Жараахайны өгөөшинд хүүхэд ашигласан хуульчид ямар эрх эдэлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Амьд явахад юу эсийг үзэхэв дээ, үхэхээс л бусдыг үзлээ хэмээн ярьж суух хөгшчүүлийн үгийг сонсоод үхэхээс бусдыг үзэж амждаг л юм байх даа хэмээн боддог байсныг нуух юун. Харин өдгөө амьд явахад бус Монгол хүн болж төрөөд л үхэхээс бусдыг үздэг болох нь. Бүр эхнээс нь өгүүлье л дээ.

Манай улс ардчилсан орон болж хүний эрхийг дээдэлж байгаа нь энэ хэмээн үр хөндөлт гэгчийг дураар нь тавьснаас үүдэн хэдэн зуун ирээдүйн иргэнээ алджээ. Энэ бол эмгэнэл.

Гэтэл аз болж абортны аюулаас мултарсан үрс хэдэн хоног эхийнхээ мөөмийг хөхөөд л гологдож өлгийтэй бяцхан амьтан айлын үүдэнд орхигдох нь энүүхэнд. Зарим нь хүүхэд асрах төв бараадуулаад л хаядаг. Харин өнгөрсөн жилээс эхлэн сэтгэл сэрдхийж, шар үс босмоор мэдээлэл шил шилээ даран гарах болсон нь халуун хэвлийгээсээ унсан үрээ өөрийн гараар хөнөөж буй эх. Туул голын эргийн дагуух хог цэвэрлэж явсан хүмүүс бургасны хажуугаас өлгийтэй хүүхдийн цогцос олсон хэрэг олныг түгшээж байв. Хөөрхий “амьтныг” эх нь битүүлээд алчихсан байж болзошгүй гэх мэдээлэл тухайн үед гарч байв. Түүний дараахан дөнгөж төрсөн нярайн хүйг нь таслалгүй мөн бургасан дотор гээчихэж. Энэ мэт энхрий үрсийн амь нас ирээдүйтэй холбоотой асуудал асар ихээр гарах болж төд удалгүй хогийн савнаас торонд хийсэн нярайн цогцос олддог боллоо. Харин тун саяхан  эсэн мэнд, эрүүл саруул бойжиж байсан хүүхдээ гурван давхарын хогийн бункерын хоолойгоор шидсэн хэрэг гарав. Мэдээж эл асуудал нийгэм даяар л яригдсан, ийм хэрэг гарсныг нэг  нэгэндээ “сонирхуулсан”. Гэвч Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн байгуулллагууд ёстой л нүд нь балай, чих нь дүлий өнгөрүүлэв. Хэн ч юу ч гэж ам ангайсангүй. Болох л ёстой зүйл болж байгаа мэт чимээгүйхэн өнгөрүүлж байгааг түмэн олон ч анзаарсан байх. Монгол улсын иргэд “ардчилалаа” арай хэтрүүлээд байна уу, аль эсвэл авлигад идэгдсэн нийгмийн мөхөл нь ийн илрэв үү. Хүний эрх, хүүхдийн эрх хаа байна.

Ямартай ч Монголын хүүхдийн байгууллага, Хүний эрхийн комисс тэргүүтэй байгууллагууд нүдээ боогоод л өнгөрчихлөө.

Гэтэл Хүний эрхийг уландаа гишгэж, хүүхдийн эрхийг шороотой хольсон бас нэгэн хэрэг шинээр илрэв. Бүр илрэх илрэх, илчлэгдэх илчлэгдэхдээ Улсын мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа  Ц.Батсүхийн амнаас гарлаа. Улсын мөрдөн байцаах газар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ЭМЯ-ны сайд асан Н.Хүрэлбаатарын гэх тодотголтой 2 сая 145 мянган юанийн хэргийг тодруулсан юм.  Улсын мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа  Ц.Батсүхийн хэлж байгаагаар “Сонгууль дөхөөд ирэхээр түүнийг барьж хорьлоо гэж зарим хэвлэлүүдээр мэдээлж байна. Тийм биш. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл нарын хэргийг шалгаж эхэлсэний маргааш нь Н.Хүрэлбаатар эх орноосоо гараад явсан. Үүнээс хойш тувт гадаадад байсан. Харин сая ирэхэд нь баривчилсан. Түүнийг ирүүлэхийн тулд бид эрэн сурвалжилж, хүүхдийг нь хорих  хүртэл арга хэрэглэж  байж авчирсан. Энэ хүний гэрт их хэмжээний буюу 2 сая 145 мянган  юань хадгалагдаж байсан. Гэтэл ийм хэмжээний мөнгө авч гэртээ хадгалдаг төрийн албан хаагч, сайд гэж хаана ч байхгүй.  Тиймээс бид үүнийг юун мөнгө болохыг шалгах, асуух  үүрэгтэй.  Энэ үүргийн хүрээнд шалгалт явж байгааг улс төртэй холбож ойлгож болохгүй” хэмээв.

Мэдээж төрийн албан хаагч, сайдын цалинг хураалаа хураалаа гэхэд 2 сая 145 мянган юань болохгүй. Түүнчлэн ЭМ-ийн сайд асаны нууц хүүхдийн гэрт байсан дүүрэн мөнгө төгрөг чихсэн сейфний асуудлыг ч хөндөх, мөрдөх эрх бий. Эдгээр асуудлыг шалгаж нягтлах нь зөв. Харин эцгийг нь гадаадаас ирүүлэхийн тулд үр хүүхдийг нь барьж хорих эрх хаана, хэнд байна. Гитлер еврейчүүдийг үр удам, үндэс угсаагаар нь устгаж байсан аймшигт гашуун түүхийг үлдээсэн нэгэн.

Эцгийг нь хэрэгт сэжиглэж баривчлахын тулд хүүхдээр нь барьцаалж, хүүхдийг нь хорьж байгаад жараахайг амандаа оруулдаг аргыг хүчнийхэн хэрэглэх нь зөв үү, буруу юу гэдгийг ард түмэн ялгаж салгаад, шүүн тунгаах бизү. Харин эрх баригчид хийгээд хүчнийхэнд хандаж хэлэхэд хүчирхийллээс хүчирхийлэл л төрдөг. Хэн нэгний үйлдсэн хэргийнх нь өмнөөс ойрынх нь хүнийг барьж хорьж барьцаалдаг асуудал байх эсэхийг аль нэгэн улстөрийн хүчин шийдэх үү, аль эсвэл хуулийг гууль болгож, хүний эрхийг уландаа гишгэлдэг хэсэг бусагхан нөхдүүд шийдэх үү. Хүний эрх хаана явааг Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоос, Хүүхдийн эрх хаана явааг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нараас асууя.

Х.Амгалан

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мухулай(203.194.115.20) 2025 оны 03 сарын 13

Зөвшд сейф нь Хүрэл баатарынд биш хүүхдийнд нь байсан гэсэншд тэгэхээр хүүхэд нь хамаатай биздээ барьсан нь зөв зөв

1  |  0
Top