Бид энэ удаад Монголд гарсан хамгийн том залилангийн хэргийн талаар уншигч та бүхэнд ямар ч нэмэлт хачиргүйгээр хүргэхээр шийдлээ. Өөрөөр хэлбэл, нийт 17 удаагийн үйлдлээр нэр бүхий долоон иргэнээс 5.4 тэрбум төгрөг залилсан этгээдүүдийн талаар хууль хяналтынхны сонорт хүргэж, жирийн иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор энэхүү цуврал нийтлэлийг бэлтгэсэн юм.
Залилагч С.Билэгтийн шинэ бай буюу зургаан тэрбум төгрөгийн зээлийн хуурамч гэрээ

Сэндэнхүү овогтой Билэгт. Энэ эмэгтэй 2000 онд Орхон аймгийн нэгэн банкнаас их хэмжээний мөнгө залилан ашигласан гэх хэргээр банкинд ажиллах эрхээ нэг жилээр хасуулж, гурван сая төгрөгөөр торгуулж байсан нэгэн. Гэвч тэрбээр хаширсангүй. Албархаг төрх, боловсон яриагаар бусдыг урхидаж, мөнгө төгрөг, эд зүйлсийг нь хуурч мэхэлж аваад усанд хаясан чулуу мэт ор мөргүй алга болдог нь гэм биш зан. 2011 оны тэр нэгэн өдөр. С.Билэгт ба түүний хамсаатнууд шинэ байг онилжээ. Бүр тодруулбал, тэд нэр бүхий барилгын компанийг овоо хараандаа авч, орон сууц захиалагчийн дүрээр тус компанийн удирдлагуудтай уулзах төлөвлөгөө боловсруулав. Төлөвлөгөөгөө ч амжилттай хэрэгжүүлэв. С.Билэгтийн хувьд, барилгын компанийн удирдлагуудтай уулзахдаа нэлээд бийлэгжүү дүр эсгэсэн нь ч бас тодорхой. Тэрбээр компанийнхантай харилцаагаа лавшруулах зорилгоор дээрх компанид нийт 170 сая төгрөгийн үнэ бүхий таван өрөө байрыг хүү Баяраа овогтой Бадамрагчаагийн нэр дээр захиалжээ. Ингэхдээ урьдчилгаа болох 85 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөр болох 85 сая төгрөгийг лизинг хэлбэрээр төлөхөөр болсон аж.
Дээрх явдлаас хойш яг нэг сарын дараа С.Билэгт компанийн удирдлагуудтай уулзах хүсэлт тавив. Харин энэ удаад тэрбээр орон сууц захиалагч биш, ажил хэрэгч санал тавих гэсэн хүний дүрээр компанийнхантай уулзжээ. С.Билэгт барилгын компанийнхантай уулзахдаа тавь гаруй насны нэгэн эртэй хамт ирж “Энэ хүнийг Дамиран овогтой Наранхишигт гэдэг. Бид “Хөгжлийн алдар” банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг. Д.Наранхишигт төслийн удирдагч, би менежер нь. Манай байгууллага гадаадаас хөрөнгө оруулалт оруулж ирж, мөнгө босгодог. Тиймээс танай компанид зургаан тэрбум төгрөгийн зээлийг жилийн нэг хувийн хүүтэйгээр 10 жилийн хугацаатай олгоё” гэсэн санал тавьсан байна. Компанийн удирдлагууд ч тэдний үгэнд итгэж “Ийм их хэмжээний зээлийн гэрээ байгуулж өгч байгаа юм чинь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 85 сая төгрөгийн үнийн дүнг хөнгөлж өгье” хэмээж, орон сууцны ордерыг нь С.Билэгтийн хүү Б.Бадамрагчаагийн нэр дээр гаргаж өгчээ /Жич: Б.Бадамрагчаа гэдэг залуу ч тэр цагаас эхлэн тус компанийн барьсан орон сууцанд амьдарсаар байгаа юм/. Талууд 10 хоногийн дараа зээлийн гэрээг нотариатаар батлуулахаар тохиролцсон байв.
