“Аргагүй чамдаа даслаа”, “Миний буурал ээж” зэрэг олон гайхалтай дуугаараа нийтийн дууны ертөнцөд хүч түрэн орж ирээд буй Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мөнхбаяртай уулзаж ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн сарын 31-нд “Аргагүй чамдаа даслаа” хэмээх хоёр дахь хос цомгийнхоо баярыг тэмдэглэсэн юм.
-Хос цомогт тань нийт хэчнээн дуу, хэдэн клип багтсан бол. Үүнээс гадна хит дуунуудаа гар утасны дуудлагын аянд оруулсан кодыг мөн оруулсан гэл үү?
-“Хайртайгаа хэлье” нэртэй анхны цомог маань 2011 оны эхээр гарч байлаа. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд хийсэн уран бүтээлүүдээрээ “Аргагүй чамдаа даслаа” нэртэй ээлжит цомгоо гаргаж өнгөрсөн сарын 31-нд нээлтийг нь хийсэн. Эхний цомогт багтсан дуунууд маань бүгд клиптэй болсон. Тиймээс өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн 12 клиптэй DVD гаргаж, 16 дуутай цомогтойгоо хослуулсан нь энэ. Онцлог нь гэвэл, бүх үүрэн телефоны оператор компаниудтай тохиролцон хит дуунуудаа гар утасны дуудлагын аянд оруулсан код, зааврыг цомгийнхоо номонд багтаасан.
-Тэгвэл ч нэлээд хөдөлмөр шаардсан бүтээл болж дээ?
-Тэгэлгүй яахав. Нэгэнт цомог гаргаж байгаа юм чинь маш чухал ач холбогдол өгөх ёстой. Эхний цомгийнхоо бичлэг, номонд орох зураг авалт, клипэнд анхаарч, “Жи Мобайл”-аас бусад үүрэн телефоны операторуудтай хамтарч хит дууныхаа код, зааврыг багтаасан. Тухайн үед “Жи Мобайл” компанид ийм үйлчилгээ байдаггүй байлаа. Харин энэ удаагийн цомогт маань өдгөө үйл ажиллагаагаа явуулж буй үүрэн телефоны операторын дөрвөн компанийн дууны код, заавар хүснэгт болоод орсон.
-Хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнтэй нэлээд олон уран бүтээл дээр хамтарч ажилласан гэсэн?
-Тийм ээ, бараг зургаан дуун дээр хамтарч ажилласан байна. Хоёр цомог маань хоёулаа Б.Пүрэвсүрэн ахын дуугаар нэрлэгдэж байгаагаараа их онцлогтой юм. Эхний цомог маань “Хайртайгаа хэлье”, дараагийнх нь “Аргагүй чамдаа даслаа” дуугаар нэрлэгдсэн нь ч их учиртай. Энэ хоёр дуу маань яагаад ч юм бэ, хоёулангийнх нь зургаад жагссан байдаг юм билээ. Их сонин, ерөөл билэгтэй ч юм шиг санагдаад байгаа шүү. Тэгээд ч хоёулаа хайрын сэдэвтэй, орчин үеийн залууст зориулсан хөнгөн хэмнэлтэй дуунууд.
-Архангай аймгийн Тариат сумаар овоглож явдаг юм билээ, та. Нутагтаа ойрд очсон уу?
-Аав минь Увс аймгийн Хяргас сумаас гаралтай ч хотод төрсөн хүн. Харин би ээжийнхээ нутаг буюу Архангай аймгийн Тариат суманд бага насаа өнгөрүүлсэн учраас энэ нутгаараа овоглодог. Урлагийн буянд олон аймгаар явсан хэрнээ яг Баян-Өлгий, Увс аймагт очиж ерөөсөө үзээгүй юм билээ.
-Уран бүтээлийн гараа тань хэдийд эхэлсэн бэ. Багаасаа л дуучин болно гэж зүтгэв үү, аль эсвэл гэнэтийн шийдэл байв уу?
-Би бүр зургадугаар ангиасаа хойш Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн багш С.Ганчимэгийн удирдлаган дор суралцаж эхэлсэн. “Ерөөсөө л урлагийн хүн болъё” гээд нүдэнд маань нэг л сургууль харагдаж байсан нь СУИС. Дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид шалгуулаад орж байлаа. Оюутан байхдаа ерөөсөө уран бүтээл хийж байгаагүй, цаг зав ч бага. Учир нь, олон улсын байгууллагад төсөл хариуцаж ажилладаг байсан учраас маш завгүй, бас орлоготой оюутан явлаа. Сургуулиа төгссөний дараа ажлаасаа халагдах өргөдөл өгч, урлагийн замд эргэлт буцалтгүй орсон доо. Намайг урлагийн хүн болгох гэсэн ээжийн минь хүсэл ч үүнд нөлөөлсөн байх. Дууны дугуйланд байхаас эхлээд л миний ар талыг хариуцаж, бүх зүйлийг маань дэмждэг байсан. Тэгэхээр мэргэжлийн дуучин болоод ээжийнхээ хүслийг биелүүлж, ачийг нь бага ч болов хариулж байгаа гэж боддог юм, би. Урлагийн хүн болно гэдэг их гоё. Сайхан дуунууд гаргаж, түүнийгээ дүрсжүүлнэ. Таван жилийн өмнөх Б.Мөнхбаярын одоо ч клипэнд маань мөнхөрч үлдсэн байна. Энэ жил мөн шинэ клип хийж өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн дүрийг мөнхжүүллээ. Үлдэх юм нь их сайхан юмаа, урлагийн хүнд.
-Дуулахын хажуугаар өөр ямар нэгэн ажил эрхэлж байгаа юу?
-Үгүй ээ, зөвхөн уран бүтээлдээ анхаараад явж байна. Чөлөөт уран бүтээлчийн хувиар, ажлын цаг нараа өөрөө зохицуулдаг. Нөгөө талаар, урлагийн хүний ажил их хэцүү шүү дээ. Мэдээж, урлаг гэдэг чинь залуу насны зүйл байдаг. Залуу, эрч хүчтэй байгаа дээрээ өөрийн гэсэн гоё оройн зайг бий болгон, үзэгч сонсогчдынхоо талархлыг хүлээсэн уран бүтээлч байж чадвал хойшдоо сайхан байна л даа. Гэхдээ хажуугаар нь бас давхар бизнес ч юмуу янз бүрийн зүйл хийх юмсан гэж боддог юм. Яг одоогоор зориглож, барьж авсан юм байхгүй. Уран бүтээлээрээ өөрийгөө болгоод л явна даа.
-Нийтийн дуучид ихэвчлэн үндэсний хэв маягийг чухалчилдаг нь илт анзаарагддаг. Харин таны хувьд, нэлээд чөлөөт стильтэй юм?
-Нийтийн дуу гэхээр л заавал хөдөө орон нутаг, мал аж ахуйгаар төсөөлж ойлгох нь буруу. Тийм биш ээ. Орчин үеийн нийтийн дууны хөгжмийн хэмнэл, найруулга, үгийн утга агуулга нэлээд шинэчлэгдсэн, хөнгөн ритмтэй болж байгаа. Үүнийг нийтийн дууны хөгжил гэж би ойлгодог. Тиймээс дуулсан дуу шигээ чөлөөтэй байхыг хүсдэг. Нийтийн дууг хөдөөнөөс орж ирээд аав ээж,нутаг усаа санасан хүмүүсийн дуу гэдэг байлаа, нэг хэсэг. Гэхдээ нийтийн дуу гэдэг нэрнээс нь сонсоход хүртэл хүүхэд залуусаас эхлээд бүх насныхан дуулдаг дуу гэсэн үг шүү дээ. Энэ ч утгаараа, нийтийн дуу хэмээн өргөн цар хүрээнд нэрлэгдсэн байх.
-Дуучин хүний хувьд, өөр төрөл жанраар дуулахыг хүсдэг байх. Тэр тусмаа, ардын дууг хэр сонирхдог вэ?
-Дуурийн дуулаачийн мэргэжлээр сурч төгссөн ч гэлээ, би ардынхаа сайхан дуунуудаас дуулах юмсан гэж боддог. Уртын дуу дуулж чадахгүй байж магадгүй. Гэхдээ гурав дахь цомгоо хуучны дуунууд зонхилсон, мөн ганц хоёр ардын дууны хөгжмийн найруулгыг шинэчилж дуулснаа багтаах бодолтой яваа. Хоёр дахь цомогт маань хуучны гурван сайхан дуу орсон. Дандаа ээжийн тухай дуунууд болохоор сонссон хүмүүс нь маш гоё урам хайрлаж байгаа. Уран бүтээлч хүн бүрт хуучны дуу байх ёстой юм билээ. Үнэхээр тэр сайхан уран бүтээлчид хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байлаа ч, хүнд хүрсэн хэдхэн дуунаас нь илүүтэй хэн бүхэн мартсан тэр л сайхан бүтээлүүдийг нь сэргээж дуулахсан гэж хүсдэг. Шинэ уран бүтээлийнхээ хажуугаар хуучны мартагдсан дуунуудыг сэргээж дуулах нь уран бүтээлч хүний үүрэг юм болов уу гэж боддог доо. Тэгээд ч хөдөө орон нутгаар явж байхад хуучны дуунуудыг илүү сайхан болгоод дуулахад хүлээж авах нь ч арай өөр байдаг шүү.
