Хүний хөгжил сангийн мөнгө олгох ажил өнгөрсөн оны 12-р сарын 31-нээр дуусгавар болсон. Хуульд “Монгол Улсын иргэн бүрт” гэж заасан учраас бичиг баримтын зөрчилтэй, улсын бүртгэлд ороогүй, цахим үнэмлэхээ аваагүй гэх мэт зөрчилтэй иргэдийн мөнгийг энэ онд багтаан олгоно гэдгийг оны өмнө мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн сарын сүүлчээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Хүний хөгжил сангаас мөнгөө огт аваагүй болон дутуу авсан иргэдийн судалгаа гаргаж, эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүмүүсийн тоог үндэслэн, улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгуулсан гэдгийг мэдэгдэж энэ сараас мөнгийг гүйцээж олгоно” хэмээсэн билээ.
ХАХНХЯ-ны зүгээс “Сангийн яамнаас санхүүжилт өгвөл өнөө, маргаашгүй 21 мянган төгрөгийг олгоход бэлэн” гэх хариу өгөөд байна. Учир нь “Уул уурхай, ашигт малтмалын олборлолт эхэлж байгаатай холбогдуулан Хүний хөгжил санд тодорхой хэмжээний орлого төвлөрүүлж, улмаар 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдэд нөхөн олгохоор төлөвлөсөн байна. Гэтэл уул уурхайн экспортын орлого бага, сонгууль давхцаад хойшилж магадгүй болжээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд 21 мянган төгрөгийг гүйцээж олгох хүсэлт ирүүлсэн ч өнөөдрийн байдлаар төсөвт тусгагдсанаас гадна Хүний хөгжил санд ямар нэгэн орлого төвлөрөөгүй, бүрдүүлэлт хангалтгүй байгаа гэнэ. Энэ долоо хоногт ХАХНХЯ -ны удирдлагууд хуралдаж, хэзээнээс олгохыг шийдэж, олон нийтэд мэдээлнэ” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )