“Масктай Матар” цуврал МИАТ-ийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан наранд алхах эрхтэй юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 12

Яадаг ч байсан их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр МИАТ-ийн нэр бүхий удирдлагууд 10-13 жилийн ялыг анхан шатны шүүхээс сонслоо. Тэд мэдээж дараагийн шатны шүүхэд гомдол хүргүүлэх нь тодорхой. Харин нэг талаас хэрэг шийдэгдээд байгаатай зэрэгцэн МИАТ-д бугшсан асуудлууд бүрэн уудлагдаж чадаж байна уу. Эсхүл улстөрийн аясыг дагаад байна уу гэдэг асуултыг тавих л ёстой. Түүнчлэн сүүлийн хэдэн жилийн турш зах замбараагүй их мөнгийг хувь эрх ашгийнхаа төлөө нааш цааш нь урсгасан эрхмүүдийн ар талын хамгаалалтын асуудал яригдах ёстой. Мөн МИАТ компанийн өнөөгийн удирдлага Г.Жаргалсайхантай холбоотой асуудал ч яригдах ёстой юм. Чухам яагаад гэдгийг тодотгох үүднээс МИАТ компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчил бүхий асуудлуудаас авч үзэхэд л ойлгомжтой болно.

Ер нь бол МИАТ-тай холбоотой анхаарал татсан олон асуудал байдгийн нэг нь Катерингийн асуудал. МИАТ компани “Нүхт тур” ХХК-тай Катерингийн үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа хууль дүрэм зөрчсөн баримтууд байсаар атал тэрчигээрээ явсаар өнөөдрийг хүрсэн нь, МИАТ болоод  “Нүхт тур” ХХК-ийн хоорон дахь түншлэлийн ард улстөрчдийн эрх ашиг байгаад байна уу гэх сэрэмжилсэн асуултыг тавихад хүргэдэг. МИАТ-д өнгөрсөн хугацаанд  “Нүхт тур” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой олон гомдол, санал ирж байсан байдаг. Гэсэн ч  “Нүхт тур” ХХК-д хир халдахгүй явж ирсэн.  Түүнчлэн энэ компанитай заавал гэрээлэхгүйгээр МИАТ өөрөө Катерингийн үйл ажиллагаагаа явуулж болох байтал анхнаасаа бусдыг угжих зорилгоор  давхар давхар гэрээ байгуулсан байхыг үгүйсгэх аргагүй гэдгийг илтгэх зүйлийг одоо өгүүлнэ.

Д.Хоржав захиралтай Нүхт Тур ХХК-ийн тухайд 1978 онд байгуулагдсан. Аялал  жуулчлал болон агаарын тээврийн компаниудад Катерингийн үйлчилгээ үзүүлдэг компани. МИАТ Mongolian Airlines, Аэрофлот авиакомпанийн зорчигчийн хоолыг бэлтгэн нийлүүлэгч  үндсэн компани гэдгээрээ томордог тус компанийн МИАТ-тай  байгуулсан гэрээний дагуу үзүүлдэг үйлчилгээг шүүмжлэл дагах нь олонтаа юм билээ.

Уг нь “МИАТ” ХК нь  1998 онд өөрийн хөрөнгөөр Катерингийн зориулалт бүхий барилга барьж ашиглалтад оруулснаар компанийхаа олон улсын нислэгийн зорчигчийн хоолыг өөрөө бэлтгэдэг бэлтгэх цехтэй болсон юм билээ.  2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худалдаа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажиллажээ. Гэсэн ч 2002 онд “МИАТ катеринг” нэртэй төрийн өмчит ХХК болгож зохион байгуулалтын өөрчлөлт хийж аж ахуйн тооцоон дээр ажиллуулах болж, 13.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Улмаар 2006 он хүртэл бие даасан аж ахуйн тооцоон дээр ажилладаг охин компани байсныг буцаан өөрчилж “МИАТ” ХК-ийн Катеринг төв гэсэн хэлтсийн зохион байгуулалтад оруулсан байдаг.  Улмаар 2008 онд Катерингийн төвд “МИАТ” ХК 790 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилгын өргөтгөл шинэчлэл, агуулах, хөргөх хөлдөөх байгууламжийг шинээр барьсан байдаг.

Одоо бол  “МИАТ” ХК болон “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан 2 гэрээний дагуу катерингийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэдгээр нь:

-2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 09/139 тоот “МИАТ” ХК-ийн Катеринг төвийн удирдах үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээг “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд 2 жилийн хугацаатайгаар байгуулжээ.  Энэ нь “Удирдлагын гэрээ” юм.

-2009 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 09/139А тоот “Агаарын хөлгөөр зорчигчдын хоол бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ”-г “МИАТ” ХК, “Нүхт тур” ХХК-ийн хооронд байгуулсан байна. Энэ нь  “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” аж.

Удирдлагын гэрээг байгуулахдаа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар эцэслэн хэлэлцүүлж шийдвэрлүүлээгүй байсан нь 2011 онд хийгдсэн  шалгалтаар тогтоогдсон байдаг.  “МИАТ” ХК-ийн ТУЗ-ийн 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эдийн засгийн тооцоо, судалгааг хангалтгүй байна гэж үзээд дараагийн хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлэх үед Удирдлагын гэрээ байгуулагдсан байсан байна. Компанийн ТУЗ-ийн хурлаар энэ асуудал дахин хэлэлцэгдээгүй аж.

 Энэ нь Компанийн тухай хуулийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана”, МИАТ ХК-ийн дүрмийн 7.9.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл нь МИАТ ХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтэц…-ийг батлах”-аар заасныг тус тус зөрчсөн явдал болсон юм байна.

Нүхт тур” ХХК-д Катеринг төвийг хүлээлгэн өгөх үеийн байдлыг тухайлан авч үзвэл  2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар гэрээний дагуу “Нүхт тур” ХХК-д Катерингийн төвийн нийт 1.926.791.9 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийг хүлээлгэн өгсөн байдаг.

 Удирдлагын гэрээгээр Гүйцэтгэгч тал нь Катерингийн төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүйгээр үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй байх, сайжруулах, Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах үндсэн үүргийг хүлээсэн аж.

Гэрээний хугацаа 2 жил, гэрээний хавсралт “В”-ийн 11-д “Удирдлагын гэрээ дуусгавар болсон тухай баримтад гарын үсэг зурах өдрийг 2011-8-10 байхаар тусгасан,  2.1.3 дахь заалтад гэрээг 2 жилийн хугацаатайгаар 2 удаа сунгаж болно гэж заасан байна.

Тэгвэл  “МИАТ ХК-ийн катеринг төвийн удирдах үйл ажиллагааг гүйцэтгэх 09/139 тоот удирдлагын гэрээг сунгах тухай” гэрээг 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “МИАТ” ХК-ийг төлөөлж Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Г.Жаргалсайхан, “Нүхт тур” ХХК-ийг төлөөлж Д.Хоржав нарын хооронд байгуулж, гэрээний хугацааг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан байгаа юм. Энэ нь МИАТ-ийн өнөөгийн удирдлага Г.Жаргалсайхан эрхмийн тухайн үед гарын үсэг зурж сунгасан гэрээтэй холбоотой асуудал гэдгийг тодотгох нь зөв болов уу.

Түүнчлэн дахин хэлэхэд МИАТ-ийн өнөөгийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан бусад удирдлагуудын адил шалгагдах ёстой хүний нэг аж.  МИАТ компанийн Бодлогын хэлтсийн дарга С.Билэгсайхан энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Зам тээврийн сайдын зөвлөлийн 2013 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн зөвлөлийн хуралдаанаар “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” Зам, тээврийн сайдын 2012 оны 37 дугаар тушаалын хэрэгжилтийн байдлыг хэлэлцээд “Нүхт-тур” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах, катерингийн үйл ажиллагааг тус компанид гэрээгээр шилжүүлсэнтэй холбогдон “МИАТ” ТӨХК-д учирсан хохирлыг хууль хяналтын байгууллагад хандаж нэхэмжлэх, гэрээ байгуулсан үйл ажиллагаанд “МИАТ” ХК-ийн холбогдох албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй байгааг шалгуулах зэрэг арга хэмжээ авахыг даалгасан. Сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж, дээр дурьдсан арга хэмжээг авч, хариу мэдэгдэхийг хүсье” гэсэн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, одоогийн удирдах албан тушаалтнуудын “МИАТ” компанид учруулсан хохирлын хэмжээг гаргаж байна. Дотоод хяналтаа сайжруулж байна гэсэн үг. Сэжиглэж, хардах олон асуудал гарч байна. Тухайлбал, 2011 онд хоёр тэрбум төгрөг катерингид шилжүүлсэн. Өнгөрөгч 2012 онд жилийн дотор 3.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл манай удирдлагууд шатахууныхаа мөнгийг төлж чадахгүй чичирсэн мөртлөө катерингийн мөнгийг шилжүүлж ирсэн. Тодорхойгүй 1.8 тэрбум төгрөгийн асуудлыг шалгуулахаар боллоо. Өнгөрсөн жилүүдэд манай захирал Г.Жаргалсайханы тушаалаар Баянхонгор аймгийн “Нүхт-тур” компанид 200 сая төгрөгийг шилжүүлдэг байсан гэх мэтчилэн санхүүгийн хэргийн шинжтэй үйлдэл олон байна.” хэмээн өгүүлж байсныг тодотгоё.

“Масктай Матар” үргэлжилнэ.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bas Bat(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

Bat geed bas notoi nuhur bii ter miat d

1  |  0
БУРЖАК(49.0.201.203) 2025 оны 03 сарын 13

АРДЧИЛАЛ ГАРЧ ХҮНИЙ ЭРХ БАТАЛГААЖЛАА. АРДЧИЛАЛ ГАРЧ ӨМЧТЭЙ БОЛЛОО. АРДЧИЛАЛ ГАРЧ ИРЭЭД ХҮНИЙ ҮҮРЭГ БАТАЛГААЖЛАА.ХА

1  |  0
hulgai(202.126.89.168) 2025 оны 03 сарын 13

Harvaas hogiin luivarchin bna daa.

1  |  0
УБ Иргэн(122.201.18.57) 2025 оны 03 сарын 13

Энэ дарга шоронд орсоны дарга нарынхаа орлогчоор олон жил ажилласан. Орхон японд монго шилжуулээд энэ даргыг томилон явуулж дансаа устгуулж байсан. Олон тендер будилуулж арга хэмжээ торийн омчийн хорооноос сая авахуулсан. Шоронд орсон дарга нарынхаа арыг даах гэж захиалгаар томилогдсон. Араас нь шоронд явах цаг нь болсон

1  |  0
Top