Гэтэл дээрх уулзалт болсны маргааш мөнөөх Д.Наранхишигт компанийн захирал руу утас цохиж “Эхнэрийн маань тархинд цус харвачихлаа. Би Киев рүү яаралтай явахгүй бол болохгүй нь. Зээлийн гэрээгээ Монголд ирмэгцээ нотариатаар батлуулъя” гэжээ. Компанийн захирал ч “Нэгэнт ийм зүйл болсон бол яах вэ. Ирсний чинь дараа болъё” гэтэл Д.Наранхишигт “Ахдаа 65 сая төгрөг түр хугацаагаар зээлээч. Эхнэрээ эмчлүүлэх хэрэгтэй байна” гэхэд нь мөн л тусч зан гаргаж, түүнд хүссэн мөнгийг нь бэлнээр гаргаж өгчээ. Гэвч өөрийгөө Д.Наранхишигт гэж танилцуулсан эрхэм тэр мөчөөс эхлэн утсаа салгаж, нэг сар орчим хугацаагаар ор мөргүй алга болсон байна. Мэдээж хэрэг, бараг танихгүй шахам хүнд их хэмжээний мөнгө зээлдүүлсэн компанийн захирал эрэл сурал бололгүй яах вэ. Багагүй эрж хайсны эцэст Д.Наранхишигттэй утсаар холбоо барьтал “Би С.Билэгтэд итгэмжлэх гаргаж өгсөн. Чи түүнтэй хамт зээлийн гэрээгээ нотариатаар батлуулаад зургаан тэрбум төгрөгийн зээлээ авчих” гэжээ. Компанийнхан ч С.Билэгттэй уулзаж, гүйцэтгэх захирлаа түүнтэй хамт ХААН банкны гуравдугаар хороолол дахь нэгэн салбар руу явуулсан байна. Гэвч хэзээний овжин, зальжин С.Билэгт гүйцэтгэх захирал залууг хөнгөхөн хуурахаа мэдэлгүй яах вэ. Банк руу ормогцоо “Би вип өрөөнд хүнтэй уулзаадахъя” хэмээн орж хэсэг хугацаа болсны эцэст “Итгэмжлэхийн хугацаа дууссан байна. Д.Наранхишигтийн хүүтэй уулзаж, иргэний үнэмлэхийг нь аваад сунгуулъя” гэсэн аж. Залилагч эмэгтэй энэ мэтээр цаг хожсоор байлаа. Гэвч компанийнхан дахин, дахин асууж лавласаар байсан учраас тэрбээр өөр заль зохиож, мөнөөх гүйцэтгэх захирал залуутай дахин уулзаж “Худалдаа хөгжлийн банк руу явцгаая” гээд бас л дагуулаад явж. Гэвч сурсан зангаараа вип өрөөнд таван минут ч бололгүй гарч ирснээ “Энэ банкны төвөөс зөвшөөрөл авах ёстой юм байна” хэмээн барилгын компанийн гүйцэтгэх захирал залуутай гурав хоногийн дараа уулзахаар тохирсон байна. Товлосон хугацаа ч болж талууд Худалдаа хөгжлийн банкин дээр дахин уулзацгаав.
Гэтэл С.Билэгт “Д.Наранхишигт ах нь хүн хутгалсан байна. Тиймээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс тус банк руу албан бичиг явуулж, дансыг нь хаалгажээ” хэмээн худал хэлжээ. Түүнтэй олон удаа уулзаж, хоёр ч банк руу очоод хоосон хаалга мөргөсөн компанийн удирдлагууд бухимдаж эхлэв. Тэд “Д.Наранхишигтэд зээлдүүлсэн 65 сая төгрөгөө буцааж авъя” хэмээн С.Билэгтэд хэлтэл мань хүн барилгын компанийн гүйцэтгэх захирал залууг н.Амгалан гэгчтэй танилцуулжээ. Залилагч бүсгүй “Энэ залуугийн нэр дээр газар бий. Тэрхүү газрыг та бүхний зүгээс Д.Наранхишигтэд зээлдүүлсэн мөнгөний оронд өгье” гэсэн байна. Тэрбээр энэ удаад компанийн удирдлагуудад бараг анх удаа үнэн үг хэлсэн аж. Учир нь мөнөөх н.Амгалан гэгчийн нэр дээр яах аргагүй нэг газар байв. Тиймээс “Нэгэнт 65 сая төгрөгөө олж авахаас өнгөрсөн учраас энэ газрыг нь авъя” хэмээн компанийн удирдлагууд үзэж “Иргэн н.Амгалангаас тус компанийн гүйцэтгэх захирал Батжаргалын нэр дээр энэхүү газрыг шилжүүлж болно” гэсэн бичгийг нотариатаар батлуулжээ.
