Т.Батаартай танилц /Фото/

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Өнгөрөгч амралтын өдөр Сүхбаатарын талбай дахь “Үлэг гүрвэлийн түр музей” нээлтээ хийсэн. 70 сая жилийн тэртээ Монгол нутагт амьдарч байсан түүхийн үнэт өв Т-Батаарыг олон нийтэд дэлгэлээ. Уг музей ирэх есдүгээр сарын 15 хүртэл ажиллах бөгөөд иргэдэд зургадугаар сард үнэ төлбөргүйгээр үзүүлж байгаа юм. Харин ирэх сараас насанд хүрэгчид 1000, хүүхэд 500 төгрөгөөр үзэж сонирхох боломжтой юм.

Т-Батаарын түр музейг хүмүүс ихээр сонирхож байгаа нь гадна үүдэнд дугаарлан зогсож байгаа хүмүүсийг харахад андашгүй байлаа. Тэд хүүхдүүдээ дагуулан ирсэн төдийгүй гэр бүлээрээ ч үзэж сонирхож байна. Монгол нутагт, Монголын газар шороон дээр ийм сүрлэг амьтан амьдарч байгаад мөхсөн, үүнийх нь баталгаа болсон эдгээр яснууд манай улсад байсан гэдгийг үзэх багачуудын хувьд танин мэдэхүйн чухал ач холбогдолтой. Нэг өдрийн дотор л гэхэд Т-Батаарыг 10556 хүн үзэж сонирхсон гэхээр Монголчуудад энэ сэдэв, энэ яс сонирхолтой байгаа нь илт мэдэгдэнэ.

Иргэн Н-ын тухайд "Энэ бол монголынхоо маш үнэтэй ховор архелогийн олдвор шүү дээ.  Батаарыг харийн нутагт зарагдахаас өмнө буцаан авчиран ийнхүү дэлгэн үзүүлж байгаа явдалд Монголчууд бид бүгдээрээ баяртай байна” хэмээн өөрийнхөө санал сэтгэгдлийг хэлж байсан юм.

Үзвэрийн танхимын гол хэсэгт Т-Батаарын олдворыг байрлуулсан бөгөөд зүүн талд нь Батаарыг анх АНУ-д дуудлагаар худалдах гэж буй тухай мэдээлэл гарсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх бүхий л үйл явдлын баримтуудыг дэлгэж, баруун талд нь Тиранозавр, үлэг гүрвэлийн чулуужсан өндөг болон хуягт, махчин, өвсөн тэжээлт гээд хэд хэдэн төрлийн үлэг гүрвэлийн олдворыг шилэн хоргонд байршуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top