Олон улсын болон улсын чанартай олон олимпиадад амжилт гаргаж, төрийн сангийн тэтгэлгээр их, дээд сургуульд суралцах болзол хангасан оюутнууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд өөрсдийгөө төрийн сангийн тэтгэлэгт хамрагдсан гэж бодож явтал энэ нь талаар өнгөрч, өнгөрсөн намар сургуульд элсэн орсон тэдэнд 2013 оны гуравдугаар сард төлбөрөө төлөхийг шаардаж, тэтгэлэг байхгүй болсон гэдгийг дуулгасан байна.
Иймд тэтгэлгийн асуудлаар Төрийн санд хандахад “Төлбөрийн тэтгэлэг, үндэсний тэтгэлэг болох сар бүр олгодог 70200 төгрөгийн аль нэгийг сонгох ёстой байсан. Та нар 70200 тэтгэлгээ сонгосон байна” гэсэн хариу өгчээ. Уг нь ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид олон улсын болон улсын олимпиадад эхний гурван байр эзэлбэл төрийн сангаас их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хамруулдаг журам байдаг аж. Тэдний хувьд төлбөрөө төлөөгүйгээс болж шалгалтдаа орж чадахгүй, цаашлаад сургуулиас хасагдах дээрээ тулчихаад байгаагаа хэлээд БШУ-ы сайд Л.Гантөмөрийг анхаарлаа хандуулахыг хүсчээ.

Сэтгэгдэл ( 0 )