Монголын уламжлалт шашин, соёлын мөн чанарыг судлан хүн ардад таниулах үүднээс анх буяны үрийг тарьсан Г.Буяндэлгэр 2008 оны 11 сарын 01-ний билэгт сайн өдөр эрхэм нөхдийнхөө хамтаар “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийг байгуулж байжээ.
Тус төв нь 2010 оны 11 дүгээр сараас эхлэн “Монгол Ганжуур, Данжуурын хөрвүүлгийн төсөл” хэмээх төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн. Хүн төрөлхтний оюуны их өв болсон дорнын их нэвтэрхий толь буюу Бурханы шашны их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг нийт Монголчуудын хүртээл болгохоор крилл бичигт буулгах ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд өдгөө 2 жилийн нүүрийг үзжээ.
Монголын Ганжуур, Данжуур тэргүүтэй Буддын гүн ухааны эх сурвалж, мэргэдийн түүх цадигийг кирилл бичигт хөрвүүлж, түгээн дэлгэрүүлэх үүднээс монголын уламжлалт мэдлэг ухаан, ёс заншил, түүх соёлын охь шим болсон оюуны үнэт бүтээлүүдийг судлан шинжилж хүн ардаа соён гэгээрүүлэх үйлсийг бүтээж байгаа билээ.
Учир нь Монголын үнэт өв болох энэхүү номыг манай өвөг дээдэс бурхан багшийн ариун нандин сургаалыг олон жилийн өмнө эх монгол хэлнээ орчуулан бидэнд үлдээсэн ч өдгөө хүртэл түүнийгээ судалж утгыг таньж, учрыг нь нарийн сайн ойлгоогүй явж байна.
Нөгөө талаас монголын ирээдүй болсон залуус гадны соёлд хэт автан монгол соёл, эх хэлээ үгүйсгэж эх орон ч бахархлаас холдож байгаатай холбоотой юм.
Нийтдээ 400 боть байгаагаас одоогоор дээж болох 100 ботийг хөрвүүлэн орчуулснаас 60 ботийг хэвлүүлсэн байна.
Тус төв нь 5-аас дээш жил Буддын гүн ухаан, Буддын судлал, Монгол хэл бичиг, Санскрит хэл, Түвд, Манж, Хятад хэл судлал мэргэжилээр суралцаж бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй боловсон хүчээр хангагдсан бөгөөд нийтдээ 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн МУИС-ийн дадлагын оюутнууд ирж ажиллаж байгаа юм байна. Тухайн төв нь Монголын өв болох Ганжуур Данжуурыг олон нийтийнхээ тус дэм хандив өргөлөөр бүтээж байгаа бөгөөд олны хүчээр бий болгож байгаа гэдгээ хэлж байсан юм.
Х.Алтанхуяг: Ганжуур, Данжуурыг хөрвүүлэх ажил шинийн саран мэт дэлгэрч байна
Ийнхүү Монголын үнэт өв болох Ганжуур, Данжуурын талаар “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн лам Х.Алтанхуягтай ярилцлаа.
-Энэхүү номын төсөл нь хэдий хугацаанд яаж үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ номын төсөл нь 5.5 жилийн хугацаатайгаар 2010 оны 11-р сард эхэлсэн бөгөөд одоогоор 2 жилийн нүүр үзээд явж байна. Ажил маань маш амжилттай шинийн саран мэт өдрөөс өдөрт дэлгэрч байна. Яг өнөөдрийн байдлаар бид санхүүгийн хувьд аль нэгэн дэмжлэг туслалцаа компани, пүүс улс орноос бүрэн хэмжээний санхүүжилт авдаггүй. Өөр өөрсдийн болон нийт монголын ард түмний хүчинд санхүү мөнгөө босгож 30 орчим залуучууд ажиллаж байна. Үүний 80-90 хувь нь лам нар 20-10 хувь нь н.Чоймоо багшийн шавь нар буюу их сургууль төгссөн оюутан залуучууд байгаа. Мөн 15 оюутан ирсэн дадлагын журмаар ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаанд маань зөвхөн лам хүмүүс ажиллах биш эрдмийн зөвлөлийн хүмүүстэй хамтран ажилладаг.
- Ганжуур, Данжуур нь буддын шашны бүх сургаалын онол байдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөч?
-Ганжуур, Данжуур нь Буддын их ухааны том хоёр эх сурвалж нь юм. Буддын сургаалийн бүх сургаал онолын цогц нь Ганжуур,түүний тайлбар нь Данжуур юм. Тодруулбал Ганжуур нь суурь онол нь данжуур нь тайлбайр буюу арга зүй нь юм. Энэ хоёр бүтээл нь өөрөө шашны сургаал бол мөн. Гэхдээ шашны төдийгүй шинжлэх ухааны том бүтээл. Хүн төрөлхтөн хорвоо дээр мэндлээд хэрхэн яаж амьдрах вэ? Орчлон хорвоогийн зүй тогтол юу байдаг вэ, гадаад сав ертөнц гэхэд дэлхий гараг ертөнц хэрхэн яаж бүрдсэн,түүнийх нь орчин зам хэмнэл жилдээ хэрхэн яаж очдог вэ гэхчилэнгээр тэр бүгдийн суурь онолууд мөн түүн дээр амьдарч байгаа шимийн амьтад /хүнээс ахуулаад бүхий л амьтад орно/ гадаад орчинтойгоо хэрхэн яаж зөв амьдрах энэ ухааныг бүгдийг энэ номон дотор гаргасан байгаа. Энэ бүгдийн зангилаа нь хүн байдаг учир нь байгаль дэлхийг өөрчилдөг нь, хөгжүүлж устгадаг нь хүн байдаг. Тэгэхээр хамгийн гол цөм нь хүн юм. Тийм учраас хүнийг зөв хөгжүүлж зөв боловсон гэгээрэлтэй байлгах юм бол хүн өөрөө байгаль ертөнц болон хүн төрөлхтөнд асар их гавъяа байгуулна.
-Үүнийг хэрхэн зөв хөгжүүлэх вэ?
-Зөв хөгжүүлэх олон арга байна. Шинжлэх ухаан бол ихэвчлэн танин мэдэх талаар нь боловсруулахыг хичээдэг. Харин Буддын гүн ухаан хүний дотоод оюуны хөгжил сэтгэхүйн хөгжил хоёрыг л нэгдмэл чанараар хөгжүүлэх, сэтгэхүйн зөв төлөвшил, оюун ухааны ухаалаг байдал гэгээрэл энэ хоёр хоорондоо нэгдэж чадвал хүн оюуны өндөр хөгжилтэй болно. Ингэснээрээ тухайн байгаа газраа зөв зохистой сайхан амьдарч чадна, бусдад аз жаргалыг түгээж чадна, бүтээн байгуулалтыг зөв хийж чадна, улс орноо зөв удирдаж хөгжүүлж чадна. Ийм л талаас нь авч үзэж сургадаг сургааль юм. Өөрөөр бол гариг эрхэс болон гадны байгаль дэлхийгээс хүнд үзүүлдэг нөлөөлүүд байна. Түүнийг хүн зөв энергээр өөртөө хүлээж авч, шим тэжээл аваад бусдад тусыг үйлдэх томоохон бүтээн байгуулалтыг хийхэд тухайн хүний боловсрол их чухал гэдэг юмыг л авч үздэг.
Ер нь дэлхий нийт бол магадгүй шинжлэх ухаан хүртэл хаашаа эргэж байна вэ? гэхээр юмсын хөгжил бол дотроо байна, нэн ялангуяа энергийн таталцлын хуулиар бүх юм хоорондоо шүтэлцээтэй боллоо гэдгийг хүлээн зөвшөөрөөд ганцхан юмыг судлах бус бүгдийг хооронд нь харьцуулж уялдуулж судлах, хүнийг хөгжүүлэх нь чухал юм байна гэдэг тал руу нь эргэсэн. Энэ үүднээсээ Буддын сургааль үнэ цэнэтэй болсон. Буддын сургаалийн юуг судлах вэ? гэхээр энэ хоёр эх сурвалж болох оюуны эх уурхай Ганжуур, Данжуурыг судлахыг эрхэм болгож байна. Магадгүй өнөөгийн хүн төрөлхтний боловсролын чиг хандлага ирээдүйд үүн рүү их орж ирнэ. Яагаад гэвэл хүнийг дотоодоос нь танин мэдэхийн тулд хүнийг хүн болгож хүмүүжүүлэхийн тулд хүн хүнээрээ байх энэ хорвоо дээр амьдарч байгаа ч гэсэн бусаддаа тустай амин хувиа хичээдэггүй болгож төлөвшүүлэхэд үүнийг судлах шаардлагатай. Ийм учрас дэлхий нийтээрээ үүн рүү хандаж байна.
