Наадмаар 2222 уртын дууч зэрэг дуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 10

Үндэсний их баяр наадамд зориулан ирэх долдугаар сарын 6-нд 2222 уртын дуучныг зэрэг дуулуулахаар болжээ. “Улаанбаатар чуулга”-аас зохион байгуулж буй “Монгол уртын дуу-2222” төслийн хүрээнд 2222 уртын дуу сонирхогчдыг үнэгүй сургалтад хамруулж, нэгдсэн тайлан тоглолт хийхээр болсон байна. Монголын язгуур урлагийн төрлийг өвлүүлэн үлдээх, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаатай холбогдуулан тус чуулгаас Монголд анхны төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан “Монгол уртын дуу-2222” төслийн хүрээнд 2222 уртын дуу сонирхогчдыг сургалтанд хамруулж эхэлсэн гэнэ. Энэхүү сургалтаар уртын дууны гарал үүсэл, нутаг нутгийн аялгууны онцлог, тархац, шүлгийн болон ая эгшигийн төрөл зүйл, түүхэн хөгжил, дуулах арга барил, уртын дууг уламжлуулж ирсэн түүхэн уламжлал, орчин үед зааж сургах арга барилд суралцах юм.

Тодруулбал, хөтөлбөрт хамрагдсан суралцагчид монгол уртын дууны дуулах арга зүй, түүхэн хөгжил, аялгуунуудын харилцан хамаарал, төрөл зүйлийн талаар мэдлэг эзэмшиж 1-6 уртын дууг дуулж сурах аж. Мөн шагай, сурын уухай, уртын дууны уухай сурах, эрэгтэй сонсогчид бөх, хурдан морины цол дуудах чадвар эзэмшүүлж байгаа юм байна.

Төслийн зөвлөхөөр Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, зохион байгуулагчаар Уртын дууны холбооны гүйцэтгэх захирал МУСТА Л.Баяр-Эрдэнэ нар ажиллаж байгаа бөгөөд багш нарын хувьд СУИС-ийн хүндэт профессор МУГБ Ц.Дэлгэр, МУГЖ Г.Хонгорзул, ҮДБЭЧ-ын уртын дуучин СТА Б.Батмэнд, УБЧ-ын уртын дуучин, СУИС-н уртын дууны багш, СТА Б.Батболд нарын энэ цагийн уртын дуучдын төлөөлөл болсон чадварлаг дуучид хичээл зааж эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.155) 2025 оны 03 сарын 13

ervaa mungu ureh dontonguud

1  |  0
Top