-Ирэр намраас хоёр дахь бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэл үү?
-Тийм ээ, дуучин М.Отгонгэрэлтэй хамтарч шилдэг уран бүтээлийн тоглолт хийхээр ярилцаж байгаа. М.Отгонгэрэл бас хос цомог гаргаж байгаа. Тиймээс бид хоёр урын санд буй шилдэг дуунуудаасаа гадна сонирхолтой үзүүлбэрүүд багтаасан томоохон хэмжээний тоглолт хийе гэж төлөвлөсөн. Тайз засал, тоглолтын хөтөлбөр гээд л бүх зүйлийг шинэлэг хийе гэж бодож байгаа. Залуу нас минь тэрүүгээрээ их ялгарна. Тэгэхгүйгээр, байдаг л нэг юм хийгээд байвал хөгжихгүй шүү дээ. Бид нар өөрсдөөсөө эхэлж өөрчлөгдөж, шинэлэг гоё санаа гаргах ёстой. Хэрэв төлөвлөгөө маань бүтвэл 21 аймгаар тойрч тоглох бодол бий. Яг хэдийд тоглохоо албан ёсоор шийдээгүй л байна. Найз нөхөдтэйгээ хамт ганц хоёр аймаг руу тоглолтоор явдаг хэрнээ яг бүгдэд нь очиж үзээгүй л дээ. Тэгэхээр хөдөө орон нутгаараа аялах том зорилго тавьсан байгаа.
-Найр наадам, тоглолтын урилга тасрахгүй биз?
-Зуны улиралд жаахан амрах зав гардаг ч, уран бүтээлчид маань байгалийн сайханд дуугаа дүрсжүүлэх ажилд шаргуу орчихдог. Тэгэхээр бас л ингэж ажиллах байх. Мөн энэ жил аймаг, сумын ойн баяр нэлээд тохиож байгаа. Наймдугаар сараас эхлээд хурим найрын урилга заллага их авна аа. “Аав ээжийн сайхан дуунуудаасаа дуулж өгөөч” гээд л хүмүүс их хүсэлт тавьдаг юм. Урлагийн сургуульд сурч байхдаа өөр хүний дуулсан хоёр гуравхан дууг сураад найр наадамд дуулдаг байлаа. Харин одоо өөрийн гэсэн олон дуутай болоод ирсэн чинь юу дуулахаа мэдэхээ байдаг юм байна. Сонголт олширсон гэх үү дээ. Хурим хийж байгаа хүмүүсээ хараад аль нутаг усных байна, хурим найр нь эхэлж байна уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Бас хуримлаж байгаа хосын маань аав ээж энх тунх байгаа эсэхийг харж, мэдэрч байж дуулна гэдэг их чухал юм шиг байгаа юм.
-Охиндоо зориулаад маш сайхан дуу дуулсан байна лээ?
-Соёлын тэргүүний ажилтан Н.Ган-Очир ахын шүлэг, Соёлын тэргүүний ажилтан С.Ганчимэг багшийн маань хөгжим “Амин хайр” дуугаа Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйлангийн сурагч н.Отгонцэцэг гэдэг охинтой хамт дуулсан. Үг аялгуу нь хүртэл нэгийг бодогдуулахаар үнэхээр сайхан дуу болсон шүү. Би урьд нь “Охиндоо зориулж нэг сайхан дуу дуулья” гэж боддог байсан ч бүтэхгүй явсаар өдийг хүрлээ. Харин сая цаг хугацаа нь тохирсон ч юмуу, маш хурдан бүтсэн. Энэ дуундаа сайхан клип хийлгэсэн.
-Уран бүтээлч хүний ар гэрийг авч явна гэдэг амаргүй. Ханийн тань хувьд, хайр халамжаар дутаалгүй авч явсан нь өдий хэмжээний уран бүтээл хийхэд нөлөөлсөн байх гэж бодлоо?
-Тэгэлгүй яахав. Ханийг минь Б.Эрдэнэтуяа гэдэг, Төв аймгийн Эрдэнэсант сумаас гаралтай. Одоо охиноо сургах, хүмүүжүүлэх маш том ажил хийж байгаа хүн. Урлагийн хүний ар гэрийг ийм сайхан халуун дулаан уур амьсгалтай, найдвартай авч явна гэдэг үнэхээр чухал. Миний хувьд ч гэсэн өөр юманд санаа зовохгүй, зөвхөн уран бүтээлээ хийгээд явахад амар байдаг юм. Урлагийн хүн л болсон хойно, хөдөө гадаа олон хоногоор явна. Орой үдэш арга хэмжээнд уригдана. Ямарваа нэгэн арга хэмжээн дээр идээний дээж гээд архи амсах ч юмуу есөн шидийн л юм дагадаг шүү дээ, урлагийн хүмүүсийг. Тэгэхээр ханийн хувьд ажлын онцлог, аливаа асуудлыг нь ойлгоно гэдэг хамгийн чухал зүйл. Хань минь ар гэрийн асуудлаа зохицуулж, ая тухтай уур амьсгалыг бүрдүүлж чаддаг учраас миний бодож байгаа юм бага ч гэсэн бүтээд явдаг юм болов уу.
-Ханьдаа зориулсан уран бүтээл бий юу?
-Хөгжмийн зохиолч, дуучин Б.Мөнхжаргал эгчийнхээ зохиосон “Зөөлөн” гэдэг дууг ханьдаа зориулж дуулж байсан юм. Миний анхны цомогт багтсан дуу л даа. Энэ дууг хоёр гурав сонсоод ирэхээр үгийн утга нь ямар гүн гүнзгий, өвөрмөц аялгуутай болохыг мэдэрнэ. Цаашид би “Зөөлөн” дуугаа шинэчлээд эмэгтэй дуучинтай хамтарч дуулах бодолтой байгаа.
-Чөлөөт цагаараа та юу хийх дуртай вэ. Спортод элэгтэй юу?
-Цаг зав гарвал найз нөхөдтэйгээ хамт уулзах үе байлгүй яахав. Чадахгүй байж хааяа нэг бильяард, теннис цохино. Дуучин найзуудтайгаа нийлээд заал авчихна. Чөлөөт цагаа аль болох сонирхолтой байлгахыг боддог юм. Өвлийн цагт амралтынхаа өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ хамт “Скай ресорт” цанын баазад тоглож, уушгаа цэвэрлэж авна. Зуны цагт голын хөвөөнд амарч байгаад буцах сайхан л байдаг.
-Эр хүний хувьд шүтэж явдаг зүйл тань юу вэ?
-Ер нь би уул болгоны оройг шүтэж явдаг юм. Хүүхэд байхаасаа л уулын оройд гарах дуртай байсан. Ямаа шиг их хурдан гүйгээд л өндөр уулын орой руу гарчихдаг байлаа. Нутаг усандаа очихоор заавал уулын оройд гардаг. Ойрдоо цаг зав жаахан бага, дээрээс нь байнгын бэлтгэлтэй биш болохоор уулын оройд гарч амжихгүй л явна.
-Архангай нутгийнхаа “Тайхар” нэгдлийн залуустай их холбоотой байдаг билээ?
-Тийм ээ, Архангайн нэгэн үеийн залуучууд л даа. Улсын филармонийн гоцлол дуучин, “Voice” группын ахлагч С.Баттулга ах ерөнхийд нь удирдаад явдаг. Нэлээд хэдэн жилийн өмнөөс бид “Байгаа зүйлээрээ нэг нэгнээ дэмжиж явья. Спонсор энэ тэр гэхгүйгээр бор зүрхээрээ болгож, найзалж нөхөрлөөд нэгэн гэр бүл шиг явья” гэж төлөвлөөд нэгдсэн.
-Удахгүй наадам болно. Үндэсний их баяраараа яаж баярладаг вэ?
-Хүй долоон худагт 11-ний өдөр найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт очоод хоночихдог юм. 12-ны өглөө Соёолонгийн тоос үзнэ ээ. Өглөө нь тийшээ явбал энэ их түгжрээнд бүтэхгүй юм билээ. Тэрний оронд урьд өдөр нь очоод найз нөхдийнхөө гэр бүлтэй хамт майхан босгож, мах шарж идээд, хөзөр тоглон, хууч хөөрөөд хоносон нь дээр шүү дээ. Соёлонгийн тоосонд даруулчихаад өдөр нь үндэсний бөхийн барилдаанаа үзнэ. Наадмын хуушуураа ч иднэ шүү. Амталж явсаар байтал бараг болчихдог юм.(инээв)
-Ярилцсанд баярлалаа. Шинэ уран бүтээлээр тань дахин уулзья.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 3 )
ectoi bvv med iim dyychin bdag yum yy. odoo ch dyychid buun buunuuruu garch urex yum da.olond tanigdaad urexeeree zarim ni****zan ni ebderch ger bvlee orxidog shu bitgi tegeerei.
mash sain duuchin.ene saluug ih saihan ireedui huleej bga gej boddog.huurhun ehnertei yum bn.eejteigee adilhan huurhun ohintoi yum bn.ta 3t az jargal husie