Ингээд барилгын компанийн гүйцэтгэх захирал Батжаргал С.Билэгт, н.Амгалан нартай хамт Баянгол дүүргийн Газрын албанд очтол холбогдох хүмүүс нь “Өө, энэ хүн чинь 7.5 сая төгрөгийн өртэй юм байна. Өрөө төл” гэсэн байна. Н.Амгалан гэгчид өрөө төлөх мөнгө байхгүй учраас компанийнхан газрыг нь өөрсдийн нэр дээр шилжүүлэхийн тулд 7.5 сая төгрөгийг өмнөөс нь төлж “Одоо л нэг юм асуудал шийдэгдэх нь үү” гэж найдсан ч бүх зүйл талаар өнгөрөв. Өөрөөр хэлбэл, энэ явдал болсноос хойш нэг сар өнгөрчихөөд байхад н.Амгалангийн нэр дээрх газрыг компанийн гүйцэтгэх захирал Батжаргалын нэр дээр шилжүүлээгүй байлаа. Компанийнхан ч С.Билэгтээс “Яав, юу болов” гэж асуутал “Нөгөө зургаан тэрбум төгрөг чинь миний дансанд орж ирсэн. Би та бүхэнд эцсийн амлалтаа өгье. Танай компанийн гүйцэтгэх захирал Батжаргалтай ч тохиролцчихлоо. Гэхдээ нэг болзолтой. Та нар барилгын компаниа миний нэр дээр шилжүүлчих. Тэгээд л бүх зүйл ок болно” хэмээн хэлэхдээ бас нэг зүйл хүсэлт болгохоо мартсангүй. Тэрбээр дээрх компанийнхныг уран үгээр дахин хуурч “Зургаан тэрбум төгрөгийн тендерт урьдчилгаа мөнгө байршуулах ёстой” гэж хэлээд 130 сая төгрөг бэлнээр зээлээд инээд алдан гарч оджээ. Харин энэ явдлаас хойш чухам юу болсныг дараагийн цувралдаа өгүүлье.
Барилгын компанийнхнаас 65 сая төгрөг залилсан
Д.Наранхишигт гэж хэн байв

Тэрбээр 1957 онд төрсөн. Залилагч С.Билэгтийн хамтрагч. Залилангийн хэд, хэдэн хэрэг үйлдсэн /Эрүүгийн хуулийн 148.3/ нэгэн. Тэрбээр шүүхээс оргон зайлж, өдгөө улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа онц ноцтой гэмт хэрэгтэн аж. Залилагч С.Билэгт дээрх компанийнхантай түүнийг анх танилцуулахдаа Дамиран овогтой Наранхишигт гэж танилцуулж байсан. Гэвч энэ хүний жинхэнэ нэр нь Дамдиндорж овогтой Хишгээ юм байна. Тэрбээр хамтрагч С.Билэгтийн хамт тус компанийнхантай зургаан тэрбум төгрөгийн хуурамч гэрээ байгуулсан төдийгүй нийт 17 удаагийн үйлдлээр нэр бүхий долоон иргэнээс 5.4 тэрбум төгрөгийн эд зүйлсийг залилсан аж.
Д.Наранжаргал Chuhal.mn
Сэтгэгдэл ( 6 )
энэ балай авгай бүх дүүргийн цагдаад танилтай хогийн луйварчин авгай
Балай авгай цагдаагийнханд мөнгө өгч хүмүүсийг айлгаж залилдаг авгай
Билэгт нарийн мэргэшжээ
yamar*****yumand itgedeg maluud ve tegeed bas kompani udirddag geed bnaa.....
Луйвардуулсан нь өөрсдөө тэнэг байна
jinhene luivarchin avgai sain shalga 3 udaa eruu uussen