-Ганжуур Данжуурыг англи хэл рүү хөрвүүлж байгаа гэсэн. Та нар хөрвүүлж байгаа юу?
- Англи хэл рүү Бутаны эзэн хааны зарлагаар Энэтхэгийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Бутаны лам нар хийж байгаа. Англи хэл рүү орчуулж байгааг та бүхэн www.84000.com гэсэн вэб сайтаар ороод үзээрэй.
-Энэ бүтээл нь хэддүгээр зууны үеийн бүтээл вэ. Монголд эх хувь нь байдаг уу?
-Монголчууд 8-р зуун, 13-р зуун, 16-р зууны буюу Лигдэн хааны үеэс Ганжуур, Данжуурыг монгол улсууд хотол олноороо бүтэн эхээр нь бүтээж ирсэн байдаг. Ийм сайхан оюуны цар хүрээтэй ажил юм. Яг эхээрээ байгаа нь үндэсний номын санд бий. Энэ нь одоо дэлхийн сонгодог бүтээл төдийгүй Юнескод бүртгэлтэй байдаг соёлын үнэт өв болсон. Наанаа бол соёлын үнэт өв цаанаа бол оюун ухааны сан хөмрөг юм. Үүнийг төв номын санд байдаг гээд билэгдлээр байлгаад яриад байхаар сонирхсон хүн болгон үзээсэй гэсэндээ крилл бичигт буулгах энэхүү ажил эхэлсэн юм. Крилл бичгийг өнөөдөр бүх монголчуудын нийтлэг хэрэглээ болчихсон. Тэр бүү хэл буриад, орос, европын зарим орнуудад крилл бичигтэй орнууд бий. Тэдэнд ч уншихад дөхөм болж байгаа бөгөөд крилл бичгээр дамжуулаад цаашлаад ШУ-тай холбоод судлахад боломжтой юм. Нийтээрээ танин мэдээсэй гэдэг үүднээс крилл бичигт буулгаж байгаа. Крилл бичиг дээр буулгачихвал хэн ч гэсэн аваад сөхөөд хардаг болно. Хэлбэрээ өөрчлөөд утга бол хэвээрээ ингэж гарч ирж байна. Одоогоор 400 боть хөрвүүлэхээс 100 орчим ном бүрэн хөрвүүлэгдсэн байгаа бөгөөд ганжуурын найман боть гарсан, Данжуур нь 54 боть гарсан байгаа.
Энэхүү төсөлд монголчууд нийтээрээ оролцож бүтээж байгаа л ажил түүнээс бид хэдхэн хүмүүс хийж байгаа ажил биш, биднийг гэсэн хэн бүхний сэтгэл зүрх энд орж ерөөл, энерги болж ингэж л бүтээж байгаа ажил юм. Нийтээрээ оюуны том бүтээн байгуулалтыг л хийж байна гэсэн үг юм. Та бүхэн ч бас бидэнд маш их тус болж байна. Нийтэд мэдээллэнэ гэдэг бол та бүхний үүрэг ч гэлээ бидэнд асар том өглөг болж байна. Та бүхний мэдээг хараад олон хүн мэдээлэл авч бид нар руу хандана, хөрөнгө санхүү, сэтгэл санаа, эд материал дэмжлэг туслалцаа бий болно. Манай энэ төсөл санхүүгийн тал дээрээ ил тод байгаа. Олон нийтийнхээ, ард түмнийхээ хандив тус дэмээр явж байгаа. Нийт олноороо энэхүү Ганжуур Данжуур хэмээх Бурханы судар номондоо оролцохыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 2 )
ta deerh utsaar holbogdooroi
ih saihan yumaa yaj holbogdoj handiw uguh ew