Улсын мөрдөн байцаах газрын дарга хурандаа Ц.Батсүх, НЦГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа С.Сайнжаргал нар сүүлийн үед олны анхаалын төвд буй, шалгагдаж байгаа томоохон хэргүүдийн явцын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай холбоотой гомдол өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд ирж түүнийг хууль хяналтын байгууллага анх шалгаж эхэлжээ. Гомдол гаргагч иргэн “Ч” цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа: “Намайг Энхтайваны гүүрэн дээр хэсэг залуус зодож, миний “Ланд круйзер 200” маркийн автомашиныг дээрэмдчихлээ. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг би сэжиглэж байна. Ё.Отгонбаяр гэж хүн сайдаар ажиллаж байхдаа Налайх дүүрэгт барьсан миний нэр дээр байдаг барилгын ашиглалтын зөвшөөрлийг өгөхгүй байсан. Ё.Отгонбаяр барьсан барилгыг минь ашиглалтад хүлээж авахдаа 230 сая төгрөгийг хахуульд авах саналыг хүнээр дамжуулан надад тавьсан. Энэ хахуулийн мөнгийг өгөхгүй гэсний хариуд хүмүүс явуулж, намайг зодуулж, дээрэмдүүллээ” гэсэн байдаг. Цагдаагийн байгууллага энэ гомдлын дагуу шалгаж үзэхэд иргэн Ч-гийн өгсөн мэдээлэл үнэн болох нь батлагдсан.
Зодсон, хээл хахууль өгөхийг санал болгож зуучилсан хүмүүс нь бүгд тэр талаар гэрчилж байгаа аж. Ё.Отгонбаяр тэр хүнтэй хамт хоолонд орохдоо хахуулийн мөнгө нэхэж, мөнгөний хэмжээний талаар тохиролцож байгаа баримт нь ч байдаг. Ийм учраас Ё.Отгонбаяр гишүүнийг шалгаж эхэлсэн байна. Шалгах ажиллагаанд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас тодорхой мэдээлэл авч, мөрдөн байцаалтын явцад нотлох баримт цуглуулжээ. Хэргийг шалгах явцад Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь 26 дансаар их хэмжээний гүйлгээ орж, гарсан нь тогтоогдсон. Үүнд 2010 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 300 сая, 420 сая, 338 сая, 80 сая төгрөг дараалан О.Эрдэнэсолонгын дансанд орж, дахин хоёр дансаар дамжин өөр банкны нэг дансанд төвлөрч, улмаар төвлөрсөн мөнгийг хэн авсан нь мэдэгдэхгүй бэлнээр гаргасан байжээ. Яг ийм байдлаар их хэмжээний мөнгө орж, гарсан хэрэг юм.
О.Эрдэнэсолонгын хэрэгт холбогдуулан одоогоор дөрвөн банкинд шалгалт оруулаад байгаагаа мэдэгдлээ. Эдгээрээс Зоос, Анод банк дампуурсан. Гэхдээ энэ хоёр банкийг болон бусад хоёр банкны санхүүгийн мэдээлэл, дансанд хоёр талаас орж, гарсан мөнгөний хэмжээг шалгаж байгаа. Мөнгөний хэмжээ хэд ч байж болох юм. Ямартай ч нилээдгүй их хэмжээний мөнгө байгаа.
О.Эрдэнэсолонго нэр дээрээ 26 данстай. Дансны эзнээс ямар учиртай мөнгө болохыг зайлшгүй асууж, шалгах ёстой. Ийм учраас л саатуулсан.
Ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь О.Эрдэнэсолонгыг өвчний улмаас гадуур шалгаад өгөөч гэсэн санал хүргүүлсэн байна. Хүсэлтийг УМБГ-аас хүлээн авч, О.Эрдэнэсолонгыг шалгах шалгалтын явц удаан явагдах учир таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг өнөөдөр прокурорт хүргүүлсэн байна.
Уг хэргийг сонгуультай холбогдуулан улстөржүүлэхгүй байхыг Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх анхааруулж, ямар ч тохиолдолд мөрдөн байцаах үйл ажиллагаа тасралтгүй явагддаг болохыг онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 5 )
Энэ бол манай улс төрчидийн нийтлэг дүр зураг.Монгол улс минь сүйрч бна даа.
uhej dald oroosoi piddaa
unen hudal ni medegdehgui baahan ym yarih ym MANAN d bisan humuuin neg bna
saihan luibarchid um daa Ene Ardiin namiihan bugdiin barij hiij baij l hamag um n garna daa . yaj bayrjihaaraa tegj tasarhai bolood bdag um . toriin alba hashsan humuus. zaliun n hed bilee... sain shalga
Үнэн бол аймаар л юм даа.