Хятадууд Монгол газар нутаг дээр хоорондоо хэмлэлдсэний горыг Монголчууд амсаж байгаагийн нэгэн тод жишээ бол “Шүнди”-гийн гэх тодотголтой луйврын хэрэг юм. Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, Kёкүшю цамхагийн баруун талд байрлах Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын гэх тодотголтой 66 айлын 12 давхар орон сууцыг Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд барьсан барьсан цагаас хойш хэл ам тасарсангүй. Энэ барилгыг арваад жилийн өмнө Монголд байгуулагдсан “Шүнди” компанийн зүгээс нутаг нэгтэй компани болох “Зун Чин” гэх компанид захиалга өгөн бариулсан байдаг. “Шүнди” компанийн тухайд Хятад улсын иргэн Ли Шан Бо гэгч нь Тянь Жин хотод үйл ажиллагаа явуулдаг "Да Ган" корпорацийн хөрөнгөөр 27,1 сая юанийг буцаан төлөх нөхцөлтэйгээр байгуулсан юм байна. Бодвол монголын барилгын салбарыг эзлээд, мөнгө хийгээд өгнө гэсэн эрмэлзлэл дүүрэн байгуулсан болов уу. Гэтэл бодит байдал дээр тэдний барьсан барилга жинхэнэ үлгэр байв. Тус барилгыг 2008 онд барьж эхлэх цагаас улсын комисс хүлээж авах хүртэл дорвитой шалгалт хийгдэж, шаардлага тавигдаагүй гэх зүйлийг эх сурвалжууд хэлдэг. Анхнаасаа барилгын батлагдсан зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын байршил, хэмжээг тогтоосон бүдүүвч, барилгын ерөнхий төлөвлөгөөг үндэслэсэн зай хэмжээ, өндөржилт, картограммын зураг гэх мэт шаардлагатай баримт бичгээ огт бүрдүүлээгүй хэрнээ барьж эхлүүлсэн тус барилга баригдсан хойноо ихээхэн асуудалтай нь тодорхой болсон.

Түүнчлэн нь чанарын шаардлага хангадаггүй сантехниктэй тус барилгын айлууд байнга ус алдаж байдаг. Гэтэл ус алдалтыг зогсоохын тулд айл бүрийн ханыг цоолж байж, эвдрэл гэмтлийг тогтоохоос өөр аргагүй байдаг аж. Ямартаа л тэр мэт эвдрэл гэмлтийг тогтоох явцад цэвэр усны төмөр шугам хоолойны оронд бохирын хар трубагаар орлуулсан болох нь мэдэгдсэн гэдгийг оршин суугчид нь хэлцгээж байсан юм. Байр нь чанарын шаардлага хангахгүйгээс гадна 66 айлын тал хувийг нь оршин суугчид нь худалдаж авсан аж. Мөнгөө 100 хувь төлсөн ч өмчлөгчийн гэрчилгээгээ авч чадахгүй өнөөдрийг хүрсэн байх юм. Харин үлдсэн 30 айлын орон сууцыг иргэдэд түрээслүүлж иржээ. Уг нь Баянгол дүүргийн цагдаагийн газраас тус компанийн тамга тэмдгийг хурааж, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлаж байсан удаатай ч, тэдний хувьд монголын хууль гууль аж. Ямартаа л компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэгддэг М.Мандахбаяр, нягтлан бодогч н.Нинжмаа, Б.Баясгалан нарын манай улсын иргэн, эмэгтэйчүүд баталгаагүй гарын үсгээр баримтжуулан орон сууц худалдаж, түрээслэн өнөөдрийг хүрсэн байх юм.
Шаардлага хангахгүй барилга барьчихаад хоорондоо түнжин хагарсан хятад компаниудын тухайд хэн хэнийхээ дээр гарах гэж үзээд байгаагаас бус Монгол иргэдийн эрх ашиг гэдэг юм ёстой падлийгүй аж. Тус барилгын хөрөнгө оруулагч тал болох “Шүнди” компанийн Гүйцэтгэх захирлаар дараа нь томилогдсон Ван Сэн Тун болон гүйцэтгэлийг хийсэн “Зун Чин”ХХК-ний захирал Ван Шүэ Лин нарын тухайд хууль журмынх нь дагуу барьж гүйцэтгээгүй барилгаа Улсын комисст хүлээлгэн өгөхдөө комиссыг ахалж байсан эрхэм болох Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер асан Ө.Сүхбаатарыг 94 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байраар хахуульдчихсан байдаг. Улмаар олон иргэний эрх ашгийг уландаа гишгэн авлига авсан Ө.Сүхбаатарт шүүх таван жил гурван сарын хорих ял оноосон байдаг.
Харин хулхи барилга барьж эрх мэдэлтэй нөхдүүдийг авлигадаж ажлаа бүтээж ирсэн Хятадууд өнөөдөр эрх чөлөөтэй, дур зоргоороо аашлаад л байцгааж байна. Түүнчлэн улсын комисс өөрөө хууль зөрчин хүлээж авсан энэ барилга Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжсэн тул зээлийн нөхцөлтэйгээр байрандаа орсон зарим иргэд хугацаанаасаа өмнө мөнгөө төлөх ёстой гэсэн шахалтанд орсон аж.
Иргэд ингэж хохирч байгаа бол хятадын компаниуд цаанаа хэмлэлдэж байна. Тодруулбал, арван жилийн өмнө мөнгө өгсөн “Да-Ган” компани “Шүнди” компанийг гэрээгээ зөрчсөн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлд “Манай компани 2007 оны 12 дугаар сарын 26-нд “Шүнди” компанитай байгуулсан “Хөрөнгө оруулалтыг буцаан төлөх гэрээ”-ний дагуу уг барилгыг барьж байгуулахад 24.100.000 юань оруулсан. Үүн дээр нэмээд ашиг 3.000.000 юань нийт 27.100.000 юанийн хөрөнгө оруулалтыг буцаан төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Ингээд 2008 оны 12 дугаар сар Улсын комиссоос орон сууцыг хүлээн авч ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. “Шүнди” компани нь гэрээний дагуу буцаан төлөх 27.100.000 юаниас 4.663.855 юанийг буцаан төлсөн ба үлдэгдэл 22.436.145 юанийг төлөөгүй. Манай зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хүлээж аваагүй. ...Иймд “Шүнди” компаниас гэрээний дагуу 22.436.145 юань буюу 4.734.026.595 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн байдаг. Харин Анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 287.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч “Шүнди” компаниас 4.669.186.136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Да-Ган” компанид олгож, нэхэмжлэлээс 64.840.459 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэрийг гаргасан бөгөөд дараагийн хоёр шатны шүүх ч шийдвэрийг өөрчлөөгүй юм. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус барилгыг дуудлага худалдаанд оруулах асуудлыг хөндсөн байдаг. Мөн “Шүнди” компанийн захирал Ван Син Туныг авлига хээл хахууль өгсөн, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан зэрэг таван үндэслэлээр тус компанийг үүсгэн байгуулагч Ли Шан Бо итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хандсан ч прокурорын шатанд хээл хахууль өгснөөс бусад хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарч байсан юм.
Оршин суугчдын хувьд барилгын чанар гэж яриад байх юм юу ч байхгүй гэдгийг хэлж ярьсаар л байна. Байнга л ус алдсан байранд амьдарч байгаа хүмүүст ямар юмных нь чанарын тухай гэгээн ойлголт байх билээ. Айлуудын ус, дулаан дамжуулах хоолойнууд зэвэнд идэгдсэн тул крантаар нь зэвтэй ус гоождог аж:
Ер нь бол компаниуд хооронд үүсээд байгаа асуудлын тухайд тодотгоход барилга баригдах үед тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ван Син Тун гэгч нь 2009 оны есдүгээр сард 31 айлаас гэрээний дагуу нийт 2.088.065 мянган ам.долларын урьдчилгаа авсан аж. Эл мөнгөнөөс 670.000 мянган ам.долларыг хөрөнгө оруулалтыг буцаан төлөх дээрх гэрээний дагуу “Да-Ган” компани руу гуйвуулснаас хойш ямар ч төлбөр төлөөгүй бөгөөд тэгснээр нөгөө талаас нэхэмжлэл гаргахад хүрчээ. Нэхэмжлэлд хэрхэн өгүүлснийг дээр хүргэсэн билээ. Ерөнхийдөө бол “Шүнди” гэх хятад компани Ван Син Тун хэмээх хятад захирлаас болж монголчууд л хохирч байна. Уг нь “Шүнди” компанийн гүйцэтгэх захирал Ван Син Тун болон уг барилгын гүйцэтгэлийг хийсэн “Зун Чен” компанийн захирал Ван Шүэ Лин нар хариуцлага хүлээх ёстой атал 94 саяын байр авсан Ө.Сүхбаатар л шийтгүүлжээ.
Ер нь бол “Шүнди”-гийн луйвар гэх энэ хэргийг харахад гэмтэй хятадууд л уснаас хуурай гарчихаад байгаа юм. Тухайлбал, Ван Син Тун гэгчийгээ шүүхэд өгөөд байдаг Ли Шан Бо гэгчийн тухайд ч бохир нэгэн гэдгийг мэдээллүүдээс анзаарч болохоор. Түүнийг манай улсын хууль, шүүх болон газрын албаны зэрэг эрх мэдэл бүхий хүмүүсийг мөнгөөр худалдан авч өөрийнхөө талд оруулсан гэх мэдээлэл зүгээр ч нэг цацагдаагүй л болов уу. Ли Шан Бо нь Шүнди компанийг байгуулахдаа Хятад Улсын иргэн Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юань Бин, Ли Жя Зин нараас сар бүр 100 мянган юанийн хүү төлөх гэрээгээр 600 мянган юань зээлсэн байдаг. Зээлсэн мөнгө болон хүү 1.1 сая юанийг төлөлгүй хамтран ажиллахаар тохирч, 300 мянган юанийн хөрөнгө оруулалт нэмж хийлгэсэн байдаг. Харин өөрөө бол хөрөнгө оруулаагүй бөгөөд "Да Ган" корпорацид буцаан төлөх ёстой мөнгөө төлөхөөс зайлсхийсэн байх жишээтэй. Тэр нь "Да Ган" корпораци "Шүнди" ХХК хуралдаж Ли Шан Бог захирлын ажлаас нь чөлөөлж, Ван Сэн Тунг томилход хүргэсэн гэх. Гэхмэтчилэн аваад үзвэл “Шүнди”-гийн гэх луйвар үнэртсэн хэргийн бурууг Хятадуудаас эрэх л ёстой.
Сэтгэгдэл ( 0 )