Дуучин Б.Мөнхбаярын “Аргагүй чамдаа даслаа” цомгийн баяр

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 04

“Аргагүй чамдаа даслаа”, “Миний буурал ээж” зэрэг олон гайхалтай дуугаараа нийтийн дууны ертөнцөд хүч түрэн орж ирээд буй Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мөнхбаяр өнгөрөгч баасан гарагт “Аргагүй чамдаа даслаа” хэмээх хоёр дахь хос цомгийн баяраа тэмдэглэлээ. Түүний хос цомгийн баярт анд найзууд болох хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэн, дуучин П.Жимсээ, дуучин А.Түмэн-Өлзий зэрэг чадварлаг уран бүтээлчид оролцсон бөгөөд чин сэтгэлийн үгээ дуулгаж Б.Мөнхбаярт  баяр хүргэж байлаа.

Мөн залуу уран бүтээлчид ая дууны мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн найз нөхөд, нутгийн ах дүү нар нь сэтгэлийн бэлгээ өгч байсан юм. Дуучин Б.Мөнхбаярын хос цомогт өнгөрсөн таван жилийн турш туурвисан уран бүтээлүүд нь багтсан бөгөөд нийт 10 клиптэй аж. Тэрбээр ирэх намар бие даасан хоёр дахь тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа бөгөөд  уригдан ирсэн зочид болон эрхэм найз нөхөддөө уран бүтээлийн дээж болох хос цомгоороо бэлэг барилаа. “Аргагүй чамдаа даслаа” хос цомгийн баярт хүрэлцэн ирсэн уран бүтээлчид болон эрхэм дуучны хань сэтгэгдлээ ийн хуваалцаж байна.

Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн:

-Уран бүтээлийнхээ үр шимээр өнөөдөр хоёр дахь бие даасан цомгоо гаргаж байгаа дүүдээ баяр хүргэмээр байна. Анхны цомгоо гаргаж, анхны бие даасан тоглолтоо хийгээд олон мянган үзэгч сонсогчдоо цуглуулж байсан тэр өдөр нь саяхан мэт санагдаж байна. Мөнхбаяртаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. Олон түмний сонсох дуртай сайн, сайн уран бүтээлүүд гаргаж, амжилтаар дүүрэн яваарай гэсэн ерөөлийг дэвшүүлье. 2010 оны хавар Төмөрбат ах надад “Аргагүй чамдаа даслаа”, “Хайраар чамайгаа чимэлгүй л яахав дээ”, “Аавын борлог морь” гэсэн гурван дууны шүлэг авчирч өгсөн. Мөнхбаярт өгсөн нь “Аргагүй чамдаа даслаа” дуу. Төмөрбат ах энэ дууны шүлгийг өгөхдөө “Энэ дууг ямар ч сайхан бүсгүйд зориулах эрхтэй. Таалагдсан бүсгүйдээ дурлаж хайрлаад явахгүй ч гэлээ, дасаж үерхэх тохиолдол байдаг шүү дээ” гэж хэлсэн удаатай. Харин энэ сайхан үгсийг билэгдэн бодож “Аргагүй чамдаа даслаа” дууны нэрээр анхны цомгоо нэрийдсэнд нь Мөнхбаяртаа баярлаж байгаагаа илэрхийлье. Цаашид олон сайхан уран бүтээл дээр хамтарч ажиллах байх аа, бид хоёр. Нэгэнт дүүгийнхээ цомгийн баярт оролцох гээд ирсэн юм чинь ах нь энэ “Аргагүй чамдаа даслаа” дууг клипжүүлж, өөрийн зүгээс бэлэг барья гэж бодлоо. Миний дүүгийн юу санасан есөн хүсэл нь биелж, зам нь дандаа дардан байгаасай гэж хүсч байна.

Дуучин А.Түмэн-Өлзий:

-Бид нар уран бүтээлээс гадна амьдрал дээр ч маш гоё дотно найзууд. Бие биедээ урам хайрлаж, нэгнээсээ зөвлөгөө авдаг найз нөхөд гэсэн үг. Анхны уран бүтээл, анхны цомог хэзээ ч мартагдашгүй байдаг шүү дээ. Хоёр дахь цомог юмуу уран бүтээлээсээ эхлээд хүн туршлагажиж эхэлдэг. Алдаа оноогоо илүү их цэгнэж, сэтгэл зүтгэлээ дайчилдаг гэж би хувьдаа боддог. Мөнхбаярын маань хоёр дахь цомог маш сайхан болсон. Найз маань маш их хөдөлмөрч уран бүтээлч. Цомгийн баяр хийх гэж байгаагаа хоёрхон хоногийн өмнө дуулгахаар нь бид нар нэлээд тулгамдсан шүү. Ийм л дайчин, хөдөлмөрч болохоор нь найзыгаа илүү их хүндэлдэг юм. Энд хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирсэн байна. Уран бүтээлч биднийг үзэгч, сонсогч түмэнтэй минь холбох гүүр нь болсон та бүхний ач гавьяагаар ийм амжилтад хүрч байгаа шүү. Мөнхбаяртаа уран бүтээл, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье.

“Намир” медиа группын дэргэдэх хамтлаг:

-Мөнхбаяр ах хөгжмийн зохиолч Пүрэвсүрэнгийн олон сайхан дууг амьдруулсан. Энэ ч утгаараа, бид уран бүтээлч ахдаа баяр хүргэхийн сацуу үлгэр дуурайлал авахаар ирсэн.

Дуучин Б.Мөнхбаярын гэргий Эрдэнэтуяа:

-Ханийн маань “Аргагүй чамдаа даслаа” цомгийн баярт хүрэлцэн ирсэн найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэн, нутгийн ах дүү, уран бүтээлч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Манай хүн уран бүтээл дээр мундаг байдаг шигээ бодит амьдрал дээр ч ноён нуруу сайтай. Тийм учраас ханьдаа хайртай шүү гэж хэлье. Уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Уран бүтээлч хүний гэр бүл байна гэдэг бас их асуудалтай. Зарим хүмүүс янз бүрийн л юм ярьдаг юм билээ. Харин миний хань уран бүтээлдээ чин сэтгэлээсээ хандаж чаддаг болохоор би ар гэрийн асуудалд санаа зовохооргүй байлгахыг хичээдэг. Аль болох дэмжих тусам хань минь эрч хүчтэй явдаг. Уран бүтээл нь чанартай байгаасай гэсэндээ хайр халамжаар дутаахгүй, тэсвэр тэвчээр гаргаж суудаг даа. Тайзан дээр гарахад нь хүртэл “Хувцас хунар нь ямархуу байгаа бол” гээд санаа тавьж, сайхан дуулаасай гэж хүсдэг юм.

Р.Мөнгөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top