Элсэлтийн шалгалтандаа өөр хүн оруулахыг завджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 18

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодруулга авлаа. 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 43875 хүн бүртгүүлснээс хэд нь шалгалт өгсөн бэ?

-Давхардсан тоогоор 183859 хүн шалгалт өгөх ёстой байсан. Хамрагдагсдын тоог нэгтгэж үзэхэд 177127 хүн шалгалт өгчээ. Энэ нь бүртгүүлсэн хүмүүсийн 96.3 хувь нь. Үлдсэн 3.7 хувь нь хоцорсон, бичиг баримтаа мартсанаас, эсвэл ирээгүй гэх мэт шалтгаанаар шалгалт өгч чадаагүй. Шалгалтын хариуг энэ долоо хоногт багтаан өдөр тутмын сонинуудад нийтэлнэ. Хариултын хуудас дээрх тэмдэглэгээг тусгай зориулалтын машинаар уншуулж оноог гаргах бөгөөд долдугаар сарын 1-нд шалгуулагчийн мэйл хаягаар явуулна. Мөн манай төвийн www.eec.mn гэсэн цахим хаягийн шалгуулагчийн булангаар, эсвэл 133233 тусгай дугаарт мессеж бичин, оноогоо мэдэх боломжтой. Батламж хуудсыг долдугаар сарын 1-5-нд хэвлэж, тараана.

-Шалгалтын явцад хэр зөрчил гарав?

-Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд зааснаар шалгуулагч өөрийн оронд өөр хүн оруулахыг оролдох, шалгалтын танхимд гар утас болон мэдээлэл дамжуулах хэрэгсэл, тооны машин, томъёоны хураангуй ашиглах, бусдад туслах, тусламж авахыг оролдвол элсэлтийн шалгалтад хоёр жил хүртэлх хугацаагаар оруулахгүй байх, оноог хүчингүй болгодог. Энэ удаагийн шалгалтын үеэр хоёр хүүхэд өөр хүн оруулахыг завдсан учраас элсэлтийн шалгалтад орох эрхийг нь хассан. Мөн нэг хүүхэд мессеж бичихийг оролдсон тул оноог нь хүчингүй болголоо.

-“Фэйсбүүк” хуудаст элсэлтийн ерөнхий шалгалтын материалын зураг оруулсан байсан. Энэ талаар?

-Зургийг хэн оруулсныг бид шалгаж байна. Шалгалтын явцад авсан, эсэхийг тогтооно. Шалгуулагч шалгалтын дэвтрээ авч гардаг. Түүнийгээ “Фэйсбүүк”-т тавьсан байх магадлалтай. Уг нь 20 хүртэлх хүүхэдтэй танхимд хоёр хянагч багш ажилласан учраас ийм үйлдэл гарах боломжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top