Өнөөдөр өглөө үлэг гүрвэлийн ховор олдворыг олон нийтэд үзүүлэх “Би гэртээ ирлээ” арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү арга хэмжээг нээж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын бие төлөөлөгч нар тууз хайчилсан юм. Энэ үеэр Сүхбаатарын талбай дахь түр музейг барьсан “М-Ойл” компани, дотоод тохижилтыг хийсэн “Цэнхэр од” компани, харуул, хамгаалалтын асуудлыг хариуцан ажиллаж буй “Owl Security” хамгаалалтын албаныханд өргөмжлөл гардуулсан юм. Т-Батаарыг эх оронд нь авчрахад хамгийн анхны туслалцааг үзүүлэн ажилласан палеонтологич М.Болорцэцэгийг “Алтан гадас” одонгоор шагнаж, урамшууллаа. Тэрээр монголдоо цөөхөн хэдхэн палеонтологичдын нэг аж. Мөн түүнчлэн энэ үеэр “Монгол онгод” хамтлаг “Би гэртээ ирлээ” хэмээх шинэ бүтээлээ иргэдэд танилцуулсан юм. Энэхүү түр музейг ирэх есдүгээр сар хүртэл төв талбайд байршуулах бөгөөд 0-6 насны хүүхдүүд, ахмад настнуудад үнэгүй, 7-16 насныхан 500, насанд хүрэгчид 1000 төгрөгийн тасалбар авч түүхэн үнэт олдворыг үзэж сонирхох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )