даралт ихэдлээ. Одоо би өөрийнхөө төлөө саналаа өгөхөөр эрх чөлөөтэй эмэгтэй хүн болсон. Тэнд үлдэж хоцорсон 400 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл надад хэлж захихдаа, “ Чанцал минь Н.Удвал сайдынхаа төлөө саналаа заавал өгөөрэй. Биднийг дэмжиж байгаа шүү гэж заавал дамжуулаарай” гэсэн шүү. Ийм сайхан сэтгэлийн үгийг нь дайхаар энд яаран сандран ирлээ.
“Шударга ёс нэгдсэн холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Л.Мөнхтуяа:
-Нэр дэвшигч Удвал даргадаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэе. Удвал дарга Сүхбаатар дүүргээс дэмжиж байна. Төр засаг эмэгтэйчүүдээ харж ханддаггүй, иргэний нийгмийн үзэл бодлыг хуулиндаа тусгадаггүй билээ. Харин энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Монголын нийт эмэгтэйчүүдийн хувьд азтай, хувьтай сонгууль болох нь. Тиймээс Н.Удвал сайдыгаа дэмжиж бүсгүйчүүд бүгдээрээ багцалсан сум шиг эв нэгдэлтэй байхыг хүсч байна.
Эмэгтэйчүүдийн хөгжлийн тэргүүн Б.Эрдэнэчимэг:

-Ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшиж байгаа Н.Удвалд Монголын эмэгтэйчүүдийн холбооны нэрийн өмнөөс хувиасаа талархал илэрхийлье. Манайх эмэгтэйчүүдийн ууган байгууллагын нэг юм. Тиймээс бид Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Н.Удвал сайдыгаа дэмжиж байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Эх, үрсийн баярын мэнд хүргэе. Ойрдоо ажил ихтэй. Нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгаанд оролцож чадахгүй байна. Н.Удвал дарга бол миний амьдралын дарга. МАХН ыг сэргээн босгох үйл хэрэгт хамтдаа зүтгэж байхдаа Удвал даргаар бахархаж байсан. Ирээдүйдээ ийм улс төрч болно доо гэж мөрөөдөж явсан минь үнэн. Бид бүхний хамтын тэмцлийн үр дүнд өнөөдөр манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаад ихэд баярлаж байна” гэсэн юм. Ийнхүү бүтэн өдрийн турш Монголын салбар салбарын тэргүүлэгч бүсгүйчүүд нэр дэвшигч Н.Удвалд чин сэтгэлээсээ амжилт хүсч, сонгуулийн ажилд нь идэвхитэй оролцохоо амалж байв. Уулзалтын үеэр нэр дэвшигч Н.Удвал дэмжигч бүсгүйчүүддээ чин сэтгэлийн үгтэй захидал илгээж, баярын мэнд хүргэсэн юм.
Сонгуулийн сурталчилгаа болон мөрийн хөтөлбөрөө яагаад энэ үеэр танилцуулахгүй байгаа юм гэсэн асуултад нэр дэвшигч Н.Удвал хариулахдаа, ”Эмэгтэйчүүд та бид зовлон жаргал нэг, хувь тавилан нэгтэй хүмүүс. Та бид бусдын төлөө өөрийгөө зориулж явдаг, бусдын төлөө сэтгэлээ шаналгаж явдаг. Өр нимгэн, өрөвч сэтгэлтэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг минь дэвшүүлсэн нь Монголын олон эмэгтэйчүүдийг том сорилтод оруулсан гэж ойлголоо. Албан тушаалд хүрсэн ч ашиг сонирхолд хөтлөгдөж явсангүй. Миний ард байгаа Монголын нийт хүн амын 51 хувь болсон эхчүүд, эмэгтэйчүүд байгаа учраас би өөрийгөө хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж хэлж чадна” гэсэн юм.
Т.Заяа
Сэтгэгдэл ( 2 )
taarsan taar shuudainuud emegtechuudiin tarxiig ugaax argaa mon olov oo!
Enegteichuud ee bugdeeree Udvaliigaa demjine shuuuu