Топ модель О.Уянга хөл хүндтэй болоод 13 кг жин нэмжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 14

Урд хөршид суралцаж буй топ модель О.Уянга хэдхэн сарын дараа ээж болох гэж буй. Топ бүсгүй хөл хүндтэй болсон даруйдаа энэхүү баярт мэдээг гэр бүлийнхэндээ дуулгаж, хайртай залуугаа баярлуулсан гэдэг. Загварын бүсгүйчүүд дундаас боловсрол мэдлэг сайтай, тун даруухан зантай гэгддэг О.Уянга өнгөрсөн жилийн өдийд БНХАУ-ын Shandong их сургуулийн шилдэг оюутнаар тодорсон. Топ модель гэх хүндтэй өргөмжлөлийн эзэн болсон даруйдаа мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр урд хөршийг зорьсон тэрбээр эх орондоо болон гадаадад зохиогдсон миссийн тэмцээнүүдээс ч шагнал гардсан удаатай.

Гоолиг сайхан бүсгүйн амжилтын нууцыг түүний хичээллэдэг иог, спортын төрлүүдтэй холбож тайлбарлах нь их боловч О.Уянга гэрийн хүмүүжил, хувь хүний дотоод зохион байгуулалттайгаа холбож үзэх нь бий. Юутай ч гэрийн сайн эзэгтэй, хүүхдийн халамжтай ээж болохоор сэтгэл догдлон яваа топ бүсгүй маань 13 килограмм жин нэмсэн зургаа өөрийн цахим хуудсаар дамжуулан найз нөхөддөө харуулсан байна. Хөл хүндтэй болоод царай нь шингэрч, улам л жавхаалаг харагдаж буй О.Уянгад найзууд нь “Эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ хамгийн сайхан харагддаг гэдэг нь үнэн. Миний найз үнэхээр сайхан, бас улам өнгөлөг харагдаж байна шүү” хэмээн баяр хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top