АМГ-ын дарга асан Д.Батхуяг нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 15-нд Нийслэлийн шүүхэд болсон билээ. Тэдэнд холбогдох анхан шатны шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхэд өнгөрсөн нэгдүгээр сард гурван өдөр болж АМГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал Жаргалсайхан, Н.Бат-Ирээдүй нарын дөрвөн хүнд ял оноосон. Д.Батхуягт 6,6 жил, Т.Даваацогтод зургаа, харин Жаргалсайхан, Бат-Ирээдүй нар тус тус 5,1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан. Мөн хууль бусаар олгосон 106 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгож, төр мэдэлдээ эргүүлэн авах шийдвэр гаргасан билээ. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаар Д.Батхуягийг ялыг хөнгөрүүлж дөрвөн жил, нөгөө гуравт нь гурван жил болгож өөрчилсөн юм. Мөн Д.Батхуяг нарын эрх мэдлээ урвуулан ашиглаж, “тараасан” 106 лицензийн зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Харин тэд болон өмгөөлөгчид нь хяналтын шатны шүүх буюу Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй байгаа. Тэгвэл тэд өнгөрсөн долоо хоногт хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргажээ. Хуулийн хугацаа 30 хоногийн дотор хэргийг шийдэрлэх ёстой аж. Хэргийн тухайд сануулахад, Д.Батхуяг, Л.Даваацогт нар нь бүлэглэн 2009, 2010 онд эрх мэдэл буюу албан тушаалаа ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгагдаж буй юм. Мөн С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, С.Жаргалсайханд, “Зэлэм” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хээл хахууль авсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )